Монголын сүмогийн шинэ од Ичиножёо А.Ичинноров энэ сарын 9-нд эхлэх Кюүшюү башёод сэкивакэ цолтой барилдахаар болоод байгаа. Дээд зиндаанд хоёр дахь тэмцээндээ шууд сэкивакэ цолтой барилдах нь сүмогийн түүхэнд дээд амжилт болж буй. Мэргэжлийн сүмогийн олон амжилтыг шинэчлэн тогтоож буй түүний өмнө хамгийн хурдан озэки болсон, башёод түрүүлсэн зэрэг олон шинэ рекорд тогтоох зорилго хүлээж байгаа билээ.
Гэвч манай бөх сүүлийн үед өвчин хуучин, гэмтэл бэртэлд ороогдоод бэлтгэлээ хийж ч чадахгүй байгаа гэнэ. Есдүгээр сарын тэмцээнд тодорч эхэлснээс нь хойш хэвлэл мэдээллийнхэн даган хошуурч, одоо хүртэл дэвжээнийх нь гадна жижүүрлээстэй хэвээр. Гэнэт алдаршин, хэт олны анхааралд орсон нь Ичиножёогийн хувьд стресс, ядаргаанд орох шалтгаан болжээ. Хэчнээн аварга том, үлэмж биетэн ч 22 настай залуу хүү байнга анхаарлын төвд байх хэцүү зүйл. Намрын тойргийн барилдааны үеэр бүслүүр үлд-Herpes zoster өвчин тусан эмнэлэгт 10 хоног хэвтээд гарсан ч биеийн байдал сайжирсангүй. “Нэг л хүч чадал орохгүй байна. Хөл хөдөлж өгөхгүй сонин болоод” хэмээн ярьж байсан тул ояката багш нь түүнийг эмнэлэгт үзүүлжээ. Эмч нар шинжилгээ хийгээд “Аарцагны яс хэдэн милиметр зөрж, аарцагны ясанд гажуудал үүссэн байна. Байнга бэлтгэл хийдэг хүн эмнэлгийн орон дээр юу ч хийлгүй удаан хугацаагаар хэвтэхэд үүсдэг өвчин. Ичиножёо эмнэлэгт хэвтэж байхдаа өдөрт гурван удаа дусал хийлгэн, зургаан цаг хэртэй хөдлөхгүй хэвтдэг байсан нь нөлөөлжээ” гэж оношилсон байна. Ингээд Фүкүока хотноо бэлтгэл хийж байсан Ичиножёо маргааш буюу 5-ны өдрөөс эхлэн Осака хотын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр болсон байна. Хоёр өдрийн эмчилгээний дараа Фүкүокад эргэн ирж, 9-нд эхлэх тэмцээний бэлтгэлдээ дахин гарах юм.
Минато ояката “Аарцагны ясны гэмтлийг эдгээхэд тусгай ор хэрэгтэй байдаг. Худалдаад авах гэсэн боловч нэг сая иенээс үнэтэй эд байлаа. Тийм болохоор Осака хотын эмнэлэгт хэвтүүлэх болсон. 7,8-ний өдөр хоёр хоног хөнгөхөн бэлтгэл хийгээд тэмцээнд орно. Дээд зиндааны бөхчүүдтэй ер бэлтгэл хийж чадсангүй. Яах ч арга алга” гэж ярьсан байна.