Categories
мэдээ соёл-урлаг

“Ice top” хамтлагийнхан хар тамхины хэргээр саатуулагдлаа

Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан Говьсүмбэр аймагт нэгэн гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна.

Тодруулбал, Говьсүмбэр аймгийн Чойр хотод “Жигүүр гранд” группийн Ерөнхий захирал Д.Баттөрийн төрсөн дүү Хааны элч хэмээх Д.Дашдаваа “Гранд” нэртэй ресторанаа нээсэн байна. Ингээд нээлтийн үйл ажиллагаандаа хамтлаг, дуучдыг урьж оруулсан аж. Харин энэ үед ЗБГХТА-ныхан гүйцэтгэх ажиллагаа явуулахад “Айс Топ” хамтлагийн зарим гишүүд, “Дижитал” хамтлагийн ахлагч Баавар хочит Ш.Батбаяр болон тус хамтлагийн нэр бүхий зарим гишүүд, Д.Дашдаваа нарын 6 хүнийг хар тамхины төрлийн зүйл хэрэглэж байхад нь барьж, саатуулжээ. Тэдний нэгийг гадуур шалгаж байгаа бол бусдыг нь ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна.

Дашрамд дурьдахад, “Дижитал” хамтлагийн дуучин Ш.Батбаяр өнгөрсөн 2013 онд хар тамхины хэрэгт холбогдон, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдан шалгагдаж байхдаа түлэгдэж байв. Тухайн үед хамгаалалтад гарч байсан хорихын ажилтнууд Бааварыг “Эмнэлгийн зориулалттай хорих өрөөний нийлэг дулаалгыг хуулан авч толгойгоо бүтээгээд өөрийгөө шатаахыг оролдсон гэж мэдээлсэн ч тэр өөрөө “Надад өөрийгөө шатаах шалтгаан байхгүй, миний өрөөнд хэн нэг нь санаатайгаар гал тавьсан” хэмээн мэдүүлж байгаад батлан даалтад гарсан юм. Ингээд Ш.Батбаярт холбогдох хэрэгт анхан шатны шүүхээс 3.5 жилийн хорих ял оноосон бол Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээгээд хэрэгсэхгүй болгосон байдаг.

Үүнээс өмнө буюу 2006-2007 онд тэрээр мөн л хар тамхины хэргээр шалгагдаж байсан ч тухайн үед хамсаатнуудаа илчилснээр өөрөө ялаас мултарч, түүнтэй хамт шалгагдаж байсан 13 залуу 6 сараас 11 жилийн хорих ял авч байсан. Хар тамхи хил дамнуулан худалдаалсан, тээвэрлэсэн хэргээр ял сонссон тэдний дунд УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуугийн хүү С.Наранбат, “Айс топ” хамтлагийн дуучин Манлай, Коби болон дижи Өөжий зэрэг Монголын рок попын шинэ залуу “од”-ууд байлаа. Харин хэсэг хугацааны дараа Өршөөлийн хууль батлагдсанаар тэд эрх чөлөөтэй болсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *