Дэлхийн тэргүүн баячуудын нэг Илон Маск технологийн салбарт тэргүүнд алхаж байгаа хэд хэдэн компанийг эзэмшдэг.
Тэгвэл түүний үүсгэн байгуулсан “Neuralink” компани аливаа гэмтлийн улмаас мөчдийн үйлдэл нь саажсан хүний мэдрэлийг сэргээх, үүргийг нь нөхөх үүрэгтэй бүтээгдсэн чипийг хүний тархинд анх удаа суулгаснаа зарлав.
Энэ компани өнгөрсөн жил АНУ-ын Хүнс, эмийн зохицуулах хорооноос хүний тархинд суулгадаг чипний зөвшөөрлөө авсан аж. Анх удаа хүний тархинд суулгасан уг чип амжилттай ажиллаж, нуруу нугасны мэдрэлтэй холбогдож байна гэж Илон Маск өөрийн Х цахим хуудастаа нийтэлжээ. Илон Маск энэ тархины чипээ “телепат” буюу бодол уншигч гэж нэрлэнэ гэж цахим хуудсаараа жиргэсэн байна. Neuralink компани дөрвөн мөч нь саажсан хүмүүс тархины чипээ бодлоороо удирдаж, дөрвөн мөчөө хөдөлгөдөг, цаашлаад босч явж чаддаг болгохыг зорьж байгаа ажээ.
Иймээс энэхүү чипийг суулгах хүмүүс нь 22 нас хүрсэн дөрвөн мөч нь саажсан, эсвэл нуруу нугасны мэдрэл гэмтсэнээс босч чадахгүй болсон хүн байх юм байна. Саажсан хүний биед суулгах энэхүү чип нь утасгүй сүлжээгээр холбогдон биеийн мэдрэлийн тогтолцооны үүргийг гүйцэтгэх гэнэ. Энэхүү чип нь мөн утасгүй холбоогоор цэнэглэгдэх аж. Цаашид энэхүү тархины чипний технологи нь гар утас, таблет зэрэг төхөөрөмжтэй утасгүй сүлжээгээр холбогдож, хэрэглэгч өөрөө бодлоороо энэ төхөөрөмжүүдээ удирдаж болдог болгохоор зорьж байгаа юм байна.
Г.АМАРСАНАА