Categories
онцлох-нийтлэл эдийн-засаг

Гурван том компанид зээл гаргасан Хөгжлийн банкны дэд захирал Я.Сод-Эрдэнээс бусад нь хариуцлага хүлээнэ DNN.mn

Хөгжлийн банкны гэх тодотголтой авлига, албан тушаалын томоохон гэмт хэргийн шүүх хурал 47 хоног үргэлжилсний эцэст өнгөрсөн лхагва гаригт завсарлаад байна. Шүүх бүрэлдэхүүн өчигдөр, өнөөдөр хоёр өдөр зөвлөлдөн, ирэх даваа гаригт шийдвэрээ танилцуулна. Шүүх байгууллагын түүхэнд хамгийн олон холбогдогчтой буюу дөрвөн аж ахуйн нэгж, 80 хүнийг буруутгаж шүүсэн уг шүүх хурлын шийдвэрээр хэн ямар авах нь удахгүй тодорхой болно.

Яллагдагчаар татагдсан 80 хүний дотор одоогийн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нар багтсан. Мөн Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр ч татагдаж, шүүх танхимд хэдэнтээ мэдүүлэг өгөв.

Прокуророос Н.Алтанхуяг, Н.Батбаяр нарыг 22.1.3-т зааснаар ялласан бөгөөд уг заалтад “Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасч таван жилээс 12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг Эрүүгийн хуулийн 22.1.2 буюу “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасч хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн зүйл ангиар ялласан байна.

Харин УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг Эрүүгийн хуулийн 22.4.2 болон 22.10.2 гэсэн зүйд ангиудаар яллажээ. Уг зүйл ангиудаар бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасч, 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ялтай юм.

Төрийн өндөр албан тушаалтнуудын дараа эрэмбэлэгдэж буй Хөгжлийн банкны үе үеийн удирдлагууд хэнд ямар ял төлөвлөсөн нь анхаарал татаж буй. Хөгжлийн банкны гэгдэх хэрэгт холбогдуулж шалгасан 80 хүний дунд Хөгжлийн банкны үе үеийн захирлууд, томоохон албан тушаалтай 37 хүн татагдсан байдаг. Тодруулбал, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат, Б.Батбаяр, дэд захирал Б.Чойжилжалбуу, Ч.Энхбат нарын 37 хүн багтжээ. Тэднийг ихэвчлэн Эрүүгийн хуулийн 22.1.2-т зааснаар буруутган яллаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, Н.Мөнхбат, Б.Батбаяр нар нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасч хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлэх магадлалтай байна.

Сар хагас үргэлжилсэн энэ том шүүх хуралд яллагдагчаар татагдсан хүмүүсийн 50 орчим хувь нь Хөгжлийн банкны хариуцлагатай албан тушаалтнууд. Гэвч хуулийнхан гол буруутай этгээдийг сугалж үлдээснийгээ өнөөдөр хүртэл тайлбарлаагүй байгаа юм. Тэр бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын ах Я.Сод-Эрдэнэ.

Я.Сод-Эрдэнэ нь Хөгжлийн банкны дэд захирлын албан тушаалыг хашиж байлаа. Түүнийг анх АТГ-аас “Бэрэн групп”, “Инжир”, “Баруун баян транс” компаниудын зээлтэй холбогдуулж Эрүүгийн хуулийн 22.1.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсаныг зарлаж байлаа. Гэвч Хөгжлийн банкны хэргийн шалгалт дуусах үеэр Я.Сод-Эрдэнийн хэргийг тусгаарлачихсан. Товчхондоо түүнийг энэ том хэргээс мулталчихсан гэсэн үг.

“Эрдэнэт” үйлдвэрт хэдэн тэрбумаар шахааны бизнес хийдэг, сүүлд Боловсролын сангийн зээлд хүүхдээ үнэ төлбөргүй сургасан зэргээр ёс зүйгүй үйлдлүүд ар араасаа хөвөрсөөр байгаа Я.Сод-Эрдэнээс бусад нь их, бага хэмжээгээр хариуцлага хүлээх нь тодорхой болж байна. Гагцхүү тэдний дунд зогсох ёстой хариуцлагатай албан тушаалтан байсан Я.Сод-Эрдэнэ дүүгийнхээ, намынхаа буянаар уснаас хуурай гарчихлаа гэж гэсэн холбогчид дунд, түүгээр зогсохгүй хуулийнхан, улс төрийн хүрээнд тархжээ.

Б.ЭНХЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *