УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн эзэмшил бүхий хоёр компани 2014, 2017 онд Хөгжлийн банкнаас зээл авсан нь “Чанаргүй” болон шалгалтын дараа шүүхэд нэхэмжлэх гаргах эсэхийг шийдвэрлэх зээлийн жагсаалтад багтжээ.
Түүний 50 хувийг нь эзэмшдэг хэмээн 2015 оны ХОМ-тээ багтаасан Монлаа ХХК 2014 онд Хөгжлийн банкнаас 5.6 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Тус зээл Хөгжлийн банкны “Чанаргүй” ангилалд багтсан бөгөөд одоогийн үлдэгдэл нь 7.5 тэрбум байна.
Гишүүн асны 100 хувийн эзэмшил бүхий Ачлалтрейд ХХК 2017 онд Хөгжлийн банкнаас 15 сая ам.долларын зээл авчээ. Тус зээлийг газар дээрх дотоод шалгалтын дараа шүүхэд нэхэмжлэх гаргах эсэхийг шийдвэрлэх жагсаалтад оруулаад байгааг Хөгжлийн банкнаас мэдээлсэн бөгөөд зээлийн үлдэгдэл одоогийн байдлаар 18.4 сая ам.доллар буюу 52.5 тэрбум төгрөг байна.