Засгийн газрын 2016 оны “Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох тухай” 185 дугаар тогтоол батлагдсантай холбогдуулан өчигдөр Аж үйлдвэрийн яам үйлдвэрлэгч, мэргэжлийн холбоодтой санал солилцжээ. Зөвлөгөөнд Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү болон холбогдох албаны хүмүүс, мэргэжлийн холбоод, дотоодын үйлдвэрлэгч аж ахуй нэгжийн төлөөлөл бүхий 100 гаруй хүн оролцсон байна.
Энэ үеэр дотоодын үйлдвэрлэгчдийн борлуулалтыг нэмэгдүүлэх, зах зээлээ хамгаалах зорилгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнийхээ талаар танилцуулжээ.Тухайлбал, ирэх сарын 1-ээс 100 гаруй нэр, төрлийн бараа, бүтээгдэхүүнд импортын тарифын зохицуулалт хийсэн талаар мэдээлсэн байна.
Өөрөөр хэлбэл, өмнө нь улсын хилээр таван хувийн татвар төлж орж ирдэг байсан импортын 100 гаруй бараа, бүтээгдэхүүний гаалийн албан татварын хувь хэмжээг 15-20 хүртэлх хувиар нэмэгдүүлжээ.