Өнгөрсөн долоо хоногт хөрөнгө оруулагчдын хоёр ч том чуулга уулзалт боллоо. “Инвест Монголиа”, “Дисковер Монголиа” чуулга уулзалтууд жил бүрийн өдийд өрнөдөг уламжлалынхаа дагуу мөнгөтэй эрхмүүдийг нэг дээвэр дор цуглуулав. Хөрөнгө оруулагчид энэ удаа өмнө ярьдаггүй нэг сэдвийг онцолцгоолоо. Бизнесмэнүүдийн онцолсон шинэ сэдэв нь геополитик.Хятад, Оросын төрийн тэргүүнүүд шил дараалан айлчилсан нь тэднийг ийм сэдэв хөндөхөд хүргэсэн юм. “Дисковер Монголиа”-гийн урилгаар илтгэл тавьсан “IHS” компанийн Азийг хариуцсан дэд тэргүүн Нейл Ашдаун “Орос, Хятадын төрийн тэргүүнүүд ойрхон зайтай айлчилсан мэдээллийг Монголд хөрөнгөө оруулсан Лондон, Канадад амьдардаг бизнесмэнүүд сонирхон харцгаасан. Оруулсан хөрөнгөнд нь айлчлалаас үүдэж ямар эрсдэл гарах бол гэдгийг ч тунгааж суугаа. Монголын талаар хөрөнгө оруулалтын орчныг сайжруулсан гэх мэт эерэг мэдээлэл гарч байгаа ч нэг сөрөг мэдээлэл гарангуут мөнгөө хийсэн улсад хүчтэй тусдаг” гэж онцолсон бол “Инвест Монголиа”-гийн эхний өдрийн хуралдаанд илтгэл тавьсан АНУ-аас манай улсад суугаа Элчин бүр ч ноцтой мэдэгдэл хийсэн юм. Элчин сайд Пайпэр Кэмбэлл “Сүүлийн үед олон улсын хамтын нийгэмлэг, түүн дотор энд байгаа монгол хамтрагчид маань “гуравдагч хөршийн бодлого”-ын худалдаа, бизнесийн тулгуур багана дээр арай бага анхаарах хандлага ажиглагдаж байна. Магадгүй бид геополитикийн тал дээр голчлон анхаараад , заримдаа бүр түүндээ толгой эргээд байгаагаас шалтгаалсан байж болох юм. Миний харж байгаагаар гуравдагч хөршийн бодлогын бүрэн дүүрэн хэрэгжиж амжаагүй чадавх нь эдийн засгийн харилцааны салбарт, худалдааны хэлэлцээрт, бизнесийн бодит хэлцлүүдэд байна” гээд тодорхой төслүүдийг нэр заан жишээлсэн юм. Си Жиньпин, В.Путины айлчлалаас үүдсэн эдийн засаг дахь нөлөөлөл Монголд хийсэн мөнгөнд нь эрсдэл учруулах вий гэсэн болгоомжлол хөрөнгө оруулагчдад төрсөн нь дээрх хоёр чуулганыг сурвалжлах явцад тод анзаарагдаж байлаа.
ГУРАВДАГЧ ХӨРШИЙН БОЛГООМЖЛОЛ
“Инвест Монголиа”-г “Фронтиер” компаниас найм дахь жилдээ зохион байгуулсан юм. Энэ жилийн чуулга уулзалтын онцлог нь гуравдагч хөршийн оролцоог чухалчилсанд байлаа. Оролцогчид нь мөн л гуравдагч орны мөнгөтэй эрхмүүд. Гуравдагч хөршийн эдийн засгийн оролцооны талаар мэдэгдэл хийж байгаагүй АНУ-ын элчин нээлтийн хуралдаан дээр энэ талаар онцолж, “Гуравдагч хөршийн бодлого тусгаар тогтнолоо болон олон улсын тавцан дээр үүрэг гүйцэтгэх эрхээ тунхаглан бататгах орон зайг өөртөө бий болгоход нь Монголд тусалдаг болохыг энд ирсэн хүн бүр хүлээн зөвшөөрөх байх” гэж мэдэгдсэн юм. АНУ-ын элчинтэй ижил агуулгатай үг унагасан бизнесмэн ч цөөнгүй байв. Гадны хөрөнгө оруулагчдаас гадна Монголын эдийн засагчдад ч тийм болгоомжлол төрөөд эхэлснийг Ч.Хашчулууны байр сууриас харж болохоор байлаа. Тэрээр “Өндөр хөгжилтэй орнуудын хөрөнгө оруулалт багасч, Рио-гийн хэрэгжүүлж байгаа Оюу толгой төслийн хоёрдугаар үе шат эхлэх эсэх нь тодорхойгүй байгаа энэ үед хоёр хөршийн төрийн тэргүүнүүд айлчилж урд хөршөөс орж ирэх хөрөнгө оруулалт эрс нэмэгдэх төлөвтэй боллоо. Монголын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд хөрөнгө оруулалтыг аль болох баланслах, аль нэг орны эзлэх хувь хэт их байвал аюулгүй байдалд таарамжгүй гэж үздэг” хэмээн ярьсан юм. Оролцогчдын ийм агуулгатай үгсээс “Инвест Монголиа-2014”-ийн гол фокус нь гуравдагч хөршийн оролцоог сануулахад чиглэсэн гэсэн дүгнэлтийг хийчихэж болохоор байна.
