Categories
мэдээ нийгэм

Говь-Алтай аймгийн Алтансоёмбо багт нарны эрчим хүчийг ашиглах туршилт хийж байна

Хагас зууны түүхтэй Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтайсоёмбо багийн төвийг цахилгаан эрчим хүчний эх үүсвэртэй болгох зорилгоор тус багт нарны эх үүсвэрийн төв станц байгуулан одоогоор туршилтаар ажиллуулж эхлээд байна.

Өнгөрсөн онд шавийг нь тавьсан уг бүтээн байгуулалтын ажлыг “Эрчим электрэйд” ХХК нийт 166 сая төгрөгийн хөрөнгөөр гүйцэтгэсэн бөгөөд үүнээс 20 сая төгрөгийг сумын төсвөөс бусад нь аймгийн төсвөөс гарсан гэнэ. Энэхүү ажлын үйл явцтай УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэм нар холбогдох албаны хүмүүстэй газар дээр нь очиж танилцах үеэр “Удахгүй “Алтай-Улиастайн ЭХС” ТӨХК-ий мэргэжлийн багийнхан хянаж шалган хүлээн авч албан ёсны нээлтийн үйл ажиллагааг хийж, баярт мөчөө нутгийн зон олонтойгоо хамтатган хийнэ” хэмээн Тонхил сумын Засаг дарга Р.Даваадорж мэдээлэв.
Алтан соёмбо баг нь нэгэн жарны тэртээ байгуулагдаж өдгөө 120 өрх, 500 орчим хүн амтай Говь-Алтай аймгийн ууган багийн нэг юм. Түүнчлэн тус багийн нийгэм, эдийн засгийн гол салбар нь мал аж ахуй, газар тариалан бөгөөд Тонхил сумын хадлангийн талбай мөн л багтдаг ажээ.
Говь-Алтай аймаг нь ийнхүү эрчим хүчээр хангагдаагүй Чандмана сумын Хүрхрээ баг, Халиун сумын Олон булаг, Цогт сумын Баянтоорой тосгон гэх мэт хөдөөгийн багийн төвийг эрчим хүчинд холбож, алслагдсан нутагт амьдарч буй ард иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл боломж бүрдүүлэх зорилт тавиад байгаа юм. Энд онд тус аймгийн эрчим хүчний салбарт 8.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр төлөвлөгдсөн ба эхний ажлууд амжилттай хэрэгжиж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *