Categories
мэдээ нийгэм

Импортын өвс тэжээлийг ирэх оны 7 дугаар сар хүртэл татвараас чөлөөлөв

ЗурагУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ оны ургац хураалтын дүнгээс харвал, 2017-2018 оны хүн амын хүнсний хэрэгцээт улаанбуудайн 40 гаруй хувийг хураан авсан бөгөөд 225,0 мянган тонн улаанбуудай дутагдахаар тооцоо гарчээ. Мөн ирэх оны тариалалтад шаардлагатай 60.0 мянган тонн үрийн буудайны 6.0 мянга орчим тонныг дотоодоосоо бүрдүүлж чадахаар байгаа юм. Өвс, тэжээлийн хангамжийн тухайд 400 гаруй мянган тонн өвс, 51.0 мянган тонн хүчит тэжээл дутахаар байгаа тул дээрх хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлжээ. Өөрөөр хэлбэл, тэдгээр дутагдаж буй хүнсний болон үрийн буудай, өвс тэжээлийг ирэх оны зургадугаар сарыг дуустал дээрх хоёр татвараас чөлөөлөхөөр тусгасан.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг энэ үеэр гишүүдийн асуултад хариулахдаа, “Улсын хэмжээнд жилд 1.2-1.4 сая тонн өвс тэжээл шаардлагатай байдаг. Гэтэл энэ жил нийт нутгаар гандуу байснаас энэ хэмжээний өвс тэжээл бэлтгэж чадаагүй. Энэхүү хууль батлагдвал бүх аймгуудад өвс тэжээл хуваарилана. Ирэх сарын 15 гэхэд тэжээлийг орон нутгуудад тарааж эхэлсэн байна. Ингэснээр малчдад хөнгөлөлттэй үнээр өвс тэжээл зарах буюу эсвэл мал махаар солих ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна. Ер нь манай яаман дээр шуурхай ажлын хэсэг ажиллаж, аймгуудаас цаг үеийн мэдээ мэдээллийг авч байгаа. Баруун аймгуудад цагийн нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байна” гэсэн тайлбар өгч байв .

Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад олонх дэмжсэнээр хууль батлагдлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *