“Glencore” 2016 он хүртэлх 5 жилийн хугацаанд Африкийн 5 улсад нийт 28 сая ам.долларыг авлигад зарцуулсныг Их Британийн Залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас тогтоожээ
Өмнөд Судан улс 2011 онд тусгаар тогтноод дөнгөж дөрвөн долоо хоног өнгөрч байхад “Glencore” компанийн арилжаалагчдын төлөөлөл газрын тосны хайгуулын зөвшөөрөл авахын тулд тус улсад хувийн онгоцоор иржээ. Тухайн үед тэд авлига өгөх зорилгоор 800 мянган ам.долларыг биедээ бэлнээр авч явж байсан аж.
Энэхүү илчлэл нь “Glencore”-ийн түүхий эдийн арилжаалагчид ашигтай гэрээ хэлцэл үзэглэхийн тулд хэрхэн дэлхийн өнцөг булан бүрд очиж, авлига хээл хахууль тараадгийг баталсан Лондоны шүүхийн дүгнэлтийн ердөө нэг хэсэг аж.
Тус компани 2016 он хүртэлх таван жилийн хугацаанд Африкийн таван улсад нийт 28 сая ам.долларыг авлигад зарцуулсныг Их Британийн Залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас тогтоосон байна. Өнгөрсөн хугацаанд “Glencore” голлон улс төрийн тогтворгүй байдлаас ашиг олохыг эрэлхийлж, Төрийн албан тушаалтнуудад их хэмжээний бэлэн мөнгө өгч, мөн Засгийн газар хоорондын хэлэлцээрт оролцон, хөнгөлөлттэй үнээр гэрээ хийлгэж байжээ.
Пүрэв гарагт шүүхийн шийдвэрээр тус компанид 276 сая фунт стерлинг буюу 308 сая ам.долларын торгууль оногдуулсан байна. Өмнө нь “Glencore” АНУ болон Бразилд дээрхтэй ижил хэрэгт буруутгагдаж, нийт 1.1 тэрбум ам.долларыг торгуульд төлөөд байсан юм.