Японы мэргэжлийн сумо бөхийн 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслолын тов гарч, ирэх есдүгээр сарын 30-нд зодог тайлах ёслолоо хийхээр болжээ.
Тэрбээр 2018 он гарахын өмнөхөн нутаг нэгт сумочид гар хүрсэн асуудалд холбогдож, сумод хүч үзэх эрхээ хасуулахад хүрсэн билээ. Харумафүжи Д.Бямбадорж Япон дахь ажил хэргээ дуусгаад эх орондоо бүр мөсөн ирэхээр болсон юм. Тэрбээр боловсролын салбарт түлхүү анхаарч Монголдоо “Шинэ Монгол” сургууль байгуулаад байгаа аж.
Дашрамд сонирхуулахад, Харумафүжи Д.Бямбадорж 28 насандаа Японы мэргэжлийн сумо бөхийн Макүүчи буюу дээд зиндааны 2012 оны долоо, есдүгээр сард дараалан түрүүлснээр 70 дахь Их аварга цол хүртсэн юм. Тэрбээр гадаадын тав дахь, Монголын гурав дахь Их аварга /Ёкозүна/ цолтноор тодорсон билээ. Мөн 2016 оны шилдэг сумоч болж, Японы спортын өдөр тутмын хэвлэл болох “Хойчи Шимбү” сониныхон түүнийг 2016 онд болсон бүх башёд тогтмол өндөр амжилт үзүүлсэн хэмээн үнэлж энэхүү шагналыг хүртээлээ хэмээн онцолж байсан юм. Түүний багш Исэгахама Ояката бол мэргэжлийн сумогийн 63 дахь Их аварга Асахифүжи билээ. Харумафүжи Д.Бямбадорж удам залгасан ясны бөх бөгөөд түүний аав Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул. Үндэсний бөхийн Монгол Улсын заан Р.Давааням агсан, том ах Д.Баасандорж нь аймгийн начин, бага ах Д.Лхагвадорж улсын начин, авга ах нь МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж, үеэл нь улсын гарьд Н.Ганбаатар юм.