Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

И.В.Рой: “Эрдэнэт” үйлдвэр хүндхэн нөхцөлд ч үүргээ нэр төртэй биелүүлж байна

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Игорь Владимирович Рой-той “Өдрийн сонин”-ы ерөнхий эрхлэгчийн орлогч Б.Цэнддоогийн хийсэн ярилцлагыг толилуулж байна. Монгол, Оросын хамтарсан үйлдвэрийн эргэн тойронд сүүлийн үед өрнөсөн зарим асуудлыг энд хөндөж ярилцсан юм.


-Сүүлийн хэдэн хоногт “Эрдэнэт” үйлдвэр нь хэвлэл мэдээллийн сонирхлыг татсан газрын нэг боллоо л доо. Ялангуяа удирдах багийнхны буруутай үйл ажиллагаанаас болж хувь эзэмшигч талуудын эрх ашиг хохирч байгаа гэж ойлгогдохоор ч зүйл харагдаж байна.

– Эхлээд уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн удирдах багийг бүрдүүлдэг, бодлогыг тодорхойлдог тогтолцоог хамтдаа тодруулцгаая. Таны асуултын хариу ч тэндээс тодрон гарна байх гэж бодож байна. Юуны өмнө “Эрдэнэт” бол Монгол, Орос хоёр улсын хамтын үйлдвэр, хоёр орны ард түмний дундын бүтээн байгуулалт. Монголын тал 51, оросын тал 49 хувийг тус тус эзэмшдэг. Хамтран эзэмшигч талуудыг төлөөлсөн Удирдах Зөвлөл буюу манайхны ярьж сурснаар “Совет” үйлдвэрийн хувь заяатай холбоотой бүхнийг шийддэг. “Совет”-оос зөвшөөрөгдсөн удирдлагын менежмэнт үйлдвэрийг удирдана. Удирдахдаа дээрээс буюу мөн л “Совет”-оос баталж өгсөн үйлдвэрлэл,санхүү, бизнесийн төлөвлөгөөний дагуу менежмэнтээ хийнэ.

Ингээд харахаар Монгол Улс ба ОХУ-ын Засгийн газар, хоёр талын үндэсний эрх ашгийг төлөөлсөн Удирдах зөвлөл л хамтарсан үйлдвэрийн бодлогыг тодорхойлдог, тэндээс томилогдсон менежмэнтийн баг уг бодлогыг хэрэгжүүлдэг гэсэн үг.

Энэ утгаараа хоёр орны ард түмний эрх ашиг, сонирхол энд бүрэн тусч байгаа гэдэгт итгэж байдаг. Энэ сонирхлыг тусгасан төлөөлөгчид удирдах багтаа итгэл үзүүлсээр байгаа гэдэг нь талуудын эрх ашиг тусгагдаж хамгаалагдсаар байгаа гэсэн санаа.

-Та өөрөө уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн удирдах багт багтаад хэр удаж байна.

-Би 2013 онд томилогдож ирсэн. “Эрдэнэт” үйлдвэрийг ерөнхий захирлаар ахлуулсан удирдлагын менежмэнт удирддаг гэдгийг дээр хэлсэн. Ийм болохоор намайг ирснээс хойш манай баг, манай хамт олны хийж бүтээсэн зүйлийн талаар яриагаа үргэлжлүүлье.

2013 оноос өмнөхөн зэсийн үнэ оргилдоо хүрч байсан. Өмнөх үеийн удирдах баг илүү их баялаг, өгөөжтэй үед, илүү их боломж, илүү их ашиг орлого дээр менежмэнтээ хийж байжээ гэсэн үг. Энэ нь бидний хэнээс ч хамаараагүй, дэлхийн зах зээлийн байдлаас л хамаарсан зүйл байсан.

Нэг тонн зэсийн үнэ 2012 онд 7949 ам.доллар байсан, жил дараалан буурсаар 2015 оны эхний 10 сарын байдлаар дундаж үнэ нь 5658 ам. доллар хүртлээ уруудсаныг та бүхэн биржийн мэдээллээс харж байгаа.

Манай багийн зорилго бол дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ тасралтгүй унаж байгаа хүнд үед арвилан хэмнэлтийн зохистой бодлогыг хэрэгжүүлэх замаар үр ашигтай ажиллах бүхий л боломжийг бүрдүүлэх явдал байсан. Бид зэсийн үнэ тасралтгүй буурч байгаа үед бүтээгдэхүүний өртгийг хямдруулах хөтөлбөр хэрэгжүүлсний үрээр өнөөдөр ашигтай ажилласан хэвээр байгаа. Нэг тонн зэсийн өртгийг 2013 онтой харьцуулахад 9.6 хувиар, 2012 онтой дүйцүүлэхэд 16.9 хувиар бууруулж чадсан нь манай хамт олны бас нэг амжилт. Манай үйлдвэр хамт олноо, Эрдэнэт хотоо, Орхон аймгаа авч явдаг төдийгүй, улсын төсвийн үлэмж хувийг бүрдүүлж өгдөг бөгөөд энэ үүргээ хүндхэн нөхцөлд ч гэсэн нэр төртэй биелүүлж байна гэж үзэж болно.

Үйлдвэрийн “Совет”-ын шийдвэрийн дагуу нь хоёр том төслийг хэрэгжүүлсэн нь Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл болон Эрдэнэт Медикал оношлогооны Төв юм.

-Арвилан хэмнэлттэй зэрэгцсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт гэж та Баяжуулах үйлдвэрийн өргөтгөлөө нэрлэлээ л дээ. Энэ бүтээн байгуулалт оновчтой болж чадсан уу, тэнд зарцуулсан хөрөнгийг хадгалсан нь дээр байсан юм биш биз гэсэн эргэлзээ бас байна?

-”Эрдэнэт” үйлдвэр жилд 26 сая тонн хүдэр боловсруулдаг байлаа. Харин өргөтгөл хийснээр энэ үзүүлэлт зургаан сая тонн хүртэл нэмэгдэнэ. Гэхдээ ашиглалтад орох кноп даруутаа л хүчин чадлаа бүрэн ашиглах боломж уул уурхайн ийм том үйлдвэрт байхгүй гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлээд өгнө.

Харин бид наадмын өмнөхөн нээж байсан баяжуулах үйлдвэрийн өргөтгөл саяын есдүгээр сарын байдлаар хүчин чадлынхаа 90 хувьд бараг хүрээд байна. Энэ бол манай хамт олны маш сайхан амжилтын нэг юм.

Бидний хийж буй нөгөө бүтээн байгуулалт маань “Эрдэнэт” үйлдвэр, эрдэнэтийнхэн төдийгүй нийт монголчуудад ач тусаа өгөх учиртай. Энэ бол хамгийн орчин үеийн, тодорхой хэлбэл 2014-2015 онуудад Япон, Солонгост бүтээгдсэн тоног төхөөрөмж бүхий эмчилгээ оношлогооны төв юм. Энэ төв оны сүүлчээр ашиглалтад орно.

Мэдээж хэрэг үйлдвэрийн удирдах зөвлөл буюу “Совет”-оор батлагдсан, дэмжигдсэн төлөвлөгөөний дагуу эдгээр бүтээн байгуулалтыг бид богино хугацаанд амжилттай хэрэгжүүллээ.

Нэмж хэлэхэд, үйлдвэрийн өргөтгөлийн байгууламжийг бүтээн босгох, ашиглалтад оруулах үйл хэргийг манайхан өөрснөө удирдан хэрэгжүүлсэн, харин гүйцэтгэх ажилд монгол, орос болон хятад компаниуд оролцсон.

-Хамтарсан үйлдвэрийн орлогоос Оросын тал хүртэх учиртай ногдол ашгийг өгөөгүй олон жил болсон тухай яриа гарч байна. Оросын талд ногдох ёстой мөнгийг хадгалж ч байсан. Одоо тэндээ байхгүй болсон, эргэлтэд оруулсан гэсэн янз бүрийн тайлбар сонсогдох боллоо.

-Асуудлыг, ялангуяа “Эрдэнэт” шиг аварга том бүтээн байгуулалттай холбоотой юмыг нэг талаас, ганц өнцгөөс өрөөсгөлөөр харж болохгүй.

Оросын талын 2012 оны ногдол ашиг дансанд хадгалагдсан байсан. Мөнгөн хөрөнгө нь үйлдвэрийн эргэлтийн хөрөнгөд чиглэгдсэн, үүний зэрэгцээ техникийн шинэчлэл болон дээр дурдсан төслүүдийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтад чиглэгдсэн.

Үйлдвэрийн өөрөө нунтаглах өргөтгөл ашиглалтад орсны үрээр манай нэмэгдэл орлого 11 сая ам.доллар болсон. Наадмаас хойших хэдхэн сарын үзүүлэлт шүү дээ. Оны сүүлчээр 28 сая ам.долларт хүрнэ. Ирэх 2016 онд хэрвээ зэсийн үнэ 6200 ам.доллар орчимд хэлбэлзлээ гэж бодоход 120 сая ам.долларын ашгийг нэмж олох боломж бүрдэнэ. “Совет” буюу “Эрдэнэт” үйлдвэрийн удирдах зөвлөлийн шийдвэр зөв зүйтэй, бөгөөд ирээдүйгээ харсан шийдвэр байсныг манай өргөтгөлийн үйл явц, эхний үр ашиг харуулаад байна.

Монгол Улсын Их Хурал нь “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагааны талаархи Засгийн газар хоорондын гэрээнд өөрчлөлт оруулж өнгөрөгч аравдугаар сард соёрхон баталлаа. “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын хувь эзэмшигч нь “Ростех” корпораци болсон. Засгийн газрын хоорондын гэрээний дагуу 2012 он хүртэлх ногдол ашиг ОХУ-ын төсөвт шууд орсон. 2012 оноос Засгийн газрын хоорондын гэрээний дагуу ногдол ашиг хүлээн авагч нь улсын өмчит “Ростех” корпораци болсон.

Тийм учраас өмнө нь “Эрдэнэт” үйлдвэр нь “Ростех” корпорацид ногдол ашиг шилжүүлж чадаагүй юм. Өнөөдөр “Ростех” корпораци нь ногдол ашиг хүлээн авах эрхтэй боллоо.

-Хамгийн гол нь Оросын тал ногдол ашгаа гэнэт нэхэж байна. Мөнгийг “Эрдэнэт”-ийн өнөөгийн удирдлага дураараа өр зүйлд зарцуулсан учраас үйлдвэр өрөнд орчихоод бараг Монголын талд ногдох хувь хэсгээ зарахдаа тулсан ч юм уу гэсэн ойлголт олны дунд байна.

-Өнөөдөр үйлдвэрт “Ростех” корпорациас 2012 оны ногдол ашгийг төлөх тухай мэдээлэл байхгүй. Дараагийн жилүүдэд цэвэр ашиг хуваарилах болон ногдол ашиг төлөх асуудал нь зөвхөн компанийн “Совет”-ын эрх юм.

Үйлдвэр сүүлийн бүх жилүүдэд ашигтай ажиллаж байна. 2013 оны цэвэр ашиг нь 125 тэрбум төгрөг, 2014 оных 167.5 тэрбум төгрөг. Зэсийн үнийн маш огцом уналттай байсан ч (арваннэгдүгээр сарын 02-ны өдрийн байдлаар нэг тонн зэсийн үнэ 5137 ам.доллар) үйлдвэр нь 2015 оны эхний есөн сарын байдлаар алдагдалгүй бага хэмжээний ашигтай ажиллалаа. Үүний зэрэгцээгээр үйлдвэр дээр хямралын эсрэг хатуу арга хэмжээ авагдсан ч орон тооны цомхотгол хийгээгүй.

“Эрдэнэт” үйлдвэр нь Эрдэнэт хотын үндсэн суурь юм. “Эрдэнэт” үйлдвэр нь Орос, Монголын найрамдлын бэлгэ тэмдэг юм. Хамгийн сайхан анд нөхдийн нэг, дэлхийн хоёрдугаар дайны үед манай ард түмний тууштай үнэнч хамтрагч байсан гэж монголчуудаа бид хүндэлдэг бөгөөд үйлдвэр дээр Орос, Монголын хамтарсан мэргэжилтнүүд эв найрамдалтай ажилладаг.Монгол Улсад айлчлах үедээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин “Эрдэнэт”-ийг Орос, Монголын уул уурхайн салбарын амжилттай хамтын ажиллагааны хамгийн сайн жишээ бөгөөд үйлдвэрийн төлөвлөгөөнд технологийн бүрэн шинэчлэл багтаж байгаа гэж тэмдэглэсэн.

-Шилэн дансны хуулийг “Эрдэнэт” үйлдвэр мөрдөхгүй байна гэсэн шуугиан бас дэгдлээ л дээ.

-Шилэн данс бол шударга ёсыг хэрэгжүүлэх, ил тод байдлыг хангах хэрэгсэл гэдэг нь эргэлзээгүй. Гэхдээ нэг зүйлийг бодолцох учиртай. Улсын байгууллагууд нь нэг талаас татвар төлөгчдийн хөрөнгийг төсвөөр дамжуулан авч зарцуулдаг нэг хэсэг байна. Гэтэл улсын өмчөөр үйлдвэр худалдаа эрхлэн мөнгө олж түүгээрээ улсын төсвийг бүрдүүлж өгдөг бизнесийн газрууд ч бас байдаг.

Харин бизнес нь улсын мэдлийнх, хувь хүнийхээс үл хамааран өрсөлдөөн дунд оршин тогтнодог. Өрсөлдөөн учраас бизнесийн нууц гэж байдаг. Энэ нууцыг төрөөс хүлээн зөвшөөрдөг ба Монгол Улсын парламентаас баталсан нууцын тухай хуулиар энэ эрх хамгаалагддаг. Азийн уул уурхайн компаниудаас эхний аравт ордог Эрдэнэт үйлдвэр бол томоохон зах зээлийн, ширүүхэн өрсөлдөөн дунд оршдог. Арилжаа бизнесийн сонирхлын үүднээс өрсөлдөгч нараас нууцалж, зохих хүрээнд хадгалах мэдээлэл гэж “Эрдэнэт”-д бас байна.

Иймээс л энэ хуулийг хэрэгжүүлэх аргачлалыг гаргаж өгөх, түүнийгээ Байгууллагын нууцын тухай хуультай нийцүүлэх нь чухал юм.

Биднийг Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа гэвэл гүтгэлэг болно. Засгийн газрын www.gov.mn сайтад бид шилэн дансаа байршуулсан байгаа. Шилэн дансны хууль ёсоор бид өрийн бичиг болон өрийн баталгаа гаргасан эсэх, банкнаас авсан зээл, тендерт (худалдан авалтын) холбогдох мэдээллээ оруулсныг тэндээс үзэж болно. Компанийн бизнесийн бүхий л нууцыг нээлттэйгээр задлах нь компанийн үйл ажиллагааг ноцтойгоор хүндрүүлж, өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж болзошгүй юм.

-Манай уншигчдын сонирхсон сэдвээр ярилцлага өгсөнд баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *