Categories
мэдээ эдийн-засаг

ГУРВАН ГИЙГҮҮЛЭГЧ: Хүнсээ хамтдаа цуглуулъя

Айл өрхийн санхүүгийн зардлын чамлахааргүй хувийг хүнсний зардал эзэлдэг. Тиймээс энэ удаагийнхаа дугаараар уншигч таныг бидэнтэй хамт хүнсээ цуглуулахыг урьж байна.

Гийгүүлэгч-Сэржээ /Гадаадад амьдарч буй Монголчуудыг төлөөлнө/

Гэрийнхээ хүнсийг цуглуулах үед тэр ч чихрийг авчихмаар, энэ ч жимсийг идчихмээр санагдаад тооцоогүй зардал их гардаг шүү дээ. Тиймээс юун түрүүнд зардлынхаа бүтцийг гаргаад үзээрэй. Хамгийн түрүүнд танай гэр бүлийн хүнсний хэрэгцээнд зайлшгүй байх ёстой зүйлсийгтөрлөөр нь жагсаагаад, сард хэдий хэмжээгээр худалдан авахаа баримжаагаар бичих юм. Жишээ нь:

  • Мах – 8 кг*15000=120,000
  • Гурил, будаа – 20000
  • Хүнсний ногоо – 4*10000=40,000/7хоногт 10мянга/
  • Сүү цагаан идээ – 4*10000=40,000/7хоногт 10мянга/
  • Жимс жимсгэнэ – 4*15000=60,000/7хоногт 15мянга/
  • Бусад зардал – 40000 гэх мэтээр жагсаагаад бичээрэй.

Хүнснийхээ зардалд “бусад зардал” хэмээх ангиллыг оруулсан шалтгаан нь өөртөө хэт хатуу хандахгүй гэсэндээ тэр. Учир нь өөртөө хэтэрхий их хэмнэх гэсэн код суулгачихаар эсрэгээрээ бүр ч их мөнгө үрдэг талтай. Нэг ёсондоо хэмнэхдээ ч “аз жаргал”-тай хэмнэх нь зүйтэй юм. Тиймээс өөртөө бусад гэсэн нөөц төлөвлөөг заавал үлдээж байгаарай.

Ингэж төлөвлөсөн мөнгөндөө хүнсний зардлаа багтаахын тулд ямар арга хэрэглэдгээ тантай хуваалцъя.

ЗӨВХӨН НЯМ ГАРИГТ Л…

Биням гариг бүр ирэх 7хоногийнхоо хоолны цэсийг гаргадаг. Хоолны цэсээ хэрхэн гаргах вэ? гэж үү. Энэ нь тун амархан. Би нөхөр, охин хоёроосоо тухайн долоо хоногт ямар хоол идмээр байгааг асуудаг. Бас өөрийн идэх дуртайболон хийхэд амархан, мөн эдгээр хоолонд орсон материалыг ашиглаад хийж болох хоолнуудыг жагсаахад л тухайн 7хоногийн маань “Menu” бэлэн. Ингэснээр хүнсний ногоогоо хөргөгчинд хатааж хаяхаас сэргийлэхээс гадна хамгийн гол нь эрүүл хүнс хэрэглэх боломжийг олгодог.

“Menu” бэлэн болсны дараа би хүнсний зах явахаасаа өмнө заавалхөргөгчөө цэгцэлдэг. Хөргөгчинд байгаа хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг гаргаад ард нь дуусах хугацаа, задалсан он сар өдөр, ямар хэлбэрээр байгаа/махны хувьд татсан, цул мах эсвэл адуу, хонь, үхрийн мах гэх мэтээр ангилах, түргэн мууддаг ногоонуудыг хөлдөөх эсвэл даршлах/ зэргийг бичээд нэмж юу авахаа бичнэ. Хүнсээ цуглуулсны дараа жагсаалтаа хаялгүйгээр хөргөгчнийхээ нүүрэн дээр наачих. Энэ нь танд ирэх долоо хоногт хөргөгчөө цэгцлэхэд тань туслана.

Сарын болоод долоо хоногийнхоо хүнсний зардлыг тооцчихсон бол мөнгөө хэрхэн тооцоотой зарцуулах вэ?