Гуравдагч хөршийнхний өөр нэг болгоомжлол нь уул уурхайн салбар дахь төрийн оролцоо байлаа. АНУ-ын ЭСЯ-ны Эдийн засаг, худалдааны хэлтсийн дарга Дэвид Уайш гэхэд л Газрын тосны шинэчилсэн хуулийн 38 дугаар зүйлд төрийн оролцоо хэт их байна гэсэн шүүмжлэл хэлж байсан юм. Хөрөнгө оруулагчдын техник тоног төхөөрөмжийг төр шаардлагатай үед дайчлан ашиглана гэсэн заалт хувийн өмч нэгдүгээрт тавигддаг капиталист орнуудын бизнесмэнүүд ой тоонд багтахгүй байгааг Дэвид Уайшийн үгнээс анзаарч болохоор байв. Хуралдааны хоёр дахь өдөр “Япон” гэсэн тусгай сэдвийн дор хуралдаан өрнөсөн.ЖАЙКА-гийн төлөөлөл ерээд оноос хойш үзүүлж ирсэн Японы тус дэмийг тоо баримттайгаар илтгэсэн нь мөн л гуравдагч хөрш болох арлын оронтой эдийн засгийн ашигтай харилцаа эхлүүлэх цаг болсныг сануулсан хэрэг байлаа. Нарны зам, Нарны гүүр, Говь гэсэн бүтээн байгуулалтууд өрнүүлж, жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэхэд Монголын Засгийн газраас илүү мөнгө зарцуулсан Японы Засгийн газар дэд бүтцийн том төслүүдэд оролцох сонирхолтой байгаагаа “Инвест Монголиа”-гийн индрээс дуулгасан юм. Бас Таван толгой төсөлд оролцох сонирхол хэвээр байгаа нь чуулга уулзалтын үеэр анзаарагдсан. ПОСКО, Самсунг гэх мэт том компаниуд нь Монголд бүтээн байгуулалтын анхаарал татахуйц төсөл хэрэгжүүлээд эхэлчихсэн солонгосчууд гэхэд л бүтээн байгуулалтын том төслүүдэд хамтрах сонирхолтойгоо мөн нуугаагүй.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДААС ЭРГЭЖ ИРЭХИЙГ ХҮССЭН ХОЁР ӨДӨР
Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас жил бүрийн өдийд зохион байгуулдаг “Дисковер Монголиа”-д эдийн засаг өссөн оргил үед мянга гаруй хөрөнгө оруулагчид ирдэг байсан бол энэ жил 300 орчим бизнес эрхлэгч л ирсэн юм. Гадаадын хөрөнгө оруулалт 70 орчим хувиар унасан, гадны мөнгөтэй эрхмүүдийн Монголыг гэх итгэл алдарсныг оролцогчдынх нь тооноос харж болохоор байв. Монголд хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн “Рио” энэ удаа оролцохоос татгалзсан нь гадаадын хөрөнгө оруулагчдад нөлөөлсөн гэж таамаглах хүн ч байна. “Рио”-гийн хувьд Оюу толгой төслийн хоёр дахь шатны санхүүжилтийн талаар Засгийн газартай өнөөдрийг хүртэл тохиролцоонд хүрээгүй нь “Дисковер”-т оролцохгүй байх шалтгаан болсон гэчихэд үнэнээс зөрөхгүй. Өмнө нь Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ зурагдах, үгүйдээ тулж эргэлзээ үүссэн үед “Рио” энэ чуулга уулзалтад оролцолгүй өнжиж байсан юм.
Хятадын даргын айлчлалын үеэр хоёр орны Засгийн газар уул уурхайн чиглэлээр онцгой анхаарч ажиллахаар за зүй болсон. Энэ жилийн “Дисковер Монголиа”-д Хятадын цөөнгүй бизнесмэн ирсэн нь энэ таамгийг баталсан явдал боллоо гэж хэлэх хүн ч байлаа. “Дисковер Монголиа”-д Уул уурхайн сайд Д.Ганхуяг оролцож хөрөнгө оруулалтын орчноо яаж сайжруулснаа ярьсан бол Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс Хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан Монголд хөрөнгөө оруулах таатай орчин бүрдсэнийг дуулгасан. Мөн Хөрөнгө оруулалтын газрын төлөөлөл Монголд мөнгөө хийсэн зарим хөрөнгө оруулагчдад татварын тогтворжуулалтын гэрчилгээ олгож эхлэхээр болсноо зарласан юм. Энэ мэт хөрөнгө оруулагчдын чихэнд чимэгтэй мэдээллийг засгийн зүгээс өгсөн ч Ерөнхий сайд үг хэлнэ, Төрийн өмчийн хорооны дарга уул уурхай дахь төрийн оролцооны талаар илтгэл тавина гэсэн хүлээлт биеллээ олоогүй юм. Гадаадын хөрөнгө оруулалт эгзэгтэй байгаа энэ үед хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрүүлсэн ийм алхмыг албаныхны зүгээс хиймээргүй л байгаа юм гэж ярих оролцогч цөөнгүй байлаа. “Дисковер Монголиа”-гийн сүүлийн өдрийн хуралдаанд Ерөнхий сайдын зөвлөх Д.Батмөнх “Монголын эдийн засгийг эрчимжүүлэх арга” хэмжээ сэдвээр илтгэл тавих байсан ч мөн л ирээгүй.
Оролцогч нь эрс цөөрсөн “Дисковер Монголиа”-д оролцсон эрхмүүдээс Монголын эдийн засгийн талаар гэгээтэй үг унагасан хүн ч цөөнгүй байв.“IHS” компанийн Азийг хариуцсан дэд тэргүүн Нейл Ашдаун ”Сүүлийн үед хөрөнгө оруулалтыг татах бодлогыг идэвхтэй хэрэгжүүлээд эхэлсэн Мьянмар руу мөнгөтэй эрхмүүд шууд зориглож орохгүй байгаа. Зах зээлийг сонгосон ч шилжилтийн үедээ яваа, хагас цэргийн дэглэмтэй гэдэг нь Мьянмарыг эрсдэлтэй гэж үзэх хангалттай үндэслэл. Хөрөнгө оруулагчид Монголыг тэгж хардаггүй. Монгол тэдний сонирхлын төвд хэвээр байгаа. Хөрөнгө оруулагчдын Монголд мөнгөө хийхээс болгоомжилж байгаа зүйл нь улс төрийн эрсдэл” хэмээн ярьсан бол Оюу толгойн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Камерон МакРей “Хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгөө оруулах сонирхлоо илэрхийлж эхэлсэн. Энэ бол сайн зүйл. Монголын Засгийн газраас эерэг хандлага ажиглагдаж байна. Би асуудлыг аль болох эерэгээр харахыг хичээж байгаа” хэмээн онцолсон. Харин Голомт банкны Хөрөнгө оруулалтын банкны газрын захирал Э.Амарбаясгалан эдийн засаг ирэх жил бага хэмжээгээр өснө, 2016 оноос арай гэгээлэг зураг харагдана гэсэн прогноз гарсныг хөрөнгө оруулагчдад сонирхуулсан юм. Дэлхийн арваад оронд бүтээн байгуулалтын төсөл санхүүжүүлсэн “Pacific road capital” хөрөнгө оруулалтын сангийн ажилтан Жиофф МакНамара Монголд мөнгө хийх боломж хэр байгааг судлахаар ирснээ “Дисковер”-ийн оролцогчдод дуулгасан нь хөрөнгө оруулагчдын сонирхол үргээгүйн нэг жишээ болсон юм. Хайгуулын төслүүд таг зогссон хямралын үе ч гэлээ “Занаду майнс”, “Эрдэнэ ресурс”компаниуд Монголд явуулж байгаа хайгуулын төслүүдээ танилцуулсан нь хөрөнгө оруулагчдад бага ч гэсэн итгэл төрүүлсэн байх. “Дисковер”-ийн онцолж хэлэх нэг зүйл нь уул уурхайг хийрхлээс гаргах тунхагт яам, иргэний нийгэм, уул уурхайнхан гарын үсэг зурсан явдал байв. Эцэст нь онцлоход “Дисковер Монголиа”-д ирсэн гадны цөөхөн хөрөнгө оруулагчдад Зүүн Өмнөд Азид хамгийн бага эрсдэлтэй нь Монгол улс гэсэн эерэг прогнозыг гадны судалгааны компаниас өгсөн. Арван хоёр дахь жилдээ болж өндөрлөсөн “Дисковер Монголиа”-гийн энэ жилийн уриа нь “Эргэж ирээрэй” байсан юм.
Ц.БААСАНСҮРЭН