БНСУ-д дунд сургуульд сурдаг байсан 13 настай монгол охиныг дээд ангийн дөрвөн эмэгтэй сурагч нийлж зургаан цагийн турш зодож, хүчээр архи уулган, өрөөнд хорьсон ноцтой хэрэг гарсан талаар мэдээлсэн.Хэргийн талаар Гадаад харилцааны яам “БНСУ-ын телевизийн MBC агентлагийн сувгаар 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн оройн 20 цагаас эхлэн гарсан Монгол улсын иргэн, Янгсан хотын Янгсан Боми дунд сургуулийн 1-р ангийн сурагч охиныг (манайхаар 7-р анги) сургуулийх нь үе тэнгийн хүүхдүүд 6 цагийн турш зодож, хүчээр архи уулган өрөөнд хорьсон балмад хэргийн тухай гарсан мэдээллийн мөрөөр ажиллаж, түүний оршин суудаг Янгсан хотын Цагдаагийн газар болон түүний ээж С-тэй холбогдлоо. БНСУ-ын Өмнөд Кёнгсан мужийн Янгсан хотын Цагдаагийн газрын Эмэгтэйчүүд, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Ким Янг Жунтэй 12 дугаар сарын 2-ны өглөө 08 цагт холбогдож нөхцөл байдлыг тодруулав. Үүнд: Энэ хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 3-нд гарсан хэрэг бөгөөд тус Цагдаагийн газарт 2021.07.04-нд бүртгэгдэн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж эхэлжээ.
Сэжигтэн 4 хүүхэд байсан ба түүний 2 нь хэрэг хүлээх насанд хүрээгүй учир 10 дугаар сарын 1-нд тэдгээр 2 хүүхдийн хэргийг хаасан. Харин хэрэг хүлээх чадвартай насанд хүрсэн бусад 2 хүүхдэд холбогдох хэргийг 10 дугаар сарын 28-нд Прокурорт шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Охиныг зодсон 4 хүүхдийн 2 нь хэрэг хүлээх насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар ямар нэгэн ял шийтгэл аваагүй. Нөгөө 2 нь улсын тусгаарлалтад тодорхой хугацаагаар байхаар болсон байна. Охины ар гэрийнхэн нь уг хэргийн талаар давж заалдахаа мэдэгдсэн байна.
Энэ хэрэгтэй холбогдуулан ГХЯ-аас бүхий л шатанд анхаарал хандуулан, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Түүнчлэн ар гэрийхэний нь зүгээс энэ асуудлыг дэврээх тусам хүүхдийн сэтгэл санаанд улам муугаар нөлөөлж байгаа учир болгоомжтой хандахыг хүссэн юм.