ТАНД 6 ДУГТУЙ БАЙХАД Л ХАНГАЛТТАЙ

Бисарын эхэнд хүнсэнд зарцуулах мөнгөө 6 дугтуйнд хуваадаг. Эхний дугтуйн дахь мөнгөөрөө мах, гурил, будаа гэх мэт сардаа нэг авдаг, удаан хадгалдаг хүнсээ худалдан авна. Харин 2 дахь дугтуй маань гэнэтийн зардлын дугтуй. Үлдсэн 4 дугтуй нь тэнцүү хэмжээний мөнгөтэй. 7хоног бүр нэг дугтуйгаа сугалж аваад л хүнсний зах руу жирийлгэнэ шүү дээ.

Заримдаа жимс, сүү худалдан авах шаардлагагүй үед үлдсэн мөнгөө гэнэтийн зардлын дугтуйндаа хийдэг. Сарын сүүл болоход үлдсэн мөнгөө аяллынхаа хадгаламжруу хийчихнэ.Аялна даа гэсэн бодол маань надад бага ч гэсэн мөнгө үлдээх ухамсрыг суулгаж өгсөн шүү.

Хүн бүрийн хүнсний зардлаа тооцох арга нь өөр. Хэрэглээндээ үндэслэж зардлаа тооцох, эсвэл эхлээд зардлаа тооцоод хэрэглээгээ тааруулж болно. Гол нь эхний 1-2сардаа хүнсэндээхэдий хэмжээний мөнгө зарцуулснаа тооцож,худалдаж авсан бүх хүнс болон мөнгөө тэмдэглээд үзээрэй. Сарын сүүл эсвэл долоо хоногт зарцуулсан мөнгөө ангилаад үзэх юм бол хэдэн төгрөг хүнсэндээ төсөвлөж болох баримжаатай болно гэсэн үг.

Гийгүүлэгч Тогоо /олон нийтийг төлөөлнө/

Ам бүл 5-лаа амьдардаг манай гэр бүлийн хувьд цалин буухаар буюу сард 2 удаа хүнсний бүтээгдэхүүнээ цуглуулдаг. Олон хүнсний дэлгүүр, зах Барсаас бараагаа татдагийг мэдсэнээс хойш тэндээс авчихдаг. Үнэнээ хэлэхэд сэтгүүлчийн ажил ихтэй гэсэн шалтгаанаар олон жилийн турш би хүнсээ цөөн удаа цуглуулж байжээ. Хэрвээ цуглуулах бол гэрийн ойр байх дэлгүүрээс авчихдаг талтай. Бас худалдан авч байгаа бараа бүтээгдэхүүнийхээ үнийг тэр бүр харахгүйгээр сагс руугаа хийчихээд, кассан дээр мөнгө дутахад хамгийн үнэтэйг нь хасуулж байсан удаа ч бий. Гэхдээ бас надад сайн тал бий шүү. Энэ жил би ногоо хямдхан байхад нь өргөст хэмх, хүрэн манжин дарсан. Хачраа задлах бүрт гэрийнхний маань магтаал бэлтгэсэн хоолыг маань улам амттай болгодог. Ирэх жил бас ногоо дарна гэж бодож байгаа. Амралтын өдрүүдэд гурилаа зуурч хэрчээд, бууз баншаа чимхээд хөлдөөчихдөг. Энэ нь ажил оройтсон, ядарсан үед бас амар байдаг. Ер нь бол сайн нөхөртэй азтай хүүхнүүдийн нэгт тооцогдох би гэдэг хүн энэ удаад бусадтай хуваалцах зөвлөгөөгөөр маруухан байгаа тул найзыгаа урьж байна. Энэ бол ТВ-5 телевизийн сэтгүүлч гэдгээр нь хүмүүс андахгүй Э.Дагиймаа. Сэтгүүлчийн нөр их ажил, саяхан томилогдсон Нийслэлийн хэвлэл мэдээллийн албаны дарга гэсэн хариуцлагатай ажлын хажуугаар гэр бүлээ товхийтэл аваад явчихдаг хүн.

Найз маань намар эгч дүүстэйгээ нийлээд 3-4 айлын хүнсний ногоо дардаг. Намар нэг кг өргөст хэмх 1500 төгрөгийн үнэтэй байдаг. Даршлахад 2 шил болно. Дэлгүүрт шилтэй өргөст хэмх 3-4 мянган төгрөгийн үнэтэй гээд тооцоход чамлахааргүй их мөнгө хэмнэж байгаа биз. Мөн тэрбээр “нэрийн бараа”- ны дэлгүүрээр үйлчлүүлэхийг зөвлөж байна. Сүү ХК-ийн нэрийн барааны дэлгүүрт л гэхэд бүтээгдэхүүнүүд нь дэлгүүрт зарагддагаасаа 500-1000 төгрөгөөр хямдхан байдаг тул 7 хоногийн сүүгээ нэг дороос авчихдаг. Мөн НВЦ зэрэг нэрийн барааны дэлгүүрээс өндөг, тахианы махаа бэлдэх нь хоолны жоронд ч нэмэртэй, хүүхдүүд ч дуртай, мөнгөнд ч хэмнэлттэй шүү дээ гээд инээх.

Хамгийн гол нь удаан хадгалах боломжтой гурил будаа зэргийг бөөний үнээр нь авч байх, E-mart, Good price зэрэг томоохон худалдааны төвүүдэд ахуйн хэрэглээний саван шампунь зэрэг маш сайн хямдардаг тул энэ үеэр нь бөөндөж авчихаад харанхуй өрөөндөө дарчихыг сануулж байсан.

Мөн нэг удаад л 200 гаруй мянган төгрөг зарцуулаад талх баригч авчихсан байхад, орой 2 аяга гурил бусад жортой нь хамт хийгээд л өглөөг шинэхэн талхтай угтдаг болжээ. Та заавал дэлгүүрүүдийн хөнгөлөлтийн картын эзэн болоорой. Бонусаа хурааж байгаад мөнгөгүй үедээ ч ашиглаж болно. Дагий маань BSB-ийн хөнгөлөлтийн картанд цугларсан бонусаараа 200,000 төгрөгийн үнэтэй барааг 40,000 мянган төгрөгөөр авч байсан ч удаатай. Манай уншигчтай өөрийнхөө туршлагаас хуваалцсан найздаа баярлалаа.

Гийгүүлэгч-Номин /санхүүч/

Эзэгтэй хүн бүр гэрийнхэндээ ямар хоол хийх вэ? Ямар хүнсний бүтээгдэхүүн амин дэмтэй, чанартай байх бол? Эрүүл зөв хооллолтыг яаж төлөвшүүлэх вэ? гэсэн асуулттай тулгардаг.

Бидний эргэн тойронд генийн өөрчлөлттэй, химийн бордоотой, эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн их болж. Иймээс бид сонголтондоо л хамгийн их анхаарах шаардлагатай юм болов уу гэж боддог юм.

Манай гэр бүлийн хувьд эрүүл витаминлаг хүнс хэрэглэхийн тулд намар хүнсний ногоог түлхүү хэрэглэж, махны хэрэглээгээ багасгадаг. Харин өвөл дарсан ногоо, жимс, сүү сүүн бүтээгдэхүүн, хөлдөөсөн самраа амтархан идэх зэргээр чанартай хүнс хэрэглэхдээ анхаардаг. Хүнсний зардлаа хэмнэх, эрүүл хүнс хэрэглэхийн тулд аль болох өөрсдөө боловсруулж бэлтгэсэн хүнсээ гэртээ хэрэглэхийг зорьдог юм.

ХҮНСЭЭ ӨӨРӨӨ БЭЛДЭХ:

Талх гурилан бүтээгдэхүүнийг гэртээ хийх, баярын үеэр өөрийн гараар хийсэн бялуу, кекс, пицца зэрэг амттанууд бэлтгэх, зуны улиралд хүүхдүүдээ өөрийнхөө хийсэн зайрмагийг өгдөг. Тараг бүрэх, шар сүү ээдэм, аарц бэлтгэж хэрэглэх, сүүгээ намар хөлдөөж хадгалаад өвөл хэрэглэх, маслоны оронд цөцгий болон өрөм хэрэглэх, өрмөөр тос холих, ургамлын тосны оронд сүүлний тос ашиглах, намар жимс хямдхан үед чанамал бэлтгэх ногоо даршилж өвөл хүнсэндээ хэрэглэдэг болсон.

Өөрийн гараар бэлтгэсэн хоол маань хамгийн гол нь миний гэр бүл, хайртай хүмүүсийн маань эрүүл мэндийг хамгаалдаг юм. Мөнгөнд ч хэмнэлттэй.

Манайд оронд нарийн ногоонөндөр үнэтэй байдаг. Тиймээс сүүлийн 1 жилийн хугацаанд гэртээ тарих боломжтой амтат чинжүү, ногоон сонгино, салатны навч, бууцай, гүзээлзгэнэ зэрэг ногоог гэрийнхээ тагтан дээр тарьдаг болсон. Эдгээрийн үрийг нэг уутыг 500-2000 төгрөгний хооронд худалдаж авахаас өөр зардал гардаггүй. Харин ч маш их амин дэмийг манай гэрт бэлэглэдэг.

Мөн зуслангийн хашаандаа нөхрийнхөө хамтаар төмс, лууван, манжин, хүрэн манжин, байцаа, сонгино тарьж эхэлсэн. Хүлэмжиндээ 12 төрлийн ногоо тарьсан маань 2 айлан хэрэгцээнд жилийн 4 улиралд шинэхэн ногоо идэх боломжийг нээж өгсөн юм. Мэдээж анхны жил учир хүлэмж, хөрс, усны сав гэх мэт зардлууд багагүй гарсан ч ирэх зунаас борлуулах хэмжээний ургац хурааж авна гэж төлөвлөж байгаа.

Танд ногоо тарина гэдэг амаргүй санагдаж байна уу? Та телевизийн өмнө элдэв солонгос кино үзэж, утсаа “маажиж” суухаа больчиход л гэр бүлээрээ хамтдаа цагийг өнгөрүүлж, үр хүүхэддээ үлгэр дуурайлал үзүүлэн ногоо тарих хангалттай цаг гараад л ирнэ.

Хүнсний зардлаа тооцдог аргаасаа хуваалцвал:

Шинэхэн хүнсний бүтээгдэхүүн авахыг эрмэлздэг учир ихэвчлэн долоо хоногт нэг удаа бөөний худалдааны төвөөс худалдан авалт хийдэг. Дэлгүүрийн лангуун дээрх бүтээгдэхүүн үнэтэйгээс гадна удсан, хугацаа хэтэрсэн байх нь олонтаа. Тиймээс хүнсний зардлаа долоо хоног,сар, улирал, хагас жилээр нь төлөвлөдөг.

Долоо хоног

Сар

  • Хүнсний ногоо

20,000

  • Мах /үхэр, хонь, гахай, тахиа г.м./
  • Өндөг
  • Талх, гурилан бүтээгдэхүүн
  • Сүү, тараг
  • Жимс, жимсгэнэ /алим, банана, лийр г.м/

100,000

7,000

2.Ааруул, өрөм /хөлдөөсөн/

20,000

10,000

15,000

20,000

Нийт мөнгөн дүн

120,000

Нийт мөнгөн дүн

72,000

Улирал

Хагас жил

  • Хоолны амтлагчууд
  • Цайны идээ
  • Элсэн чихэр

10,000 -20,000

  • Гурил /1,2-р гурил, бүхэл үрийн гурил, хүнсний хивэг/, гоймон
  • Будаа /цагаан, гурвалжин, шар будаа г.м./
  • Намрын улиралд шинэхэн жимс авч хөлдөөдөг /аньс, нэрс, чацаргана, мойл г.м/

35,000

10,000

65,000

70,000

Нийт мөнгөн дүн

20,000

Нийт мөнгөн дүн

180,000

4 ам бүлтэй манай гэрийн тооцоо-72,000*4+120,000+20,000/3+180,000/6=444,700 төгрөг сарын хүнсний хэрэглээнд зарцуулагдахаар төлөвлөсөн. Өдрийн хоолоо гэртээ бэлтгэдэг учир хүнсний зардал өндөр байх талтай. Худалдан авах үедээ дутсан мөнгөө хэмнэсэн мөнгөнөөсөө тооцоод төлөвлөсөн мөнгөн дүндээ тааруулдаг. Мэдээж тооцоолсноос илүү гарах үе чбас тохиолддог. Энэ мөнгөө нэг бол гэнэтийн хэрэгцээндээ эсвэл хуримтлалдаа хийдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *