Categories
мэдээ нийгэм

Гэрээ байгуулсан нийтийн тээврийнхэнд санхүүжилт олгож эхэлжээ

Нийтийн тээврийн үйлчилгээний нэгдүгээр улирлын санхүүжилтийн талаар Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, Нийслэлийн тээврийн газрын дарга Ч.Энхбат нар мэдээлэл өглөө. НИТХ-ын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит бус чуулганаар нийтийн тээврийн үйлчилгээний нэг машин цагийн зардлын тарифыг баталж, аж ахуйн нэгж, байгууллагуудын орлого зардлын зөрүүг төсвөөс олгож байхаар шийдвэрлэсэн. Уг зөрүү бол их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглахад баримтлах журам болон Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн карт олгох журамын дагуу олгогддог. Өнөөдрийн байдлаар 2016 оны 1, 2, 3 дугаар сарын нөхөн олговорт гүйцэтгэлийн дагуу 7.924,351,800 төгрөгийг бүрэн олгосон байна. Харин машин цагийн зардлын 1,2 дугаар сарын санхүүжилт 8,874,248,891 төгрөг олгохоос 50 хувь буюу 4,049,802,031 төгрөгийг олгожээ.

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа зарим компаниудад машин цагийн зардлын санхүүжилтыг бүрэн олгоогүй саатсан шалтгаан нь нийслэлийн Тээврийн газар, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, Улаанбаатар смарт карт ХХК-ийн хоорондох гурван талт гэрээ байгуулах явцад гарсан маргаантай, шийдвэрлэх шаардлагатай асуудалтай холбоотой гэнэ. Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж байгаа шалгагч нарын үйл ажиллагаа болон орлого төвлөрүүлэх асуудлыг “Улаанбаатар смарт карт” ХХК хариуцах тухай гэрээнд заасан. Тиймээс нийслэлийн Тээврийн газраас гурван талт гэрээг хоёр талт хэлбэрээр байгуулахаар болжээ. Нийслэлийн тээврийн газар-Нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллага, Нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллага – Улаанбаатар смарт карт ХХК, Нийслэлийн тээврийн газар – Улаанбаатар смарт карт ХХК гэсэн байдлаар тус тус гэрээ хийж талуудын хүлээх үүрэг, эрхийг тодорхой зааж өгсөн байна. Өчигдөрөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллагууд нийслэлийн Тээврийн газартай гэрээ байгуулж эхлээд байгаа бөгөөд гэрээ байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагын санхүүжилтийг олгож эхэлсэн гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *