Categories
мэдээ нийгэм

Гүүрийн засварт зарцуулсан хөрөнгийг буруутай этгээдээр төлүүлнэ

Энэ сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн Наадамчдын гудамж, Яармагийн гүүрэн дээр “Эрдэм транс” ХХК-ийн Hyundai Aerocity автобус, “Алтай констракшн” ХХК-ийн Kia Bongo автомашинтай мөргөлдөж осол гаргасан. Зам тээврийн ослоос улмаас долоон хүн гэмтэж, гүүрийн давхар босоо даацын панелийн нэг панель бүрэн эвдэрсэн юм. Одоогоор ослын шалтгаан болон буруутай этгээдийг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байгаа. Осол болсон өдөр холбогдох газрын мэргэжилтнүүд гүүрэн дээр очиж, үзлэг шалгалт хийж, дүгнэлт гаргажээ.

Мэргэжлийн Хяналтын ерөнхий газрын дүгнэлтээр “Гүүрэнд гарсан эвдрэл гэмтэл нь гүүрийн ачаалал даах чадварыг бууруулж, осол гарах нөхцөл үүсгэсэн байгаа учир эвдрэл гэмтлийг засварлаж, хэвийн байдал хангагдах хүртэл тус гүүрээр нэвтрэн өнгөрөх авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаав” гэсэн акт тавьжээ.

Мөн зураг төсөл зохиогчоос гүүрэнд гарсан эвдрэл гэмтлийг хэрхэн засварлах талаар технологи аргачлал, зөвлөмж, дүгнэлтийг гаргажээ. Дүгнэлтээр панелийг үйлдвэрийн хийцээр солих, гүүрийн эвдрэлтэй хэсгийг доороос нь дэр модон түр тулгуур хийх, гангийн цууралтаас хамгаалах зорилгоор засвар хийх хэсэгт дулаан байр барих, барьсан байрны доторх агаарын хэм+5 градусаас багагүй байх, засварын ажлыг гүүрийг угсарсан мэргэжлийн багийн тусламжтайгаар явуулах нь зохимжтой гэх мэт техникийн нарийн аргуудыг зөвлөжээ.

Түр гүүрийг хааснаар тухайн орчинд оргил цагуудад замын хөдөлгөөний түгжрэл үүсч, иргэдийн уур бухимдлыг төрүүлсэн гомдол ихээр ирж байгаа аж.

Иймд түр гүүрийн хэвийн байдлыг хангаж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дээрх дүгнэлтийн дагуу засварын ажлыг эхлүүлсэн. Гүүрийг засаж хэвийн байдалд оруулахад 77 сая төгрөг шаардлагатай гэж нийслэлийн Автозамын газраас мэдээлж байна. Тиймээс өчигдөр болсон нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэн түр гүүрийн засварын ажилд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж, ажлыг шуурхай дуусгахыг үүрэг болголоо. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн дагуу Яармагийн гүүрийн засварт зарцуулсан хөрөнгийг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *