Холбооны бүгд найрамдах Герман улсын иргэн Данило Староста гэдэг залуу аавыгаа хайж байгаа юм байна. Энэ тухай мэдээллээ олон нийтийн сүлжээнд түгээжээ.
Тэрбээр аавынхаа нэрийг өөрийн сонссоноороо Gadschig Sцrrensagt гэж бичжээ. Түүний аав 50 жилийн өмнө Германы Дресденд сурч байсан юм байна. Данило Староста аавынхаа тухай төдийлөн мэдээлэлгүй байгаа бөгөөд бүдэг бадаг нэрнээс өөр зүйл надад алга гэжээ. Ээж нь түүнд аавынх нь тухай яриагүй гэнэ. Улаанбаатараас ирсэн захианууд нь ч устсан, хамгийн сүүлд 1964 онд Дресден хотын Reuterstrasse гудамжинд амьдарч байсан гэдгээс илүүг мэдэхгүй байгаа аж. Тэрээр Герман дахь Монголын Элчин сайдын яаманд хандсан боловч нэр нь буруу байна гээд тодорхой мэдээлэл олдоогүй гэжээ.
Данило Староста энэхүү зургийг нийтэлж, хэрвээ аавыг нь таних мэдэх хүн байвал сураг гаргаж өгөхийг хүсчээ.