Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

А.Адъяасүрэн: Төрөөс гадаадын хөрөнгө оруулалтад баримтлах бодлогыг эхэлж гаргах ёстой DNN.mn

“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулганыг санаачлагч УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнтэй ярилцлаа.


-Үндэсний хэмжээнд эрчүүдийн асуудлаар хэлэлцсэн чуулган өмнө нь огт болж байгаагүй. Үүнийг санаачлагч нь эмэгтэй гишүүн гэхээр сонирхол татаж байгаа юм. Эрчүүдийн асуудлыг Үндэсний хэмжээнд гаргаж тавих санаачилга танд анх хэрхэн төрсөн бэ?

-Хүн ам зүйн статистикуудыг харж байхад манай улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 10 жил байгаа нь миний санааг зовоосон. Орон нутагт ажиллаж байхад эрчүүдийн эрүүл мэндийн асуудал, ганц бие эрчүүдэд болон залуу гэр бүлүүдэд тулгарч байгаа бэрхшээл шууд нүдэн дээр харагдана л даа. Энэ бүхэнд дэмий санаа зовоод суухаар үндэстнээрээ нэг хэлэлцээд шийдэл гаргаад явах ёстой юм гэж бодогдох болсон. Нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүн болохоосоо өмнө миний бие авто тээврийн салбарт 50 гаруй мянган мэргэшсэн жолоочийг бэлтгэсэн бизнес эрхлэгч байсан. Энэ салбарт 90 гаруй хувь нь дан эрчүүд байдаг. Тиймээс нийгэм дэх эрчүүдийн тулгамдсан асуудлыг мэдэхийн дээдээр мэддэг болсон. Үнэхээр бид жендер гэж ярихдаа байнга эрчүүдийг орхигдуулдаг. Тиймээс эрэгтэйчүүдийнхээ өмнө тулгамдаж байгаа эрх, үүрэг оролцоог Үндэсний хэмжээнд хэлэлцэх чиглэлээр багагүй хугацаанд судалгаа хийсэн. Ингээд УИХ-ын гишүүн болсныхоо дараа энэхүү судалгаагаа Ерөнхийлөгчид танилцуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд энэ санаагаа хэлэхэд маш эерэгээр хүлээн авч, чи манлайлаад шууд ажил болго гэж урам өгсөн. Тэгээд хоёр жилийн өмнө анхны чуулганыг Ерөнхийлөгчийн ивээл дор хийсэн дээ. Сая хоёр дахь чуулга уулзалтыг ч Ерөнхийлөгч дэмжиж, холбогдох байгууллагууд идэвхтэй оролцож зохион байгууллаа.

-Анхдугаар чуулганаас гарсан үр дүн, эерэг өөрчлөлтүүд юу байна вэ?

-Асуудлыг нийгмийн анхааралд өртүүлж, хэлэлцүүлэг, харилцан яриа үүсгэсэн нь гол ач холбогдол гэж хэлнэ. Зарим орон нутгийн удирдлага чуулганаар хэлэлцэгдсэн асуудлуудаар орон нутагтаа тохирсон шийдлүүд гаргаад тэр нь их үр дүнтэй болсон байна лээ. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын хэрэгжүүлсэн ажил, санаачилгыг дурдаж болох юм. Юу гэхээр мань хүн орон нутагтаа “80+” гэх хөтөлбөр санаачилж, эрчүүдийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, дундаж наслалтыг дээшлүүлэх чиглэлээр маш үр дүнтэй ажиллаж байгаа. Энэ мэт эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд анхаарсан олон хөтөлбөр, уриалгууд нийгэмд хүчтэй яригдах болсон нь л энэ чуулганы гол үр дүн гэж хэлнэ. Чимээгүйгээр асуудлыг харж суух нь өөрөө асар том хохирлыг бүрдүүлж байдаг. Тиймээс нийгмийн бүтэц тэр дундаа эрчүүдийн асуудлуудын талаар өнөөгийн нийгэмд хэн ч дуугардаггүй. Тэр утгараа энэ бүх асуудлыг Үндэсний хэмжээнд хэлэлцэж, тулгамдсан олон асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлэх зорилгоор энэхүү чуулганыг санаачилсан гэж ойлгож болно.

-Хоёр дахь чуулганы эрчүүдэд хүргэх гэсэн гол мессэж, дохио юу байв. Өнөөгийн монгол эрэгтэй хүний тулгамдсан асуудал юу байна вэ?

-Юуны өмнө энэ жилийн чуулганы цар хүрээ нэлээд өргөжлөө. Энэ юуг харуулж байна гэхээр өнөөгийн нийгэмд эрэгтэйчүүдийн эрх, үүрэг, оролцоо, тэдний өмнө тулгамдсан асуудал асар их байгааг илтгэж байгаа юм. Тиймээс цаашид ч энэхүү Үндэсний хэмжээний чуулган улам өргөжинө. Өргөжих тусмаа гарах үр дүн, ач холбогдол нь өснө. Энэ жилийн хувьд улс даяар зуд турхан ихтэй, малын хорогдол их явагдлаа. Энэ бол зөвхөн малын асуудал биш. Малчин өрхийн асуудал. Тэр дундаа өрх гэрээ тэргүүлж, авч явдаг эрчүүдийн асуудал гэж би шууд хэлнэ. Тиймээс энэ жилийн чуулганыг орон нутаг дахь малчид, малчин өрхийн гэр бүлийн тогтвортой байдлыг хангах хүрээнд зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл боловсрол, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх талаар төрөөс тусгайлсан арга хэмжээ авах, ялангуяа залуу малчдыг суурин орон сууцаар хангах зорилтот бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг Үндэсний хөдөлгөөн болгон өрнүүлэх зэргийг л түлхүүр мессэж болголоо.

-Чуулган дээр эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг их ярилаа. Сүүлийн үед 70 хүрэлгүй нас барж байгаа хүмүүсийн дунд эрчүүд давамгайлж байна гэнэ. Хамгийн харамсалтай нь эрчүүдийн нас баралт залуужиж байгаагийн шалтгаан юунд байдаг юм бол?

-Эрчүүдийн эрт нас баралтын үндсэн шалтгааныг эрэмбэлбэл осол гэмтэл, үйлдвэрлэлийн болон зам тээврийн осол, хамгаалалтгүй хүнд хүчир ажлаас болж эрсдэлд өртөх нь түгээмэл байна. Жилд дунджаар 17 мянга орчим хүн нас бардгаас 60 гаруй хувь нь эрэгтэйчүүд байдаг нь судалгаагаар гарч ирсэн. Мөн нас барж байгаа шалтгаанд эрэгтэйчүүдийн архи, тамхины зохисгүй хэрэглээ том хувьтай байна. Зөвхөн тамхидалтаас хамааралтай өвчлөлөөр гэхэд жилд 4300 хүн нас барж байна гэдэг бол анхаарахаас аргагүй хэмжээнд хүрчээ гэсэн үг мөн биз. Эрчүүдийн сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл зүйн хямрал амиа алдах бас нэгэн шалтгаан болж байна. Эрэгтэйчүүд гэмт халдлагад өртөн амиа алдах, зам тээврийн осолд орж нас барах нь эмэгтэйчүүдээс 6.9 дахин, амиа хорлох нь эмэгтэйчүүдээс 5.8 дахин их болжээ. Эрүүл мэнддээ тогтмол анхаарал тавьж чаддаггүй, эрсдлээс зайлсхийх, буруу зуршлаас татгалзах дадал, сэтгэл зүйн зөвлөгөө авах ойлголт, мэдлэг байхгүй нь бүх эрсдлийн суурь шалтгаан болж байна даа.

-Жендерийг ихэнх хүмүүс эмэгтэйчүүдийн эрхийг нэмэгдүүлэх асуудал гэж ойлгодог. Угтаа эр, эм хүйсийн тэгш байдлыг л хангах тухай ойлголт. Тэр утгаараа яг ямар салбар дээр эрчүүдийн эрх зөрчигдөж байна гэж та харж байгаа вэ?

-Үнэн. Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль мөрдөгдөж эхлэхээс өмнө 2011 он хүртэлх хугацаанд жендерийн бодлого төлөвлөлт тэр чигтээ эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангахад чиглэгдэж байлаа. Яахав, “Эмэгтэйчүүд ба хөгжил” чиг хандлага давамгайлснаар тодорхой үр дүнд хүрсэн. Гэхдээ жендерийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагаанд эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудлыг орхигдуулсан. Жендерийн асуудлыг зөвхөн эмэгтэйчүүдэд хамаатуулж ирсэн бодлогоо бид эргэн харах зайлшгүй шаардлагатай. Бүх шатандаа эрэгтэйчүүдийн тэгш эрхийн асуудлыг орхигдуулсан гэж ч хэлж болно. Тиймээс эрэгтэйчүүдийн эрхийг хангах, оролцоог нь нэмэгдүүлэхийн тулд энэхүү чуулган үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна.

-Монгол цэргийн баяр боллоо. Таны санаачилсан энэхүү чуулган тус баярын өмнөхөн болдог. Цаашид уламжлал болоод явах уу?

-Хоёр жил тутамд чуулдаг уламжлал тогтоох санаатай байгаа. Хоёрдугаар чуулганаас гарсан зөвлөмж, уриалга санаачилгуудын хэрэгжилт зэргээс харж байгаад дараагийн чуулганыг төлөвлөх байх.

-УИХ-ын гишүүний гол хийх ёстой ажил юу юм бэ?

-Юу хийх нь УИХ-ын тухай хуулинд тодорхой заачихсан байгаа. Хамгийн гол ажил бол сонгогчидоо төлөөлөх. Тэдэнтэйгээ байнга холбоотой байж, орон нутагт гарч байгаа асуудлууд, цаашид анхаарах зүйлсийн талаарх иргэдээс гарч байгаа санал, шаардлагыг УИХ-ын индрээс төрийн анхааралд өртүүлэх, бодлого шийдвэрт тусгуулахыг би өөрийн үндсэн ажил гэж хичээн зүтгэдэг. Энэ зорилгын хүрээнд шаардлагатай хуулийг санаачилж өргөн барих ёстой. Иргэд олон нийтийн зүгээс төрийн бодлого, шийдвэр зөв буруу гарч байгааг анзаарч хэлнэ, шаардна. Тэр болгонд дуугараад байхгүй ч яалт ч үгүй олон хүнээс ирүүлж байгаа хүсэлт шаардлагыг бол дамжуулаад, өмнөөс нь хэлээд шаардаад явах л ёстой. Саяхан Хөрөнгө оруулалтын хууль нэрээр гадаадынханд газрыг 100 хүртэлх жилээр урамшуулал болгон өгөх заалтыг батлуулах, Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг хүчингүй болгох бусармаг санаархал зарим гишүүдээс гарлаа. Үүнийг иргэд үй олноороо эсэргүүцэх үед би иргэдийнхээ талд зогссон. Би ажлаа зохих ёсоор хийж байгаа л хэрэг, тэр бол.

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн асуудлаар хоёулаа хойшоо ярина аа. Танаас УИХ-ын гишүүн яг юу хийх ёстойг яагаад асуусан гэхээр нийгэмд УИХ-ын гишүүнийг сургууль, эмнэлэг, цэцэрлэг, зам барих ёстой мэтээр ойлгох нь түгээмэл ажиглагддаг. УИХ-ын гишүүн гэдэг барилгачин, бизнес эрхлэгч, эмч, багш биш. Тиймээс л танаас энэ асуултыг асуусан юм…?

-Тойргийн сонгогчид манай суманд сургууль, эсвэл эмнэлэг байхгүйгээс асуудлууд үүсээд байна гэж шаардвал барих төсвийг Улсын нэгдсэн төсөвт суулгуулах тал дээр бусад гишүүдтэй хамтраад ажиллах үе ч гарна л даа. Гэхдээ тэрийг өөрийн хөрөнгө, өөрийн чадлаар бариулчихсан, төсвийг нь гаргачихсан юм шиг ярих, сурталчлах нь цөөнгүй тохиолддог. Тэр бол буруу. Ер нь бол улсын мөнгө гэж байхгүй. Татвар төлөгчдийн мөнгө л гэж байгаа. Тэдний татвараас бүрдсэн төсвийг тэдэнд зориулах нь огтхон ч буруу зүйл биш.

-Хаврын чуулган, сонгуулийн өмнөх чуулган гэдгээрээ онцлог. Таны хувьд сөрөг намын эмэгтэй гишүүн. Парламентын бүрэн эрхийн хугацаанд гаргасан амжилт, алдсан боломжууд юу байна гэж асуувал та юу хэлэх вэ?

-Мэдээж энэ парламент хууль тогтоох эрхээ боломжийн сайн хэрэгжүүлсэн гэж хэлнэ. Гэхдээ бид шийдэж болох олон асуудлыг орхигдууллаа. Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах чиглэлд дутуу ажилласан гэж ойлгож байна. Хулгай, авлига, хууль бус асуудлыг ярьсан ч хариуцлага тооцох ажил удаашралтай байгаа нь үнэн. Энэ хаврын чуулган гишүүдийн хувьд маш их ачаалалттай чуулган болно гэж бодож байгаа. Миний хувьд ч санаачлах, хэлэлцүүлэх, батлуулах олон хуулийн төсөл байна. Тиймээс их завгүй атлаа нийгмийн хүсэлт, шаардлага, хариуцлага нэхэгдсэн чуулган болох болов уу гэж бодож байна. Энэ парламент бүрэн эрхийнхээ хугацаанд сайн, муу ажилласныг удахгүй ард түмэн дүнгээ тавина. Тиймээс миний хувьд үүнд байр суурь, үнэлгээ өгөх боломж алга байна. Мэдээж улстөржилт сонгуулийн өмнө ч гэлтгүй цаг үргэлж л явагдаж байдаг. Гэхдээ эцсийн эцэст хэн улс төр хийгээд байна, хэн нь худлаа ярьж, хуулийн хариуцлагаас зугтаж байна. Хэн нь шударга ёсны төлөө, иргэдийнхээ төлөөллийг ханган ажиллаж байна гэдгийг ард түмэн мэдэж байгаа.

-Энэ УИХ-ын үед нийтийн өмчийн хулгай маш их яригдлаа. Өчнөөн сонсгол хийгдлээ. Иргэд хулгайн талаар УИХ дээр хоосон улстөржиж ярихаас биш бодитойгоор хариуцлага тооцсонгүй гэсэн шүүмжлэл давамгай байгаа. Таны хувьд уг асуудалд ямар байр суурьтай байдаг вэ?

-Олон улсад “kleptoc­racy” буюу хулгайн засаглал гэж нэрлэдэг зүйл Монголд бодитойгоор нүүрлэчихсэн болохыг бид бүгд харж байна. Нэг хачирхалтай зүйл нь эрх баригчид найман жил дангаар, бүх шатанд бүх эрх мэдлийг атгаж байгаа атлаа ямар ч эрх мэдэлгүй, шийдвэр гаргах боломжгүй сөрөг хүчнээ гарч байгаа хулгай бүрт хамаатуулах гэж оролддог. Энийг сонгогчид харж л байгаа шүү дээ. “Нүүрсний хулгай” гээд сүржигнэх атлаа нүүрстэй ямар ч холбоогүй, хоёр хүний хоорондын зээлийн асуудлыг хамаатуулаад гүтгэнэ. Яг хулгай хийсэн нь нотлогдсон өөрийн намынханд болохоор хийсэн үйлдэл, хулгайн хэмжээтэй нь харьцуулахад үндэслэлгүй ял оноолгож, олны хэл амыг дарж байгаа нь бүгдэд ил байгаа. Хөгжлийн банкны хулгай бас л хэлбэрдсэн, аргацаасан байдалтай жүжиг болоод л дууссан. Олны дүгнэлт зөв. Би санал нийлдэг. Найман жил эрх барина гэдэг бага хугацаа биш. Найман жилийн өмнө сонгууль өгсөн 20-хон настай залуу одоо гуч хүрч байна. Гучтай нь дөч. Тэгэхээр энэ бол хүний амьдралд тийм бага хугацаа огт биш. Хийж чадсан бол үр дүн нь харагдах хугацаа.

-Сонгууль удахгүй болох гэж байна. Улс төрчдийн хувьд тойргоос уу, намаас уу гэдгээ хэдийнэ сонгочихсон байх шиг байна. Таны хувьд тойрогт нэр дэвших үү?

-Хаана, ямар байдлаар нэр дэвших гэдэг шийдвэр надаас маш бага хамаардаг. Намын бүтэц, дүрэм журмаар зохицуулагддаг болохоор ингэнэ тэгнэ гэж хэлэх нь одоогоор боломжгүй, хуулийн хувьд ч хязгаарлалттай.

-Баянхонгорчуудын хувьд энэ удаад Архангай, Өвөрхангайтай нэгдэн сонгуульд оролцоно. Таны хувьд энэ том тойргийн хөгжлийг хэрхэн харж байгаа вэ?

-Хөгжлийн асар их боломж, нөөцтэй бүс нутаг. Засгийн газар эдийн засгийн зоригтой, бодитой шийдвэр гаргаж чаддаг байсан бол өдийд хүн амын төвлөрлийг татсан, нийслэлээс дутахгүй хүн татагддаг хөгжилтэй бүс болчих бүрэн боломж, цаг хугацаа байлаа. Даанч орон нутгийн хөгжлийг орхигдуулдаг, орон нутгийн эрх мэдлийг хумьдаг бодлого хэрэгжүүлсээр ирлээ. Сүүлийн жилүүдэд нутгийн өөрийн удирдлага, бие даасан байдал бүр алга болсон.

-Хаврын чуулганы өмнөхөн танай нам, таны хувьд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хүчтэй эсэргүүцсэн. Ардчилсан нам бол барууны үзэлтэй нам. Тэр утгаараа хөрөнгө оруулалтыг дэмждэг, бизнесийн эрх чөлөөг нэмэгдүүлэх чиглэлд ажилладаг нам атлаа яагаад энэ хуулийг эсэргүүцэв гэсэн шүүмжлэлийг зарим хүмүүс хэлж байна. Уг хуульд яг ямар алдаа байгаа болоод та бүхэн эсэргүүцээд байгаа юм бэ?

-Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг манай нам хэзээ ч эсэргүүцэж байгаагүй. Харин Хөрөнгө оруулалтын хуулиар гул барин харийн хүмүүст газраа наймаалах санаархлыг л тас цохисон. Хөрөнгө оруулагчийн статус авах босгыг алга болгохыг зөвшөөрөөгүй. Ийм хоёр зүйл бидний байр суурь. Гадаадын хөрөнгө оруулагчийн статус нь татварын болон эрх зүйн тогтвортой байдлын үлэмж давуу талыг олгох учраас хөрөнгийн босгогүй байж болохгүй. Хөрөнгөгүй хөрөнгө оруулагч гэж юу байхав дээ. Нөгөө нь нэг ч хөрөнгө оруулагч газар өгөхгүй бол хөрөнгө оруулахгүй гэж хэлдэггүй. Тэдэнд тогтвортой байдал, оруулсан хөрөнгийг нь хамгаалах баталгаа, ашиг олох нөхцөл зэрэг л чухал байдаг. Ч.Хүрэлбаатар гол зүйлээ шийдэхийн оронд далимдуулж газар зарах гэж л оролдсон учраас монголчуудын эсэргүүцэлтэй тулгарсан. Дэлхийн туршлага бол хөрөнгө оруулалтын босго байна. Хөрөнгө оруулсны төлөө аль ч улс газар бэлэглэдэггүй.

-Тэгвэл Хөрөнгө оруулалтын тухай хуулийг ямар байдлаар өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна вэ?

-Хуулиасаа өмнө Төрөөс гадаадын хөрөнгө оруулалтад баримтлах бодлогын бичиг баримтаа гаргамаар юм билээ. Ирээдүйд Монгол Улсын өрсөлдөх чадварыг эрс дээшлүүлэх ямар салбарт, ямар нөхцөлөөр хөрөнгө оруулалт татах бодлогоо гаргаад түүнийхээ хэрэгжилтийг хангах, эрх зүйн баталгааг бий болгох байдлаар Хөрөнгө оруулалтын хуулийг гаргах ёстой. Бодлого тодорхойгүй байхад мянган хөнгөлөлт, чөлөөлөлт амлаад хөрөнгө орж ирэхгүй.

Э.МӨНХТҮВШИН

 

One reply on “А.Адъяасүрэн: Төрөөс гадаадын хөрөнгө оруулалтад баримтлах бодлогыг эхэлж гаргах ёстой DNN.mn”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *