Коронавирусийн халдварын улмаас гэрийн тусгаарлалтад байгаа иргэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх боломжтой.
Эдгээр иргэд энэ сарын 5-ны дотор харъяа хэсгийн хороондоо хүсэлт гаргах шаардлагатайг СЕХ-ноос мэдээлэв. Тус хорооноос коронавируст халдварын улмаас эмчлүүлж буй болон тусгаарлагдсан иргэд, дайчлагдан ажиллаж буй алба хаагчид, эмч, эмнэлгийн ажилтнууд, бусад этгээдийн саналыг зөөврийг битүүмжилсэн хайрцгаар авах зохион байгуулалтыг хийж байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн тусгаарлалтад 4300 гаруй хүн байна. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажлыг энэ сарын 8-ны 9.00-20.00 цагт орон даяар зохион байгуулна.
Ташрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдрийг УИХ-аас энэ сарын 9-нд товлосон. Гадаадад амьдарч буй иргэдээс санал авах ажлыг өнгөрсөн сарын 30-31-нд зохион байгуулсан бөгөөд 7394 сонгогч бүртгүүлсний 76 хувь буюу 5618 нь санал өгсөн юм.