Categories
мэдээ цаг-үе

Йелийн их сургуулийн хуульчид “Харвони” эмийн асуудлаар АНУ-ын Хүнс, эмийн агентлагийг шүүхэд өгчээ

Элэгний вирустэй өвчтөнүүдийн хувьд “Харвони” хэмээх шинэ эмийг Монголд орж ирэхийг хүлээн хоног хугацаа тоолж буй. Арваннэгдүгээр сард ирнэ хэмээн албаныхан мэдэгдэж байсан ч эм орж ирэх хугацаа тодорхойгүй шалтгаанаар хойшлогдож, энэ сарын сүүлчээр ирэх чимээтэй. 1600 хүн уг эмийг эхний ээлжинд авахаар шинжилгээнд ороод хүлээж байгаа. Чухам энэ үед дэлхийд алдартай Йелийн их сургуулийн хуульчид “Харвони” эмийн асуудлаар шүүхэд хандсан мэдээлэл цөөнгүй хүнийг цочирдуулсан бололтой. Энэ мэдээллийг хүмүүст хүргээч хэмээн ШУТИС-ийн нэгэн багш манай сонинд хандсан юм. Энэ талаарх яриа хөөрөө өрнөж буй хурлын танхимд ормогцоо хуучин танилаа олж харав. Доктор Анн Алтман ардчилал, эмэгтэйчүүдийн оролцоо, хотын дүрэм, хотын татвар зэрэг олон асуудлаар монголчуудын урилгаар ирж, мэдээлэл өгч, зөвлөж байсан хүн. ШУТИС-ийн урилгаар тус сургуулийн багш, судлаачдад “Судлаачийн үүрэг хариуцлага ёс зүй, олон улсын мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл бичих аргачлал”-ын тухай лекц уншиж байсан доктор Анн Алтман санамсаргүй энэ сэдвээр эрэн сурвалжлах үүрэг гүйцэтгэжээ.

Доктор Анн Алтман Английн Кембрижийн их сургууль, Йелийн их сургуулийг төгссөн. Олон улсын нэр хүндтэй мэргэжлийн судалгааны сэтгүүлүүдэд сүүлийн гучаад жил 8000 гаруй судалгааны өгүүлэл редакторлож хэвлүүлсэн нэгэн юм. Судлаачийн ёс зүйн сэдвээр эхэлсэн яриандаа Йелийн их сургуулийн хуульчид “Харвони” эмийн асуудлаар шүүхэд хандсан тухай дурдсан нь олон хүний анхаарлыг татсан юм байж. Анн Алтман ийнхүү ярьж байна.

-Өчигдөр энэ талаар дурдаад өнгөрөхөд хүмүүс маш их сонирхсон. Тийм учраас энэ талаар судаллаа. Шүүхэд өгөхдөө бичгээр үндэслэл гаргадаг. Бичгээр гаргасан үндэслэлийг нь хайж олсон. Шүүхийн бичиг баримт нь интернэтэд байхгүй. Шүүх ажиллагаатай холбоотой Йелийн их сургуулийн профессорын нэрийг олоод, мэйл бичсэн юм. Би Монголд байна. Танай сургуулийн профессор Сидней Алтман (Сидней Алтман 1986 онд Нобелийн шагнал авч байсан, Йелийн их сургуулийн химийн профессор, тус сургуулийн алдартнуудын нэг.сурв)-ы эхнэр байна. Энэ эмийн тухай, компанийн тухай асууж тодруулмаар байна гэж бичсэн. Шүүхэд хандсан үндэслэл, бичиг баримтыг авах боломж байна уу гэхэд цагийн дараа хариу ирүүлсэн гэж Анн тайлбарлав. Би энэ мэдээллийг Монголын эрдэмтэн, судлаачдад тараасан. Би мэдээллийг хүргэлээ. Монголчууд та нар энэ мэдээлэлтэй танилцаад, бид үнэхээр баталгаагүй эмийн туршилтад орох гээд байна уу гэдэгт өөрсдөө хариу олоорой. Би энэ тухай яриад байгаа юм биш. Йелийн их сургууль дахь “Дэлхийн эрүүл мэнд шударга ёсны төлөө түншлэл” (Global Health Justice parthership) группээс гаргасан мэдээллийг та бүхэнд дамжуулж байгаа юм.

АНУ-д байдаг “Gilead sciences” компанийнхан гепатит С вирусийг эдгээдэг эм бүтээсэн гэж ярьж байгаа. Маш өндөр үнэтэйг нь бүгд мэднэ. Тэд Монгол Улсын иргэд сайн сайхан эрүүл энх байгаасай гэсэн үүднээс үнийг нь хямдрууллаа гэсэн. Үнэхээр тийм бол сайн л байна. Гэхдээ Америкийн Засгийн газар энэ эмэнд зөвшөөрөл олгосныг сэжиглэж байгаа байгууллага бий. Энэ асуудлыг анхаараад, сэжиглээд байгаа байгууллага бол зүгээр нэг хэн ч мэддэггүй төрийн бус байгууллага биш. Хэн ч танихгүй хэдэн хүн биш ээ. Йелийн их сургуулийн Хуулийн сургууль АНУ-даа нэгдүгээрт ордог. “Дэлхий нийтийн эрүүл мэнд, шударга ёсны төлөө түншлэл” гэж групп байдаг. Энэ хүмүүс мөнгөний төлөө ажилладаггүй. Хүмүүсийн төлөө ажилладаг юм. Энэ бүлэг Йелийн их сургуулийн Хуулийн сургуультай хамтраад, Харвони эмийн асуудлаар шүүхэд хандсан байна.

Эмийн компанийн зүгээс “Харвони” эм нь гепатит С вирусийг дарангуйлахаас гадна бүрэн эдгээдэг гэж мэдэгдсэн. Энэ эм маш үнэтэй. Хамгийн гол нь клиник туршилтын үр дүн нь тодорхой биш байгаа. Клиникийн туршилтын үр дүнг олон нийтэд ил тод мэдээлэх ёстой. Энэ мэдээллийн дүнд эмийн үнэ бодитой эсэх талаар хүмүүс санал бодлоо илэрхийлэх боломжтой болно. Үнэ бодитой эсэх, клиникийн туршилтын үр дүн тодорхой бус байгаа талаар асуудал яригдаж байна. Үнийг яаж тогтоосон, туршилтын үр дүнгийн тухай эмч, өвчтөн аль аль нь мэдэх эрхтэй. Мэдээлэл авах эрхдээ үндэслээд, үнийн талаар саналаа хэлэх эрхтэй, туршилтын үр дүн үнэн зөв эсэхэд хүмүүс үзэл бодлоо илэрхийлэх учиртай. АНУ-ын Хүнс, эмийн агентлаг (FDA) “Харвони” эмийг хурдавчилсан байдлаар зөвшөөрсөн. Хурдан зөвшөөрөхийн сайн, муу тал бий. Муу тал нь сөрөг нөлөөний тухай мэдээлэл байхгүй. Түүнээс гадна эмийн компаниас хамааралгүй, хөндлөнгийн хяналтын дүгнэлт чухал. Үүнийг хийж чадахгүй байгаа. Йелийн их сургуулийн хуульчдаас гадна Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд нь мөн “Дэлхийн эрүүл мэнд шударга ёсны төлөөх түншлэл” группт багтдаг. Америкийн Хүнс, эмийн агентлаг ямар хариу өгсөн гэхээр “Та бүхний асуултад хариулахын тулд 1- 2 жилийн хугацаа шаардлагатай” гэсэн. Мэдээж энэ хугацаанаас өмнө тодорхойгүй асуултынхаа хариуг авах зорилгоор шүүхэд хандсан. Эмч нар, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд, судлаачид юунд эмзэглэж байна гэхээр “Америкийн Хүнс, эмийн агентлаг эмийн компанийн дарамт, лоббинд орж зөвшөөрөл маш хурдан өгсөн” гэж сэжиглэж байна. Шинэ эмийг турших явцад алдаа гарч болно. Үр дүнг засч мэдээлж магадгүй. Зарим эмийн компани өмнө нь худлаа туршилт хийж, хуурамч мэдээлэл өгч, зөвшөөрөл авч байсан жишээг ч шүүхэд хандсан үндэслэлдээ дурджээ. Йелийн их сургуулийн хуульчид Америкийн Хүнс, эмийн агентлагийг шүүхэд өгсөн. Тус агентлагийн ажиллаж байгаа зарчим алдагдаж байгаа. Ялангуяа сүүлийн үед Хүнс, эмийн агентлаг яаран зөвшөөрөл өгчихдөг. Дараа нь “Ийм ийм тохиолдолд судалгаа хийгдээгүй, тодорхой мэдээлэл байхгүй” гэх мэтээр эмийн шошгон дээрх анхааруулгаа өөрчилсөн тохиолдол зүрхний эмэн дээр гарсан. Дахиад “Харвони” эмэнд зөвшөөрөл олгоод, “Вирус багатай хүнд богино хугацаанд хэрэглэнэ” гэсэн тайлбарын цаана тодорхой баримт, судалгаагүй байна гэж ойлгогдоно. Туршилтын тоо баримтыг авсан тохиолдолд эмийн үр дүн, аюулгүй байдал, сөрөг нөлөөний тухай мэдээлэл тодорхой болох юм. Америкийн Хүнс, эмийн агентлаг зарим эмэнд хурдан зөвшөөрөл өгсөн ч хэдхэн тооны хүн дээр туршигдсан байсан удаа бий. Зах зээлээс ямар нэг эмийг татаж аваад, өөр эмээр орлуулахын тулд хурдан зөвшөөрөл өгдөг байдал бас ажиглагдсан. Шүүхэд өгсөн хугацаа нь 2014 оны арванхоёрдугаар сарын 17. Түүнээс хойш бараг жил болж байна. Одоо болтол хариу ирээгүй. Туршилтын үр дүнг аваад эрсдэлтэй хүчин зүйлүүдийг нь шалгаж, хөндлөнгийн дүгнэлт гаргахад ч цаг зарцуулна. Яагаад туршилтын үр дүнг өгөхгүй, яагаад ийм нууц байгаа юм бэ гэдгийг та бүхэн бодооч. Эмийн зөвшөөрлийг хурдан өгсөн ч туршилтын үр дүнг хурдан өгөхгүй байгаа биз дээ” хэмээн Анн яриагаа төгсгөв.

Өнөөг хүртэл эм оруулж ирэхээр хөөцөлдөж буй талууд, улстөрчдийн дуу хоолойг монголчууд хангалттай сонслоо. Харин одоо “Харвони” эмийн талаарх Монголын эрдэмтэн, судлаачид, эмийн мэргэжилтнүүд байр сууриа илэрхийлэх цаг болжээ.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *