Ерөнхий сайд “Монголын эдийн засгийн форум-2022”-ын үеэр “Оюу толгойн гүний уурхайг ирэх жилийн эхний хагаст багтааж тогтвортой үйлдвэрлэлийг эхлүүлэхийн төлөө ажиллана” гэж мэдэгдсэн. Ковидын нөхцөл байдал, геополитикийн таагүй уур амьсгал эдийн засагт таатай биш нөлөө үзүүлсээр яваа, энэ жил дуустал сөрөг нөлөө нь арилахгүй нь тодорхой болсон ийм үед “Ганц аврал бол Оюу толгой төсөл” гэх эдийн засагч олон байна. Бид Оюу толгойн гүний уурхай Монголын эдийн засагт ямар нөлөө үзүүлэх хүлээлттэй байгаа талаар эдийн засагчдын байр суурийг сонирхсон юм.
Н.Энхбаяр: Ирэх жилийн экспортыг нөхөх цор ганц боломж
–Ойрын жилүүдэд Оюу толгойгоос өөр томоохон төсөл хэрэгжих боломж харагдана уу?
-Ойрын жилүүдэд ашиглалтад орох томоохон төсөл өнөөхөндөө алга. Лав ойрын гурван жилд Оюу толгойгоос өөр төсөл харагдахгүй байна. Тэр дундаа үйлдвэрлэл, бизнесийн чиглэлийн төсөл гэвэл Оюу толгой л байгаа. Нийгмийн чиглэлийнх гэхээр цэвэрлэх байгууламж гэх мэтээр яривал цөөхөн төсөл бий. Яг эдийн засагт хувь нэмэр оруулж, экспортыг нэмэгдүүлж татвар төлчих том төсөл гэвэл ганц л байна. Манай эдийн засагт 2013 оноос хойш хамгийн том нэмэр болж яваа том төсөл бол Оюу толгой. Экспортод маш том хувь нэмэр үзүүлж байна. Зэсийн баяжмалын жилийн экспорт хоёр тэрбум ам.доллар гээд бодоход л тавь гаруй хувь нь Оюу толгой шүү дээ.
-Эдийн засаг ирэх жил сэргэх найдлага бий юү?
-Эдийн засгийн циклээ харвал манай нөхцөл ковид, геополитик гэх мэт шалтгаанаар хасах руугаа ороод уруудаж яваа. Сүүлийн гурван жилийн турш хэцүүхэн байгаа. 2020 онд хасах байсан. Өнгөрсөн онд 1.4 хувь болсон. Өнөө жил нэг хувь руу уруудах гэж байна. Ирэх онд ч амар сэргэчихгүй болов уу.
-Тэгэхээр ийм нөхцөлд ганц найдлага Оюу толгой болж таарч байна уу?
-Ерөөсөө л тийм, яг ийм мөчид Оюу толгой амь тариа болж байна. Тэр утгаараа энэ төслийг бүх талаар нь дэмжих ёстой.
-Оюу толгойн гүний уурхай ашиглалтад орвол яг ямар өгөөж, эерэг нөлөөг эдийн засагт үзүүлэх бол?
-Оюу толгой төсөл ханган нийлүүлэлтийн сүлжээгээрээ маш олон салбарт дэмжлэг үзүүлж байгаа. Оюу толгойн гүний уурхай ашиглалтад орохоор цахилгаан, худалдан авалт гээд хэрэглээнүүд нь өснө. Гүний уурхайн бэлтгэл ажил дуусахаар өрөмдлөг хийж байгаа компаниудад нэг эерэг өөрчлөлт гарна. Маш нарийн мэргэшсэн учраас “Рио тинто”-гийн бусад төсөл дээр ажиллах бололцоотой юм билээ. Тэгэхээр зарим монгол компаниуд Монголоос гараад явчихна гэсэн үг. Товчхондоо монгол залуус гадны том төслүүдэд ажиллах бололцоотой болчихож байгаа юм. Монголын компани Австрали, Африкийн аль нэг уурхай дээр ажиллах боломжтой болно гэдэг маш том өгөөж. Далд уурхайн бүтээн байгуулалт гэдэг маш нарийн технологийн ажил. Гүний өрөмдлөг, босоо амыг дурын компани хийчихдэггүй. Олон улсын зах зээлд мундаг компани болж хувирч байна л даа. Эцэст нь хэлэхэд, Оюу толгойн гүний уурхай ирэх жилийн экспортыг нөхөх цорын ганц боломж.
-Нүүрсний экспортод найдвар бий болов уу?
-Нүүрсний хувьд найдах юм өнөөхөндөө ялга. Нэгдүгээр гол шалтгаан гэвэл урд хөршид ковидын байдал хүндхэн байна. Хятад улсын тухайд ганц манай улсыг хааж боогоогүй. Ер нь л хуурай замын боомтдоо нэг их ач холбогдол өгөхгүй байна. Далайн боомтоороо л асуудлаа шийдээд байна.
Г.Батзориг: 2012 он руу эргэж очих боломж олгоно
-Оюу толгойн гүний уурхайн эдийн засагт үзүүлэх нөлөөний талаар сэтгэгдлээ хуваалцаач?
-Далд уурхай ашиглалтад орвол экспортын хүчин чадал нь өнөөгийнхөөс хоёр дахин өснө. Зэсийн экспортын 40, 50 орчим нь Оюу толгойн баяжмал гэхээр экспорт 2024, 2025 онд жилийн 40 орчим хувиар өсөх боломж харагдаад байгаа юм. Ийм хэмжээгээр өснө гээд бодохоор 2012 оныг санагдуулж байна л даа. Тухайн үед экспорт 40 хувиар өссөн, эдийн засгийн бодит өсөлтөөр дэлхийд хоёрдугаарт бичигдсэн, амтай хүн бүр бизнес хийх тухай ярьж байсан цаг.
-Тийм өсөлттэй үе эргэж ирэх хэмжээний эерэг нөлөө гарна гэж үү?
-Нэгдүгээрт, тийм өсөлттэй үе эргэж ирэх боломжийг Оюу толгойн гүний уурхай олгоно гэж харж байгаа. Хоёрдугаарт, ийм их хэмжээний экспортын орлого орж ирэхийн хэрээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ. Өмнө нь бүтээн байгуулалт руу импорт болж зарцуулагддаг байсан. Өөрөөр хэлбэл, орж ирсэн орлогоо импортоор гаргачихдаг байсан. Гэтэл өнөөдөр бол өөр. Экспортын орлого нэмэгдэнэ. Бүтээн байгуулалтад гэж гадагшаа валют импортод урсахгүй. Товчхондоо валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ. Төгрөгийн ханш тогтворжиход нөлөөлнө гэсэн үг. Манай улсын эдийн засаг жижигхэн. Валютын орлого буюу экспортоос олох мөнгө нь өсөхөөр эдийн засаг нь томорчихдог онцлогтой. Эцэст нь хэлэхэд, экспортын 40 орчим хувийн өсөлт бол дараагийн шатанд гарах боломж.
Ц.СҮРЭН