Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан “Цэргийн алба хаагчдыг нөхөн хангах бодлогыг шинэчлэн, холимог тогтолцоог төлөвшүүлж, иргэдийн цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийх” зорилтыг хэрэгжүүлэхээр их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудад цэрэг-эх оронч үзэл, сэтгэл зүй, бие бялдарын өв тэгш хүмүүжил олгох зорилго бүхий цэргийн бэлтгэл сургалт явуулах “Цэргийн тэнхим”-ийг байгуулах эхлэл тавигдлаа. Энэхүү арга хэмжээг хэрэгжүүлэгч их, дээд сургуулийн анхдагч нь Монголын Үндэсний их сургууль болж Батлан хамгаалах яамтай санамж бичиг байгууллаа.
“Батлан хамгаалах яам, Монголын Үндэсний их сургуулийн хамтран ажиллах санамж бичиг”-т Батлан хамгаалах яамыг төлөөлж Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, Монголын Үндэсний их сургуулийг төлөөлж Монголын Үндэсний их сургуулийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Л.Мөнхбат нар даваа гаригт(08.28) гарын үсэг зурсан юм.
Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд “Цэргийн анхан шатны бэлтгэл” төслийг Монголын Үндэсний их сургуулийн нийт оюутнуудын хүрээнд, “Бэлтгэл офицер” төслийг тодорхой мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудын хүрээнд тус тус хэрэгжүүлэх юм байна. Үүний тулд эхний ээлжинд тус сургуульд Цэргийн тэнхим байгуулах бөгөөд батлан хамгаалах салбарын зүгээс тэнхимийн эрхлэгч, багшаар ажиллах боломжтой хүний нөөцийн судалгаа гаргах, тэднийг томилон ажиллуулахад мэргэжлийн туслалцаа үзүүлэхээр гэрээлжээ.