Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Говийн тэмээчин Б.Бүжин: Манай говийн малчид хилийн зогоон гаталж өвөлжихөөр нүүсэн DNN.mn

Монгол орны урд хязгаар Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг Борзонгийн говь, Орвог гашууны бор толгой орчимд намаржиж буй тэмээчин бүсгүй Б.Бүжинтэй ярилцлаа.


-Сайхан намаржиж байна уу та. Борзонгийн говь орчмын намар ямар болж байна?

-Борзонгийн говийн зун гандуухан байлаа. Хур бага орлоо. Намрын шаргал өдрүүд дуусч ойрын хэд хоног жавартай байна. Ерөнхийдөө сүүлийн хоёр жилийн хугацаанд бороо ховор үзлээ. Борзонгийн говийн малчдын зарим нь хилийн зогоон гаталж өвөлжихөөр нүүсэн. ХХЕГ-аас зөвшөөрөл авдаг. Сумын Засаг дарга маань хөөцөлдөж өгдөг. Хилийн цаана чинь Өмнөд Монголын Алшаа аймгийн нутаг залгадаг. Борзонгийн говийн айлууд хилийн бүсээс 40-80 км-ын орчимд байдаг. Орвог гашууны Бор толгойн архан талаар 100 орчим тэмээчин өрх өвөлжихөөр үлдсэн. Монгол орны өмнөд цэг Орвог гашууны Бор толгой Улаанбаатараас 860 км. Зун тааруу болсонтой холбоотойгоор бог мал бүхий иргэд бусад аймаг, сумд руу оторлохоор нүүсэн. Манайх сумын төвөөсөө алс, хилийн бүс дагуу нутагладаг юм. Борзонгийн говийн бүс нутаг тэмээ хариулахад тохиромжтой. Дээхнэ үед бол тэмээгээ услах асуудал байлаа. Өнөөдөр малчин өрхүүд хамтарч худаг гаргачихсан, ямар ч асуудал алга. Гүний худгаас мотор ашиглаж усаа гаргадаг. Олон тэмээ услахад шатахуун их хэрэг болно. Хагас сар болоод л бидний нэг нь сумын төв рүү шатахуунд явж нөөцөө бэлтгэдэг. Өдөр ирэх тусам л шатахууны үнэ нэмэгдэж байна. Өнөөдөр бол Номгон сумын төвд литр шатахуун 3100 төгрөгийн ханштай байгаа. Энд гаднаа техникгүй айл байхгүй. Түлш, шатахуун шиг эрэлттэй зүйл алга. Зарим үед энд шатахуун тасарна. Энэ л том асуудал дагуулдаг юм.

-Нутгийн иргэд энэ өвлийн өнгийг яаж шинжиж байна?

-Нутгийн буурлууд намрын дунд сарын шинийн 15-ны өдрийн өнгөөр тухайн өвлийг шинждэг. Энэ өдрийн өнгөөр бол цаг агаар тогтуун дулаахан өвөл ирэх төлөвтэй байна. Борзонгийн говьд өвөл ер нь тогтуун болдог. Сүүлд 2010 онд сүрхий цас унаж, зуд болсон. Одоогоор өвөлдөө бэлтгээд бараг дуусч байна. Говьд хадлан авахгүй. Цахилдаг өндөр ургасан газруудаа хадаад нөөцөлдөг. Хавар ядарсан малдаа өгнө. Тэр дороо тэнхрээд л ирдэг. Энд хангай шиг түлш элбэг олдохгүй. Хороо бууцаа цэвэрлэж хөрзөн бэлтгээд түлнэ. Өвлийн бэлтгэл товчхондоо ийм. Удахгүй бид идшээ бэлтгэнэ. Намрын цагт малчид хүнсэндээ хонины мах хэрэглэдэг. Өвөл, хавар гол төлөв тэмээний мах иднэ. Эндхийн нөхцөлд тохиромжтой байдаг юм. Махаа эвдэж нөөцлөөд, заримыг нь борцолдог. Хаврын хатуу өдрүүдэд тэмээний борцоороо шөл хийж уугаад л өнгөрөөнө. Говийн ургамал ховор ч шимтэй. Гадны аймгуудаас ч говийн мах захиалж авах нь бий. Зорьж ирээд махлаад авч явдаг юм. Жил жилийн өдийд л мах сурагласан улсын хөлд бид дарагддаг. Малчин бидний амьжиргааны эх үүсвэр нь мах. Айлууд багадаа л 100 орчим тэмээтэй. Тэднээсээ махалж зараад л амьжиргаагаа залгуулдаг.

-Говьд махны ханш ямар байна вэ. Бэлчээрийн даацтай холбоотойгоор малчид малаа цөөлөх сонирхолтой байх шиг?

-Энэ жил олон аймагт гандуу байлаа. Малаа махлаад зарах сонирхол малчдад их байна. Өнөөдөр бол мах кг нь 5000-6000 төгрөгийн ханштай л байгаа. Ийм хямд үед зарах хэцүү. Малыг амьдаар нь урагш нь гаргах талаар мэдээлэл явж байна. Энэ асуудал хэрэгжвэл махны үнэ өсөх талаар малчид ярьж байна. Бид зурагт үзээд л энэ төрлийн мэдээллээ авчихдаг. Яг одоогоор малыг хөлөөр нь урагш гаргах асуудал малчдын анхаарлын төвд байна. Чөлөө заваараа фэйсбүүк ороход малыг амьдаар нь гаргаж тамлахгүй гэж бичсэн байна лээ. Уул нь энэ бүхэн малчдын л сонголт байвал зүгээр санагдах юм. Амьдаар нь зарах нь зарна биз. Сонирхолгүй нь махлаад зарах биз.

-Тэмээний ашиг шим өөр юу байдаг юм бэ?

-Жилийн дөрвөн улиралд тэмээгээ саадаг. Бог мал зуны цагт л сааль өгдөг бол тэмээгээ хэзээ ч бариад сааж болно. Хоормог гаргана. Сумын төвд хоормогны эрэлт их. Улаанбаатар луу нийлүүлдэг. Өнөөдөр литр хоормог энд 10.000 төгрөгөөр зарагдаж байна. Эрүүл мэндэд чухал ач холбогдолтой энэ ундааг сахарын өвчтэй хүмүүс авч хэрэглэдэг. Борзонгийн говийн брэнд бүтээгдэхүүн нь ингэний ундаа хоормог гэж хэлж болно. Малчдын гараас авах сонирхолтой улс олон. Хөдөлмөрлөж байгаа бүхэн энд элбэг хангалуун амьдрах боломжтой. Жилийн дөрвөн улиралд ингээ саана. Хаврын цагт бол ямаагаа самнаад ноолуураа гаргачихна. Энэ мэтээр амьжиргаагаа залгуулаад элбэг хангалуун амьдарна.


-Залууст хөдөө амьдрах сонирхол бага байна уу?

-Хүүхдүүд хот руу номын мөр хөөх сонирхолтой. Мал дээр гол төлөв 40-өөс дээш насны хүмүүс л байдаг. Сүүлийн жилүүдэд залуу гэр бүл тэмээ маллах нь нэмэгдсэн. Тэмээний тухайд бусад малыг бодоход арчилгаа нэг их шаардахгүй. Услаад л байхад зөнгөөрөө бэлчээрлээд явдаг.

-Борзонгийн говийн тэмээчин өрх бүр интернэтед холбогдсон уу. Энэ мэт мэдээллээ телевизээс гадна өөр ямар сувгаар хүлээж авч байна?

-Хоёр жилийн өмнө энд юнителийн 4G сүлжээ нэвтэрсэн. Тэмээний бэлчээрээсээ л интернэт орно. Мэдээллийг цаг алдалгүй хүлээж авна. Алс оронд суудаг ах, дүү амраг садантайгаа цаг тутам холбогдож, дүрсээ хараад ярьчихдаг. Малчны хотноос л дэлхий ертөнцтэй хөл нийлүүлээд л алхаж байна. Тэмээгээ услахдаа худгийн орчимд бид цугладаг. Ингээд л хүлээж авсан мэдээллээ бусадтайгаа хуваалцана. Худгийн бэлчирт л Орос Украины дайн, урд, хойд хил яаж байна гээд л өргөн сэдвээр халуун яриа өрнөдөг. Хүлээж авсан мэдээллээ бусадтайгаа хуваалцдаг. Энд сонин ирнэ. Арай настай улс нь сонин гарчиглах дуртай. Цахимд худал, үнэн янз бүрийн мэдээлэл явдаг. Хэвлэмэл материалыг бодит эх сурвалж гэж илүүд үздэг. Ахмад улс утас ухаад суух нь ховор. Нүдний шилээ зүүгээд сонин гарчиглаад сууж байх нь бий. Залуусын тухайд утас үзэхээс гадна ном их уншина. Номын сантай айл хөдөөд олон. Малын бэлчээрт номтой нөхөрлөдөг хүмүүс бий шүү. Уншсан номоо хоорондоо солино. Агуулгынх нь талаар санал бодлоо солилцдог. Нөгөө хэсэг нь Малчин тв их үзнэ. Тэр дундаа мал маллах арга ухаантай холбоотой нэвтрүүлгүүдийг шимтэж сонирхдог.

-Малчин өрхүүд чөлөөт цагаараа өөр юу хийж байна вэ?

-Малчид шинэ жил, ахмадын баяр, тэмээний уралдаан, багийн наадам гээд тэмдэглэлт баярыг багийнхаа соёлын төвд өргөн дэлгэр тэмдэглэдэг. Өглөө болтол бүжиглэж, тоглоом тоглоно, тэмцээн зохиож нэгнээ шагнана гээд инээд хөөрөөр дүүрэн өнгөрүүлдэг. Сая ахмадын баяраа тэмдэглэж өндөр настай улсдаа хүндэтгэл үзүүлсэн. Удахгүй шинэ жилээ тэмдэглэдэг уламжлалтай. Дараа нь Олон улсын эмэгтэйчүүдийн баяраа тэмдэглэнэ. Хааяа багийн төвд бүжиг болно. Багийнхан тэр аяараа л цуглаж хөл хөөр болдог юм. Хүлээдэг хүмүүс ч бий. Сумын төвд дуучид тоглолт хийнэ. Сая л гэхэд дуучин Т.Ганбүргэд ирсэн. Сумынхан заал дүүрэн цуглаад л үзсэн. Хавар дуучин Э.Чинбаяр, В.Баттулга гээд дуучид уран бүтээлийн тоглолт хийсэн. Малчин өрхүүд хотоороо л цуглаж үздэг. Тасалбар нь 20.000 төгрөгийн ханштай байдаг юм. Хоёр литр хоормог зараад л хоёр цаг тоглолт үзээд харьцгаадаг. Эндхийнхэн зохиолын дуунд их дуртай.

-Сумын төвийн айл өрхүүдийн амьжиргаа ямар байна вэ. Гол төлөв ямар ажил хөдөлмөр эрхэлж байна?

-Манай сум есөн жилийн сургуультай. Сумын төвд бага насны хүүхдээ сахидаг цөөн хүмүүс бий. Тэгээд хэдэн төрийн албан хаагч. Ингээд л болоо. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүс уул уурхайтай сумд руу шилжээд явчихсан. Уул уурхайтай сумдад зах зээл нь том. Номгон суманд хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүн маш цөөн. Хүн ам төвлөрсөн сумд руу явчихсан. Харьцуулаад харахад уул уурхайтай сумдын хөгжил хол илүү байдаг. Залуус сумандаа очмоор байна л гэдэг. Ажлын байр хомс байна гэдэг юм. Хотод сурдаг дүү нартайгаа холбогдоход сумандаа ажлын байр бий болгох талаар л хэлдэг юм. Хүм ам нь цөөн учраас бэрхшээлүүд гарна.

-Номгон суманд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний ханш ямар байна вэ. Боомттой ойр нутагладаг өрхүүд бараа бүтээгдэхүүнээ цаанаас татаж байна уу?

-Бид Улаанбаатараас татдаг. Үнэ ханшийн тухайд жилийн өмнөхөөс нугарч өссөн. Нөгөө талд махны үнэ уначихсан. Ийм л байна.

-Хилийн заставаар ойр нутагладаг ямар ямар айлууд байна вэ. Говийнхны хөгжөөнтэй ярианаас цухас дурдахгүй юу?

-Манай говийнхон чинь шөнө ер нь их явцгаадаг. Чөтгөр их ярьж дэмийрцгээдэг. Өвөө эмээ, аав ээжийн үеэс сонссон зүйлсээ ам дамжуулаад ярьдаг. Тэгээд манай нутгийн нэг ах шөнө тэмээтэй явж байгаад л нөгөө дэмий яриануудынхаа тухай бодож явжээ. Тэгтэл тэмээ нь гэнэт явахаа байгаад зогсчихож. Тэмээгээ явуулах гэж зөндөө их оролдсон ч ер явдаггүй ээ. Тэгэхээр ах бодож л дээ.За хө, нөгөө чөтгөр гэгч нь л таарчихлаа даа гээд үсрээд буучихсан чинь эрэг рүү уначихсан. Тэмээ нь эрэг тулчихаар нь гаталж чадахгүй зогсоод байсан нь чөтгөр таарлаа гээд бодчихгүй юу.

Айлууд хилийн заставынхаа ойрхон нутагладаг. Мөн зарим малчид маань Хилийн туслах хүчний гишүүн хийдэг. Сумын сайн малчин Ц.Эрдэнэдалай, сумын сайн малчин Т.Амарсанаа гээд туслах хүчний гишүүд байдаг. Сумын сайн малчин Ж.Чулуунбаатар, А.Эрдэнэсан, М.Мөнхтуяа, О.Хүрэлбаатар, Т.Уулзсанаа, А.Төрбат, Ц.Тогтмол, А.Эрдэнэбилэг мөн Аймгийн сайн малчин Б.Амартайван гээд аймаг сумын алдарт уяачид аварга малчид олон бий. Хилийнхээ зурвас бүс хамгийн ойр насаараа нутаглаж буй тэндхийн янгир ямааг хэдэн тэмээтэйгээ хамт усалдаг О.Цэдэнпил гуайг онцолж хэлье. Өдгөө 80гаруй настай буурай маань залуудаа сайхан дуулдаг байсан төдийгүй урын сандаа 100 гаруй дуутай. Эдүгээ эх нутгийнхаа хилийг манангаа цагийн дөрвөн улиралд тэмээн сүргээ услан яг тэр өвөлжөөндөө байдаг. Мөн цасгүй, хур бороо бага жил усанд ирэх янгир ямааг усласан хэвээр л байна. Мөн Д.Сүрэнжав, Ё.Жанчиваа, О.Цэдэнпил, Р.Дамчай, Д.Цэндоо, Д.Янжий гээд олон олон ахмад буурлууд маань тэмээ болон бог мал маллан малч ухаан өвлөн шинэ залуу малчиддаа үлгэр дуурайлал болж эх нутгийнхаа хил орчимд амьдарч байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *