Categories
мэдээ нийгэм

Идэрийн голын гүүр нуржээ

Завхан аймгийн Их-Уул сумын Идэрийн голын 30 гаруй метрийн урттай модон гүүр дахин нуржээ. Хүнд даацын автомашин тус гүүрээр зорчих үед гүүрний мод хугарч, гүүр цөмөрсөн байна. Аймгийн Онцгой байдлын газраас шуурхай баг гарган ажиллаж байгаа аж. Ослын улмаас хүнд даацын машины жолоочийн бие нь сайнгүй байгаа гэх мэдээлэл байна. Уг нь хүнд даацын автомашин тус гүүрээр зорчихыг хориглосоор удаж байгаа ч жолооч нар хайхрамжгүй, болгоомжгүй байдлаасаа шөнө оройн цагаар зам товчилж гарсаар ийм байдалд хүрдэг байна. Тус гүүр нь олон жил ашиглагдаж хуучирч муудсан бөгөөд гамшгийн түвшинд хүрч байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Өмнө нь хэд, хэдэн удаа нурж байсан бөгөөд тухайн үед “амь аргацаах” арга хэмжээ аваад засаж, янзлаад өнгөрдөг. Тухайлбал, 2013 оны 9 дүгээр сард “Хово” маркийн хүнд даацын, 30 тонн цемент тээвэрлэсэн автомашин тус гүүрээр зорчиж явах үед тулгуур баганууд хугарч, дотогшоо цөмөрч байсан. Мөн 2014 оны гурвадугаар сард “8142 УНТ” улсын дугаартай шаланз маркын ачааны автомашин тус гүүрээр зорчиж явах үед гүүрний тулгуур багана хугарч, модон гүүр дундаасаа цөмөрсөн байна. Үүний дараа тодорхой хэмжээний хөрөнгө, мөнгөөр тус гүүрийг засварласан билээ.

Уг нь хуучин модон гүүрний хажууд 169 метр урттай төмөр бетон гүүр барих ажил хийгдэж байгаа юм. Тус гүүр төлөвлөгөөт хугацаагаараа бол аль эрт ашиглалтад орохоор болсон. Аль 2007 оноос хойш баригдаж эхэлсэн гүүр олон компани дамжиж явсаар өнгөрсөн хавар ашиглалтад орох сураг дуулдаж байсан ч өдийг хүртэл ашиглагдаагүй байна. Уг нь тус гүүр ашиглалтад орчихвол олон жолоочийн ажил хөнгөрч, олон хүн гарз хохиролд учрахгүй биз. Тус гүүрээр баруун аймгууд руу зорчих машины цуваа тасардаггүй. Урин, дулааны цаг ирж голын мөс хайлж байгаа энэ үед хуучирч, муудсан гүүрнүүдийг засаж сэлбэхгүй бол олон иргэдийн амь нас, эд хөрөнгөд аюул учирч болзошгүй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *