Categories
мэдээ нийгэм

“Говийн чоно-2017” олон улсын сургалт, дадлага сургууль үргэлжилж байна

Өмнөговь аймагт зохион байгуулагдаж байгаа “Говийн чоно-2017” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийн эхний өдрийн танхимын сургалт үргэлжилж байна.

Өнөөдрийн танхимын сургалтаар “Говийн чоно-2017” олон улсын сургалт, дадлага сургуулийн зорилго, хөтөлбөр, шинэчлэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хуулийн танилцуулгыг ОБЕГ болон АНУ-ын Номхон далайн командлалаас хийлээ.

Мөн Холбооны Онцгой байдлын ерөнхий газар, БНСУ, Бангладеш улсын илтгэл танилцуулгуудыг сонсох юм.

“Говийн чоно-2017” олон улсын сургалт, дадлага сургуулийг гамшиг, аюул, осол тохиолдсон үед өмнөд бүсийн аймгуудын харилцан ажиллагаа, ажлын уялдаа холбоог сайжруулах, гамшгийн үед орон нутгийн болон бүсийн түвшинд бие даан ажиллах чадварыг эзэмшүүлэх, хариу арга хэмжээний шийдвэр гаргах, хүч хэрэгслийг дайчлах, хариу арга хэмжээний болон хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах, зохицуулах, бэлэн байдлын төлөвлөлтийг боловсронгуй болгох зорилгоор зохион байгуулж байна.

Мөн гадаад улс орон, олон улсын байгууллагуудтай туршлага солилцож, шинэ дэвшил, шинэ санаа, шинэ туршлагыг Монгол Улсын гамшгаас хамгаалах менежментийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, оролцогчид харилцан танилцаж, албан бус нөхөрлөлийг өргөжүүлж, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *