Categories
гадаад мэдээ

Газын метро DNN.mn

Өнгөрсөн сард хуурай замын ажиллагаа эхлүүлснээс хойш манай цэргүүд Газын зурваст палестинчуудын ухсан 400 орчим хонгил нүхийг илрүүлж устгасан гэж Израилийн батлан хамгаалах хүчин мэдэгдэв. Израилийн болон барууны улсуудын тагнуулын мэдээгээр уг Газын зурвас доорх хот болох хэдэн давхар хонгилын сүлжээг “Газын метро” гэдэг бөгөөд газар доорх энэхүү бэхлэлтийн нийт урт 450-500 км юм. Энэ нь Москва эсвэл Лондонгийн метроны шугамын уртаас ч их хэмжээ юм. Эдгээр хонгилын зарим нь машин, мотоцикль явахад зориулсан хангалттай өргөн байдаг.

ЦАХАЛ гэгддэг Израилийн зэвсэгт хүчний мэдээлснээр орон сууцны барилга, сургууль, эмнэлэг болон иргэний дэд бүтцийн бусад байгууламжуудын гадна, дотроос энэхүү хонгилын гарц олдсон байна. Иймд Израиль болон барууны орнууд ХАМАС бүлэглэл Газын зурвас дахь палестины энгийн иргэдийг “хүн бамбай” болгон ашиглаж, өөрийн байлдааны дэд бүтцээ иргэдэд үйлчилдэг байшинд зориудаар байршуулсан гэж буруутгаж байгаа билээ. Гэвч Исламын бүлэглэл бүхэнд ил болсон энэхүү зүйлийг няцаасаар байна. Тэр ч байтугай ХАМАС-ын дэд тэргүүн Израильд довтлон 1400 иргэнийг нь алж устгаж буй өөрсдийнх нь дайчдын бичлэг байсаар байхад “Израилийн иргэдийг өөрийнх нь зэвсэгт хүчин устгасан” гэж мэдэгдэж байсан юм. Энэ нь ОХУ-ын Гадаад хэргийн сайдын мэдэгдэл шиг зүйл болж тэднийг хэн бэ гэдгийг дэлхий нийтэд ойлгуулсан юм. Учир нь С.Лавров олон улсын сэтгүүлчид сууж байсан хэвлэлийн бага хурал дээр “ОХУ Украинд довтлоогүй” гэж хэлсэн нь бөөн инээдэм болж, үүнээс хойш тэрээр сэтгүүлчдийн дунд “ярьдаг морь” хочтой болсон билээ.

Ямар ч байсан Израиль ХАМАС бүлэглэлийн оршин тогтнох үндэс болж байсан газар доорх сүлжээг үндсэнд нь устгаж анх удаа тулалдааныг түр зогсоож, Газад барьцаалагдсан 240 орчим хүнээ палестин хоригдлуудаар солих ажиллагааг эхлүүлэв. ХАМАС-ын дайчид гудманд орос автомат барин гүйлдвэл Израилийн бөмбөгдөлт, дроны цохилтонд өртөн тэр дороо устгагдах учир тэдний газар доорх хонгил устгагдана гэдэг ХАМАС устсан гэсэн үг юм. Харин цаана нь армийн зохион байгууллалттай, ХАМАС -аас олон дахин хүчтэй Хезболлагийн дайчид, хамгийн гол нь Ираны арми гэх жинхэнэ дайсан үлдээд байна. Израилийн аз болоход энэхүү тэмцэлд хамтран оролцох АНУ тэргүүтэй барууны болон арабын хүчирхэг зарим улсын зэвсэгт хүчин бэлэн зогсож байгаа юм.

НҮБ, Европын холбоо, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Камерон, Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас, Иордан, Орос, Хятад, Египет зэрэг улсууд болон Израиль, ХАМАС-ыг эвлэрүүлэн зуучлахад тусалсан Катарын Ерөнхий сайд Шейх Мохаммед бин Абдулрахман бин Жассим Аль Тани Израиль болон ХАМАС-ын хооронд байгуулсан хэлэлцээрийг сайшааж байгаагаа илэрхийлж, энэхүү хэлэлцээр нь Газын зурваст барьцаалагдсан хүмүүсийг суллах, Газын зурваст хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд чухал алхам боллоо гэж мэдэгджээ.

 

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *