“Монголд их сургууль-үйлдвэрлэлийн хоршил
хэрэгтэй юү” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн
дэргэдэх Иргэний танхимд болов. Хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн
Тамгын газар, БШУЯ, Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их
сургууль, Сургалт судалгааны “Либерал хаус” клуб хамтран зохион байгууллаа. Уг
арга хэмжээгХБНГУ-ын Аахений RWTH Технологийн их сургуулийн ректор асан доктор,
профессор Буркхард Раухут, БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн газрын дарга,
доктор Б.Даваасамбуу, Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их
сургуулийн захирал, доктор Ч.Алтаннар, Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөц, сургалт
эрхэлсэн дэд захирал С.Сувдаа, тус үйлдвэрийн хөгжлийн асуудал эрхэлсэн захирал
Б.Намхайнямбуу нар хөтөлж явуулсан юм. Хэлэлцүүлэгт их, дээд сургуулийн багш
нар, эрдэмтэн судлаачид, үйлдвэрлэлийн төлөөлөл оролцож санал бодлоо
илэрхийлэв.
Хэлэлцүүлгийг
санаачлан зохион байгуулсан Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн
их сургуулийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ХБНГУ-ын Канцлер Ангела
Меркел нарын санаачлагаар байгуулсан бөгөөд 2013 оны есдүгээр сард анхны
хичээлийн жилээ нээсэн төрийн өмчийн отгон их сургууль юм. Тус сургууль нь
эдийн засгийн тогтвортой хөгжлийн төлөө олон улсын сайн туршлага болон
тэргүүлэх стандартыг Монголд хэрэгжүүлэх, Монголын дээд боловсролын шинэчлэлийн
түүчээ болж Азийн бүс нутагт инженер технологийн мэргэжилтний шинэ үеийг
бэлтгэх зорилготой юм байна.
Хэлэлцүүлгийг
нээж Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөц, сургалт эрхэлсэн дэд захирал С.Сувдаа
хэлэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн гуравдугаар сард их,
дээд сургуулиудад “Хөгжлийн асуудлаар…” сэдэвт лекц уншихдаа Монголд шинжлэх
ухаан-технологийн каластр байгуулж, мэдлэгийг сургалт, судалгаанаас үйлдвэрлэл
болгох бодлого, санаачилга дэвшүүлснийг онцолж байлаа.
Холын зочны
үгийг эхэлж сонсдог монгол заншлаар ХБНГУ-аас ирсэн доктор, профессор Буркхард
Раухут хэлэлцүүлгийг эхлүүлсэн юм. Тэрээр “Аливаа нийгэм мэдлэгт суурилдаг.
Өмнөх нийгмүүд тухайн үеийнхээ мэдлэгт суурилж дараагийн үе рүүгээ шилжсэн
байдаг. Харин орчин үед энэ шилжилт илүү хурдацтай болж байна. Их, дээд
сургууль олноор бий болж, олонх нь шинжлэх ухаан-технологийн чиглэлээр үйл
ажиллагаагаа явуулж байна. Боловсролын чиглэл өөрчлөгдөж, шинэ мэдлэг бий
болгохын тулд үйлдвэрлэл, бизнесийн салбартай хамтран ажилладаг боллоо. Шинэ
мэдлэг амьдралд нэвтрэх хугацаа богиноссоор байна. Их, дээд сургуулиуд компани
байгуулдаг боллоо. Энэ бүхэн дэлхий нийтэд нийтлэг чиг хандлага болж байна. Их,
дээд сургуулиуд мөнгийг мэдлэг, мэдлэгийг мөнгө болгон хувиргадаг тул их, дээд
сургууль-үйлдвэрлэлийн хоршил нэн чухал юм” гэлээ. Тэрээр мөн “Үйлдвэрлэл-их,
дээд сургууль хоршин ажиласнаар нэгдүгээрт, компаниудын хувьд хамгийн сүүлийн
үеийн технологийн талаар цаг алдалгүй мэдээлэл авах, үйлдвэрлэлд тулгамдсан
бодит асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй, тодорхой шийдэл олох, ирээдүйн
боловсон хүчнийг хамтын ажиллагааны явцад сонгон авах боломж бүрддэг.
Хоёрдугаарт, их, дээд сургуулиудын хувьд үйлдвэрлэлд тулгамдаж байгаа
сорилтуудын талаар бодитой мэдээлэл авч, судалгаа, сургалтдаа тусгах, туршилтын
ажил, дадлагыг үйлдвэрэллийн бодит орчинд хийснээр үйлдвэрлэлд хэрэгтэй
мэргэжилтнийг бэлтгэх, судалгаа явуулах санхүүгийн эх үүсвэртэй болох ач холбогдолтой”
хэмээн онцолж байв.
Монгол-Германы
хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн захирал, доктор Ч.Алтаннар
хэлэхдээ “Манай сургууль нь эрдэс баялаг олборлох, боловсруулах аж үйлдвэрийн
улсын болон хувийн салбарын хэрэгцээг хангах замаар мэргэжилтэй ажиллах хүчин
бэлтгэж, Монгол Улсын дотоодын үйлдвэрлэлийн нэмүү өртгийн түвшинг
нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахаар зорьж байгаа бөгөөд сургалт судалгааг
үйлдвэрлэлийн бодит практиктай нягт уялдуулж байгаа нь сургуулийн нэг онцлог
юм. Тус сургуулийг байгуулахаас өмнө буюу 2012 оноос 80 гаруй үйлдвэрт судалгаа
хийж хамгийн хэрэгцээтэй гурван мэргэжлээр оюутан сургаж байна. Монгол Улс
мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн бараг экспортлодоггүй, гол төлөв түүхий эд гадагш
гаргадаг. Одоо бүтээгдэхүүндээ мэдлэг, нэмүү өртөг шингээж гаргах хэрэгтэй.
Үүнд их, дээд сургууль-үйлдвэрлэлийн хоршил чухал” гэлээ.
Монголын
хувьд өмнөх нийгмийн үед их, дээд сургуулиуд үйлдвэрлэлтэй хамтран судалгаа
явуулж, оюутны дадлагыг үйлдвэрлэл дээр хийлгэдэг байсан практик сүүлийн 20
жилд нэлээд хумигдсаныг хэлэлцүүлэгт оролцогчид дурдаж, үүнийг сэргээн
эрчимжүүлэх шаардлагатай гэж байлаа. Мөн үйлдвэрүүд дэргэдээ судалгааны төв
байгуулах, шинжлэх ухаан, технологи, инновацын салбарт хууль эрх зүйн орчинг
сайжруулах, төрөөс бодлогоор дэмжих шаардлагатай байгааг дурдаж байсан юм.
Шинжлэх
ухаан, технологийн салбарын хүний нөөцийг яаралтай шинэчлэх шаардлагатай
болжээ. Хуучнаар ЗХУ болон гадаадын бусад оронд бэлтгэгдсэн өндөр мэргэшилтэй
инженер, техникчдийн тэтгэврийн нас ойртсон тул тэдний залгамж халааг нэн даруй
бэлтгэх хэрэгтэй гэдгийг оролцогчид анхааруулж байлаа. Их сургууль, үйлдвэрүүд
хөгжлийн төлөө хорших хэрэгтэй. Хөгжилд хүрэх зам нь технологи байдаг. Их, дээд
сургуулиудад байгаа оюуны их нөөцийг үйлдвэрлэлд ашиглаж хөрөнгө болгон,
үүгээрээ эргээд сургуулиудаа дэмжих боломжтой гэдгийг олон хүн хэлж байв.
Хэлэлцүүлэгт оролцогчид уг арга хэмжээг цагаа олсон хамгийн чухал сэдвийг
хөндөж чадлаа хэмээн дүгнэсэн юм.