Голд автомашинаа угааж байсан иргэн хөл алдаж живсэн харамсалтай хэрэг Хөвсгөл аймагт гарчээ. Тодруулбал Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн “Цагаан-Эрэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 6 км-т / “Дэлгэр мөрөн” голд “Сонато-7” загварын суудлын автомашин угааж байсан хоёр хүнээс тус аймгийн Арбулаг сумын харьяат иргэн Б /26 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлага 2019.07.24-ний өдрийн 18:40 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, 2 автомашин, 1 завьтай 6 км зам туулан 19:01 цагт очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 3-4 метрийн гүнд 5 удаа шумбалт хийж үр дүнд хүрээгүй тул 21:02 цагт түр зогсоосон байна. Үргэлжлүүлэн 2019.07.25-ны өдрийн 08:00 цагт эхлүүлж осолдсон газраас зүүн зүгт 3 км тус багийн “Улаан байшин” гэдэг газраас 08:22 цагт цогцсыг олж уснаас гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Ойрын өдрүүдэд нийт нутгаар түр зуурын, гэнэтийн, хүчтэй аадар бороо орох төлөвтэй байгаа бөгөөд жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх магадлал өндөр байгаа аж. Иймд дээр дурдсан гол болон гол мөрний саваар нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж, амарч, зугаалж буй хүмүүсийг үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөл бүрдүүлэхийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад зөвлөж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.