Categories
мэдээ нийгэм цаг-үе

ГХЯ: Казахстанд амьдардаг 4028 Монгол иргэн ямар нэгэн хохирол амсаагүй

Бүгд Найрамдах Казахстан Улсад үүсээд буй нөхцөл байдлын тухай Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Казахстан Улсын Засгийн газар 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн шингэрүүлсэн хийн үнийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасантай холбогдуулан эсэргүүцлийн жагсаал Мангистау мужийн Жанаозен болон Актау хотуудад нэгдүгээр сарын 2-ны өдөр гарч, Алматы, Нур-Султан зэрэг хотуудад тэлж, улмаар шаардлага нь зөвхөн хийн үнийн асуудал бус, эрх баригчдын үйл ажиллагааг шүүмжилсэн хэлбэрт шилжив.

Өнөөдрийн байдлаар манай улсын нийт 4,028 иргэн Казахстанд ажиллаж, амьдарч байна. Үүнээс

  • 1,383 хүн хууль ёсны дагуу,
  • 1,600 хүн хууль бусаар оршин сууж,
  • нийт 1,045 оюутан сурч байна.

Түүнчлэн давхар иргэншилтэй байж болзошгүй 500 гаруй хүн байдаг аж.

Казахстан Улсад үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Консулын газрын шуурхай утсанд холбогдсон тохиолдол одоогоор байхгүй байна.

Бүгд Найрамдах Казахстан Улсад үүсээд буй нийгмийн эмх замбараагүй байдлын улмаас тус улсад байгаа монгол иргэдийн эрүүл мэнд, бие махбодод хохирол учирсан тохиолдол одоогоор гараагүй.

Гадаад харилцааны яамны зүгээс үйл явдлын явцыг үргэлжлүүлэн анхааралтай ажиглаж байгаа бөгөөд жагсаал, цуглаан болж буй газруудаар явахгүй байхыг БНКазУ-д байгаа иргэддээ зөвлөж байна.

Нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхийлөгч К.Ж.Токаев нэгдүгээр сарын 4-ний өдөр Мангистау муж болон Алматы хотод, 5-ны өдрийн 16:00 цагт Нурсултан хотод онц байдал зарлаж, дараах арга хэмжээ авч эхлээд буй.

  1. Нийтийн хэв журам сахих, онцгой чухал объект, иргэдийн амь нас, нийтийн тээврийн үйл ажиллагааг хангах байгууламжийн хамгаалалтыг бэхжүүлэх;
  2. Алматы, Нурсултан хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөг хязгаарлах;
  3. Иргэний үнэмлэхийг баталгаажуулах, биечлэн шалгах, эд зүйл, тээврийн хэрэгслийг шалгах;
  4. Алматы, Нурсултан хот руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлах;
  5. Тайван жагсаал, спортын болон бусад төрлийн олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглох;
  6. Ажил хаялт, хуулийн этгээдийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх, зогсоох зэргийг хориглох;
  7. Зэвсэг, сум, тэсэрч дэлбэрэх бодис, тусгай хэрэгсэл, хортой бодис худалдахыг хориглох, эм, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодис, түүнчлэн этилийн спирт, согтууруулах ундааны бүтээгдэхүүний эргэлтийн тусгай дэглэм тогтоох;
  8. Хувь хүн, хуулийн этгээдээс зэвсэг, сум, хорт бодисыг түр хураан авах, зэвсэг, сум, хорт бодис, түүнчлэн цэргийн болон сургалтын техник, тэсэрч дэлбэрэх бодис, цацраг идэвхт бодисыг түр хураах, зэрэг болно.

Нэгдүгээр сарын 5-ны байдлаар Казахстаны Нур-Султан, Алматы Актау, Жанаозен, Атырау, Кызылорда, Исатая, Махамбета, Таразе, Шымкенте, Кокшетау болон бусад хотуудад томоохон жагсаал гарсан. Жагсагчид Алматы хотын захиргааны байр, нисэх онгоцны буудлыг эзэлсэн байна. Харин орон нутгийн хэвлэлээр цагдаагийн албан хаагчид жагсагчдын үйлдлийг таслан зогсоож тус байрыг чөлөөлсөн гэх мэдээлэл гарч байна. Мөн 5-ны өдөр тус улс интернэт сүлжээг хязгаарлаж Facebook, Viber, WhatsApp, Instagram зэрэг нийгмийн сүлжээг хааж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон. Харин 6-ны өдрийн өглөө интернэт сүлжээг сэргээж эхлээд байна.

Ерөнхийлөгч К.Токаев 20:00 цагт /орон нутгийн цагаар/ ард түмэндээ хандаж “Төрийн тэргүүний хувьд, мөн өнөөдрөөс Аюулгүй байдлын зөвлөлийн даргын хувьд ард иргэдийн энх амгалан, аюулгүй байдлыг хамгаалахын төлөө бүхий л арга хэмжээг авна” гэж мэдэгдсэн. Тэрээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын үүргийг 5-ны өдрийн 16:00 цагт тус улсын Ерөнхийлөгч асан Н.Назарбаеваас аваад байгаа аж.

Казахстаны анхны Ерөнхийлөгч Н.Назарбаев 2019 оны гуравдугаар сарын 20-ны өдрийг хүртэл Казахстаны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд Ерөнхийлөгчийн албаа өгснөөс хойш Аюулгүй байдлын зөвлөлийн дарга, эрх баригч “Нур-Отан” намын даргын албыг нэг хэсэгтээ хашсан хэвээр байсан. 2021 оны арваннэгдүгээр сард тэрээр намын даргын албаа Казахстаны Ерөнхийлөгч К-Ж.Токаевт шилжүүлж, 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэл Аюулгүй байдлын зөвлөлийн дарга байв.

Ерөнхийлөгч К.Токаев нөхцөл байдалтай холбогдуулан Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагаас тусламж хүссэн тухай мэдээлэл бий.

Олон улсын хэвлэлээр нийт 10 гаруй хүн амиа алдаж, зарим газар цагдаа нар жагсагчдын талд орсон тухай мэдээлэл ч гарч байна. Японы Никкэй сонины мэдээлснээр, 100 гаруй цагдаагийн ажилтан бэртэж, 200 гаруй иргэнийг хорьж саатуулаад байна. Мөн 190 иргэн эмнэлгийн тусламж авснаас 137 нь цагдаагийн албан хаагчид байсан гэх мэдээлэл байна. Мөн Аэрофлот зэрэг гадаадын компаниудын нислэгүүд зогссон, иргэд банкнаас их хэмжээгээр мөнгөө татан авч байна, ихэнх телевизийн сувгууд нэвтрүүлгээ зогсоосон гэх мэдээллүүд цахим орчинд гарсан.

Нөхцөл байдалтай холбоотой яаралтай туслалцаа, зөвлөгөө авах бол Нур Султан дахь ЭСЯ-ны +77172266773,+77055840628, +77051395535 болон Консулын газрын 83042222 дугаарын шуурхай утсаар холбогдох боломжтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *