Categories
мэдээ нийгэм

Гэр музей болсон Жамбын Дашдондогийнх

Монгол Улсын төрийн соёрхолт хүүхдийн зохиолч Жамбын Дашдондог гуайтай баасан гарагт холбогдож, хагас сайнд гэрт нь өнжихөөр тохиролцов. “Ахынх нь хотын төвд “Залуучууд” зочид буудлын ар талын байранд” гэсэн болохоор олоход тун амархан аж. Монгол хүний бэлгэшээл бодож морин цагт гэрт нь очвол төрийн соёрхолт маань хаалгаа нээж, уриалгахнаар бидний хувцсыг өлгүүрт тохож байна. Наран талын мухрын өрөөнд оруут зүүн талын ханаар нь дүүрэн дэлхийн хүүхдийн сонгодог зохиолчдын зураг хөрөг өрөөтэй харагдах бэсрэгхэн музейд ороод ирсэн юм шиг сэтгэгдэл төрүүлэх юм. Өнгөрөгч баасан гарагт тэр хоёрдахь том шагналаа Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаас хүлээн авчээ.

Түүнийг хүүхдийн нэрт зохиолч Дамдинцоогийн Содномдоржийн нэрэмжит анхны шагналын эзнээр тодруулсан байна. Тэрээр сайдад “Би саяхан төрийн шагнал авсан. Багшийн маань нэрэмжит шагналыг уран бүтээлээ ид туурвиж байгаа залуу хүнд өгчих” гэж хэлээд бараагүй байна. Гэргий Тогтохын Хандсүрэн нь цай цүй болон гялав шалавхийнэ. Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул буриад басхан маань хүүхдийн эмч мэргэжилтэй нэгэн бөгөөд Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд олон жил ажиллажээ.

Дашдондог зохиолч улаан гэрэл асдаг хуруун чинээ дохиураа барьж гэр-музейнхээ зургуудыг тайлбарлаж өгч байна. Шведийн хүүхдийн нэрт зохиолч Астрид Линдгренээс нэгэнтээ ирүүлсэн шинэ жилийн мэндчилгээг зургийн хамт тайлбартайгаар тавьж. Астрид Линдгренийг манайхан “Дээвэр дээр суудаг Карлсон, Жаалхүү хоёрт тохиолдсон явдал” алдарт бүтээлээр андахгүй мэднэ. За тэгээд, Катерон Патерсон, Энэтхэгийн хүүхдийн зохиолч Манарона Жапе, Японы Мичио Маро, Канадын Маргерет Рүпс, Оросын хүүхдийн нэрт зохиолч Сергей Михальков, “Луугийн хүү Таро” зохиолоороо алдаршсан Японы хүүхдийн гарамгай зохиолч Мацутани Миёоко нартай авахуулсан зургуудаа томоор угаалгаж ханандаа өлгөсөн нь танин мэдэхүйн болоод маш олон талын мэдлэг мэдээлэл өгөхөөр аж. ЗХУ-ын төрийн дууллын үгийг зохиосон Сергей Михальков Ж.Дашдондогийг гэрт нь айлчилж очиход “Таны авьяаслаг шүлгүүд олон хэлнээ хөрвүүлэгдэхэд нүүр улайхгүй юм. Хүүхдэд зориулсан сайн яруу найрагч Монголд байдаг гэдгийг хүмүүс мэдэж аваг” гэсэн гарын үсэг бүхий тэмдэглэлийг ханандаа жаазлан хаджээ. Мацутани Миёокогийнд айлчилж очиход цагаан муур нь Дашдондог гуайг үнссэнд наран зохиолч ихэд баясан нүүр өгсөн гэх жишээний. Дашдондог гуайн аав Жамба бол Монгол Улсын хүндэт мэргэн харваач цолтой хүн байж. Тэрээр аав ээжийнхээ зургийг ихэд хүндэтгэлтэйгээр номын өргөөндөө залжээ.

Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул хүүхдийн зохиолч Жамбын Дашдондог төрөлх хэлээрээ 100 гаруй ном, гадаад хэлээр гуч гаруй номоо хэвлүүлсэн соён гийгүүлэгч хүн. Түүний “Ногоон морь”, “Алтан хөрш” зэрэг бүтээлүүд япон хэлээр, “Хар шувууны цагаан түүх” ном хятадаар, “Морьтой үлгэр” нь малайз, араб, солонгосоор, “Мазаалай” нь германаар орчуулагдан хэвлэгдсэнийг босоо тавиурт өрсөн нь өнгө алаглан нүд баясгана. Хүүхдийн зохиолчийн “Гэр” гэдэг үлгэрийг Дэлхийн шилдэг үлгэрийн санд худалдаж авсан гэнэ. Одоогоос хоёр жилийн өмнөх есдүгээр сарын 1-нд Монгол Улсын Ерөнхийлөгч хүүхдүүдэд хичээл заахдаа эл үлгэрийг ашигласан гэж байна. Тэрээр гадаадад хэвлүүлсэн номуудынхаа орлогыг Нүүдлийн номын сандаа зориулж, эх орныхоо говь, хангай, хөвч тайга бүхий 330 сумд зочлон очиж хүүхэд багачуулд хүрч үйлчилжээ. Ж.Дашдондог гуай эцэг эхээс дөрвүүл бөгөөд айлын ууган хүү гэв. Дүү Цолмонбаатартайгаа хамтарч сая төрийн соёрхол хүртээд буй “Аав, ээж, би” номыг бүтээж байсан бол тэр сайхан зураач дүү нь тэнгэрийн оронд одсон гэнэ. Удаах дүү Ганбаатар нь орон сууцны цахилгаан шат угсардаг мэргэжилтэй хүн бөгөөд түүний хүү Алтантүрүүг “Танайд хоноё” нэвтрүүлгээр нь монголчууд андахгүй биз. Отгон дүү Ж.Сүнжидмаа нь Дэлхийн банкинд ажилладаг гэсэн.

Төрийн шагнал авснаас нь хойш хүүхдийн зохиолчийн босго овоо элэгдээд байгаа аж. Ах дүү нар, мэргэжил нэгт найз нөхөд нь ирэхээс гадна гадаад, дотоодоос утас шөрмөс, цахим захидал, зурвасаар баяр хүргэх нь их байгаа гэлээ. Түүний тухай “Тэмээтэй номын сан” судалгааны ном бичсэн уран бүтээлийн анд Маргарет Рүүпс гэхэд утасдаж баяр хүргэлээ гэж зохиолч их л баярлаж сууна. Тэрээр өнгөрөгч онд хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон “Чихрийн цаасан дээр бичсэн үлгэрүүд” номоо гаргасан нь нүдний гэм болоод байгаа бололтой. “Хүн хамгийн завгүй үедээ л хамгийн сайн зохиолуудаа бичдэг юм байна. Хүүхдийн хэвлэлийн редакцийн эрхлэгчийн алба хашиж байхдаа би овоо бүтээл хийсэн шүү” гэж хуучлах Дашдондог зохиолч “Аранзал зээрд” шүлгээ уншихдаа ширээн дээр морины явдлыг товшин сонирхуулав. “Хурга хурга чи яагаад хундан цагаан болсон юм бэ”, “Наашаа цаашаа”, “Дүүжин даажин” зэрэг зургаан шилдэг шүлгээ тэрээр “Тэмээн дээрээс наран ойрхон” дуугаараа алдаршсан яруу найрагч Жан.Шагдарын захиалгаар ганцхан шөнийн дотор бичиж байжээ.

Нүүдлийн номын сантайгаа 330-аад сумаар оржээ

Арван долоохон настай байхдаа “Аргатай хүү” номоо 1958 онд хэвлүүлж байсан гэхээр аргагүй бахархалтай санагдана. Номын шагналын 500 төгрөгийг аавдаа илгээсэн баримтаа үзүүлсэн тэрээр “Би оюутан байхдаа жил бүр номынхоо шагналын мөнгийг аав ээждээ явуулсан хүн. Тэднийхээ ачийг хариулах гэсэн хүсэл минь намайг зохиолч болгосон байх” гээд инээмсэглэж байна. Цэрэг элсүүлж байгаа юм шиг газар газраас авьяастнуудыг цуглуулсан хүүхдийн их зохиолч Д.Содномдорж түүний багш ажээ. “Монгол Улсын хөдөлмөрийн Лодонгийн Түдэвт уран бүтээлийн ордон барьж өгье” гэж төвийн хэвлэлд олон жил бичсэн тэрээр нийслэл хотод Хүүхдийн номын сан байгуулах хүсэлтэй хүн юм. Төрсөн нутаг Булганы Бүрэгхангайдаа ойд уран бүтээлийн байшинтай агаад зундаа очиж дугуй унан зугаалахаас гадна өвөлд цана, тэшүүрээр ойр ойрхон гулгадаг болохоор бие хаа эрүүл энх, ухаан санаа саруулхан 75 насыг зоогложээ. Хананд нь өвөрмөц гитар харагдана. Гэргий нь гитар, өөрөө баянхуур тоглодог гэнэ. Түүний орос хэлнээс орчуулсан ном жараад орчим болж “Дэлхийн хүүхдийн яруу найргийн дээж”, “Дэлхийн хүүхдийн хүүрнэл зохиолын дээж” хэмээх хоёр ботийг эх барьж авчээ. Цаа буга унасан нэгэн зургийн түүхийг асуувал “Ар тайгын хүү” нэртэй номоо бичихээр Хөвсгөлийн Улаан-Уул суманд томилолтоор очиж байсан үе” гэж тайлбарласан.

Ж.Дашдондог Б.Ринчен, Д.Гармаа, Д.Содномдорж нарын зохиолчдын хамт.

1970-аад он

Биднийг ийн ярилцах зуур утас нь дуудаж байна. Тэрээр утсаар ярьсны дараа зурагтаа асаах зуураа “Готовын Аким найз маань ярьж байна. Миний оролцсон нэвтрүүлэг гарч байна гэнэ” гэлээ. Нээрээ ч “Сүлд” сувгаар Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Нацагийн Даваадашийн түүнтэй хөөрөлдсөн яриа гарч байна. Дашдондог зохиолчийн хүү Боролзой Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнд ажилладаг. Удахгүй эрдмийн цол хамгаалахаар зүтгэж байгаа аж. Ж.Дашдондог гуай дэлхийн 28 улс оронд зохиол бүтээлийнхээ буянаар айлчилж зочилсон хүн. Тиймээс ч тэрээр АНУ-ын Сант-Луйс хотод хоёр удаа, энэтхэгт нэг удаа, Өмнөд Монголд хэд хэдэн удаа уран бүтээлийн тоглолтоо зохион байгуулжээ. Түүний бүтээлийн өргөө гэж тусдаа нэг цонхтой өрөө байна. Номын санд нь дэлхийн хүүхдийн зохиолчдын бүтээлүүд дүүрэн харагдана. Өрөөний хаалган дээр цагийг эзэлсэн их аварга Б.Бат-Эрдэнэтэй хамт авахуулсан зургаа жаазлан хаджээ. Номын шүүгээний дээр эзэн богд Чингис хааны хөрөг залаатай. Төрийн соёрхол хүртээд удаагүй байгаа хүүхдийн зохиолч Жамбын Дашдондог гуайнхаас явах болоход тэрээр их л тахимдуугаар хувцас өмсгөн өгөх нь аргагүй л соёлтой хүний шинж бүрэн төгс сэхээтэн юм даа гэсэн сэтгэгдэл үлдээсэн юм.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *