Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Газар өмчлөлийн хувь маш бага байна гэв

“Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийг 2002 онд баталж, 2003 оны тавдугаар сарын нэгнээс мөрдөж эхэлсэн. 2008 онд Улсын Их Хурлаас тус хуулинд Монгол Улсын иргэн бүрт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэ төлбөргүйгээр хуульд заасан хэмжээгээр өмчлүүлэхээр нэмэлт өөрчлөлтийг оруулж батласан юм.

Газар өмчлөлийн талаар Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуунаас тодрууллаа.


-Дэд бүтэц нь шийдэгдээгүй ч цахимаар өмчилсөн газраа очиж амьдарч байгаа хүмүүс бий юу?

-2015 онд цахим газар олголт хувьчлалт эхэлсэн байна. Анх 52 байршлыг сонгож байсан. Үүнээс найман байршил нь боломжгүй болж үлдсэн 44 байршилд 69836 иргэнд газар өмчлүүлсэн. Өмчилсөн газрынхаа шийдвэрийг иргэд өөрсдөө ирж авах ёстой байтал ердөө 70 хувь нь л ирж авчээ. Бусад нь шийдвэрээ ирж аваагүй байгаа. Газар дээр нь үзлэг шалгалт хийж үзэхэд суурь зураг нь сансраас авсан мэргэжлийн хувьд алдаатай гарсан зураг байдаг. Энэ хүрээнд бид эдгээр хүмүүсийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.

-Нийслэлээс ирэх жилүүдэд ямар бодлого баримталж ажиллах вэ?

-Сая бид нар хуулийн хугацаа тавдугаар сарын нэгнээс дуусах гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг даргын агаарын бохирдлыг бууруулах захирамж гарсан. Үүний хүрээнд суурьшлын бүс тогтоолоо. Тэр дотор багтсан бүх иргэдийнхээ өмчлөлийн ажлыг дуусгахаар хоёр удаа аян зохиосон. Үр дүнд нь нийслэлийн нутаг дэвсгэрт газар өмчлөлт 86 хувь байсныг 90 гаруй хувь болгов. Хоёрдугаарт дэд бүтэцгүй газруудад хот төлөвлөж, газар өмчлүүлэхэд хүндрэлтэй учраас аймаг орон нутгийн төлөөлөл бас энд илтгэл тавьж байгаа түүн дээр нь санал солилцоод төрсөн газартаа юмуу аль эсвэл хөгжиж байгаа төв газрын зааг уялдааг харгалзан өмчлүүлэх боломж юу байна судалж байна.

-Цахимаар өмчлүүлсэн газрыг хэзээ амь оруулах вэ? Тог цахилгаангүй газар газар олголоо гэх шүүмжлэл их гарч байна?

-Дэд бүтцийн асуудлыг газрын алба мэдэхгүй. Жалга хад асга, уулын оройд таарсан ч юмуу тийм асуудал гарсан амьдрах боломжгүй газрыг бол цэгцэлнэ.

-Цахимаар эзэмшсэн газрынхаа байршлыг сольж болно гэсэн. Яаж солих боломжтой вэ?

-Амьдрах боломжгүй газар таарсан аль эсвэл солих хүсэлтэй бол иргэдээс өөрсдөөс нь санал авч байж шийдвэрлэнэ гэлээ.

Тус форумд Сүхбаатар аймгийг төлөөлөн ирсэн аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Х.Хишигбадрахтай ярилцлаа

-Сүхбаатар аймагт газар өмчлөлт хэдэн хувьтай явж байна вэ?

-2017 оны жилийн эцсийн байдлаар газар өмчлөлт 16,4 хувьтай байна. Нийт иргэдийнхээ 16,4 хувь нь газраа өмчилж авсан үзүүлэлт гэсэн үг.

-Сүхбаатар аймгийн хувьд газар өмчлөлийн асуудлыг өсөлттөй байлгахын тулд ямар арга хэмжээ авбал зохих вэ?

-2017 оны арван сард бид газар өмчлөлийн асуудлыг эрчимжүүлэхийн тулд 15 орчим хувьтай байсан газар өмчлөлийг хоёр сарын хугацаатай аяныг эхлүүлсэн. Оршин сууж байгаа газар дээрээ олон жил амьдарсан ч өмчлөлийн эрхгүй байсан иргэдийг өмчлөх эрхтэй болгосон. Энэ аяны хүрээнд Сүхбаатар аймгийн 13 сумын зургаан сумаар яваад дууссан. Ирэх хоёр сард үлдсэн сумдаар явна. Ингэж явсны үндсэн дээр газар өмчлөлийг 1,2 хувиар нэмэгдүүлж чадсан. Ер нь газар өмчлөлийн ажил 15 жилийн хугацаанд маш бага үзүүлэлттэй яваа. Жилд ганцхан хувь л газар өмчилсөн байна гэсэн үг. Газрын хуулийн заалтад “Төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдаа” гэсэн заалт байсныг “Төсөл сонгон шалгаруулалт” гэснийг авч хаяад зөвхөн “дуудлага худалдаа” гэсэн заалт болгосон. Энэ нь зөвхөн Сүхбаатар аймагт ч биш хөдөө орон нутгийн хөгжлийг боймилсон заалт болсон. Хотын төвд үнэтэй газрыг дуудлага худалдаагаар компаниуд аваад ашиг орлогоо гаргаж авах байх. Хөдөө орон нутгийн хөгжил буурай, дэд бүтэцгүй газрыг хэн ч өндөр үнээр аваад байр барилга барихгүй. Баригдсан ч зарагдахгүй. Тэгэхээр хуулийн төсөлд “төсөл сонгон шалгаруулалт” гэдэг заалтыг буцааж нэмэх хэрэгтэй.

-Газар өмчлөлийн хувь бага байгаа шалтгаан нь юу вэ?

-Нэгдүгээрт дэд бүтцийн асуудал. Хоёрдугаарт хүмүүс газар өмчилчихсөн байхад хэзээ нэг цагт хэрэгтэй гээд газраа өмчилдөг. Тэр газраа хашаа хашлага татдаггүй. Газар аваагүй хүмүүс нь тэрийг нь эзэнгүй газар гэж ойлгоод энэ газрыг авна гээд хүсэлт тавьдаг. Эзэнтэй газар гээд хэлэхээр хашаа хайлсгүй газрыг эзэнтэй гэлээ гээд хэл ам гардаг. Ашиг сонирхлын зөрчил болгодог. Тэр хүн газраа өмчлөх эрхээсээ өөрөө татгалзаагүй тохиолдолд бид өмчлөх эрхийг цуцлах эрх байхгүй. Тэгээд хоосон газар зөндөө байхад хол газар олголоо гэдэг. Энэ бүх асуудлууд нийлээд газар өмчлөлд их саад болдог.

-Хөдөө орон нутагт өмчилсөн газрынхаа байршлыг солих боломж бий юу?

-Тэр хүн тухайн жилийн төлөвлөгөөнд туссан газрыг өргөдлөө өгөөд авч байгаа болохоор солих боломжгүй гэв.

“Газар” хэмээх өмч хөрөнгийг захиран зарцуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн таатай орчныг бий болгосон. 2017 оны жилийн эцсийн байдлаар Монгол улсын хэмжээнд 570771 иргэн 57767,26 га газрыг өмчилж аваад байгаа ажээ. Улсын бүртгэлд газар өмчлөх эрхээ баталгаажуулсан иргэдээс худалдсан 63559, бэлэглэсэн 80514, барьцаалсан 220904, түрээсэлсэн 70 иргэн байгаа нь өмчлөлийн газар эдийн засгийн эргэлтэд орж үр шимээ өгч байгааг илтгэнэ. Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацааг 10 жилээр буюу 2028 он хүртэл сунгахаар “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг боловсруулж, Засгийн газраас УИХ-д өргөн барьж 2018 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр батлуулсан.

Энэ форумд Монгол Улсын Их Хурлын Тамгын Газар, Засгийн Газрын Хэрэгжүүлэх Газар, Барилга хот байгуулалтын яам, Сангийн яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин аялал жуучлалын яам, Зам тээврийн хөгжлийн яам, Шинжлэх ухааны академи, Газар зохион байгуулалт, гоедези, зураг зүйн газар, Оюуны өмч, Улсын бүртгэлийн газар, нийслэл дүүргийн газрын алба, 21 аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, салбарын төрийн бус, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл 150 гаруй төрийн албан хаагч, мэргэжилтэн, эрдэмтэн, судлаач оюутнууд оролцож байна.

С.ОТГОНБАЯР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *