Бөөрний хүнд өвчтэй хүмүүс гемодиализ эмчилгээг хувийн эмнэлэгт өндөр өртгөөр хийлгэх нь цөөнгүй. Учир нь улсын эмнэлгийн ачаалал хэт их байдаг. Тэгвэл уг асуудлыг шийдэхээр ЭМЯ, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар болон хувийн эмнэлгүүд хамтарсан гэрээ байгуулав.
Ингэснээр хувийн долоон эмнэлэг улсын төсвөөс 2.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авч, 140 хүнд бөөр орлуулах гемодиализ эмчилгээг үнэ төлбөргүй хийх боломжтой болох аж. Мөн хийсэн эмчилгээнийх нь чанарт төрөөс хяналт тавих гэнэ.
2016, 2017 онд 16 аймаг, нийслэлийн зургаан дүүрэгт гемодиализын 46 аппарат шинээр суурилуулжээ. Одоогоор эрүүл мэндийн 35 байгууллагад 161 аппарат байгаа аж.