Гавьяат багш, 84 дүгээр сургуулийн захирал С.Мартатай ярилцлаа.
–Гавьяат багш болсонд тань баяр хүргэе.
-Баярлалаа. Би гавьяат багшийн шавь. Бага ангийн маань багш Долгор гэж гавьяат байлаа. Гавьяат авах үедээ багшийгаа бодож зогслоо. Шавийн эрдэм багшаас гэж үнэн үг. Би сайн багш нараар хичээл заалгасан азтай хүн. Монголын багш нарын өдрийг энэ жил анх удаа намар тэмдэглэж байна. Дэлхийн багш нарын баярыг тохиолдуулаад танай сониноор дамжуулаад багш нартаа талархсанаа илэрхийлмээр байна.
–Та хичнээн жил багшилж байна вэ?
-Би Түүх нийгмийн ухааны багш. МУИС-ийн түүхийн ангийг 1979 онд төгссөнөөс хойш 35 жил багшилжээ. Тухайн үедээ сургуульдаа багшаар үлдэх санал авсан ч хөдөө явж багшилсан. Манай хань цэргийн хүн л дээ. Нөхрөө дагаад Зүүн баянгийн цэргийн хотхон руу явсан юм. Тэгээд л тэндээ дунд сургуульд багшилж эхэлсэн.
–Багш мэргэжлийнюу нь сайхан гэж та боддог вэ?
-Өдөр бүр хүүхдийн гэгээн инээдтэй нүүр тулдаг нь миний ажлын хамгийн гоё агшин. Багш нар ямар ч хар хорын сэтгэлгүй, гэрэл гэгээ, хүсэл баясал цацруулсан гэгээн ертөнцөд ажилладгаараа бусад мэргэжлээс онцгойрдог. Цаг наргүй ч хамгийн жаргалтай ажил даа.
–Хичнээн анги дааж төгсгөсөн бэ?
-Таван удаа анги даасан. Зүүн баянгийн арван жилийн сургуульд багшилж байхдаа хоёр анги дааж байлаа. Хөнгөн хүнсний техникумд багшлах үедээ нэг анги дааж төгсгөсөн. 84 дүгээр сургуульдаа ирээд хоёр анги даасан. Анх 1990 онд сургуульдаа ирж байлаа. Тэр үед багш нарыгсонгон шалгаруулж авдаггүй байсан үе. Томилогдож ирнэ, эсвэл орон тоо байвал авдаг байсан цаг. Гэтэл захирал, сургалтын менежер хоёр маань нэг нэг өдөрарваад цагийн хичээл дээр сууж байж намайг ажилд авч байлаа.
–Ерээд онд олон багш ганзагын наймаанд явах гэж ажлаасаа гарч байсан. Мэргэжилдээ үнэхээр дурласан хүн л хоёр өдрийн турш шалгуулж байжбагшаар ажиллах сонголт хийнэ дээ?
-Зүүнбаянгийн дунд сургууль л намайг багш болгосон. Энэ сургуулийн сурагчид намайг багш гэж хүндэлсэн. Багшийн мэргэжилд дурлуулсан. Тийм болохоор ямар ч цаг үед өөр ажил хийе гэсэн бодол толгойд орж ирдэггүй. Их, дээд сургуульд багшлаач гэсэн санал цөөн биш удаа ирдэг ч дунд сургуулиасаа явах дургүй. Хар хорын сэтгэлгүй инээд хөөрөөр дүүрэн энэ орчиндоо хайртай.
–Даасан ангиудаас сэтгэлд тод үлдсэн, “амины анги” гэвэл алийг нь онцлох вэ?
-Бүгд л сэтгэлд дотно, дулаан орон зайтай. Гэхдээ хамгийн анх дааж авсан ангийнхандаа илүү амь байж магадгүй. Анх удаа намайг багшаа гэж дуудсан, багш болгосон хүүхдүүд. Надтай зэрэг өтөлж яваа (инээв). Би даасан ангийнхаа хүүхдүүдийг дарга сайд ч юм уу, алдар цуутай хүн болсноор нь хэмжих дургүй. Бид хүнээр хүн хийх л үүрэгтэй. Тийм учраас өөрийгөө олсон, өөрийнхөө хүчээр амьдралын төлөө тэмцэж яваа, алдаж оносон ч өөрийнхөө чадлаар өндийж босч чадсан, хүн болсон хүүхдүүдээр бахархдаг. Миний ангийн хүүхдүүдээс төлөвшлийн хувьд нь энэ л хэцүү дээ гэх хүүхэд байхгүй. Бүгдээрээ хүн болж чадсан.
–Сэтгэлд тод үлдсэн шавь нар мэдээж олон бий. Гэхдээ онцлоод нэг шавиа дурсаач?
-Сая анхны ангиа ярьсан болохоор одоо хамгийн сүүлд даасан ангиасаа нэг жишээ хэлье. Миний отгон анги түүх нийгмийн ухааны төрөлжсөн сургалттай байлаа. “Номин талст” хамтлагийн Дэлгэрмөрөн, Хаянхярваа хоёр чинь манай анги. Дэлгэрмөрөн эмэгтэй хүүхэд шиг маш нямбай. Хачин гоё бичнэ. Хичээлийнхээ гол хэсгийг улаанаар тэмдэглэх зэргээр өнгө ялгана гэж жигтэйхэн. Дэвтрийн ажиллагаан дээр ярих юмгүй. Өрөвч зөөлөн гэж яана. Багш нарт юмны учрыг ухсан асуулт их тавина. Хааяа цагаахан дүрсгүйтэнэ ээ. Багш нарын өрөөнд орохоор л өөдөөс танай Дэлгэрмөрөн тэглээ, ингэлээгэсэн багш тасрахгүй. Хэрэгтэй хэрэггүй асуудаг гэж ирээд шүүмжилнэ.Тэгэхээр нь би “Манай Дэлгэрмөрөн чинь өвөрмөц, оньсогот ертөнц. Та нар оньсогыг нь таачихаач дээ” гэдэг байлаа. Би Дэлгэрмөрөнгөө сайн хүн болно л гэж боддог байсан. Одоо бол сайн дуучин. Олонд нэртэй яваад нь шавиараа бахархдаг. Гэхдээ би арай өөр мэргэжил сонгоно гэж боддог байсан юм.
–Нэг хамтлагийн хоёр дуучин сурч байсан гэхээр танай анги сургуулийн урлагийн үзлэгийн үеэр гялалздаг байж дээ?
-Нэг их дуулаад байдаггүй байсан шүү. Хаянхярваа бол дуулна. Гэхдээ жаахан ичимхий. Тэр үед “Гэгээн алсын одод”, “Одод болохын хүслэн” гэх мэт хүүхдийн авъяасыг нээдэг сайн тэмцээнүүд болдог байлаа. Манай ангийнхан их орно. Тэндээс л манай хоёр гарч ирсэн дээ.
–Хүүхдийг хайрлах сайхан сэтгэлтэй хүн л сайн багш болдог юм шиг. Таны хувьд багш хүнд хамгийн түрүүнд байх ёстой чанар гэвэл…?
-Надад голдуу л сахилгагүйдуу хүүхэдтэй ангийг даалгаж өгдөг байсан. Би даасан анги бүрийнхээ хүүхдүүдтэй илэн далангүй харилцах дуртай. Миний гол зарчим гэвэл энэ. Манай ангийнхан ээж, аавдаа хэлдэггүй нууцаа ирж хэлдэг байлаа. Одоо ч тийм. Амьдралдаа тохиосон нарийн нандин бүхнээ ярина шүү дээ. Багш хүн хүүхдийн өмнө толь л гэсэн үг. Гоё сайхан хувцаслах хэрэгтэй. Тэр бүү хэл гар хурууныхаа зангааг хүртэл бодож байх ёстой. Цаашлаад яривал хэт дэл сул үг хэлж болохгүй. Учир нь хүүхэд багшийгаа даган дуурайдаг. Сайн багшийн хичээлийгхүртэл сэтгэлээ гаргаж хичээж давтдаг. Лав л хичээл орох үед миний хичээлийн даалгаврыг хийгээгүй хүүхэд гараагүй.Миний хичээлийг өөр багш нарын хичээл дээр хийж байгаад багшийгаа бухимдуулсан тохиолдол цөөн биш удаа гардаг байсан.
–Гуч гаруй жил багшлах хугацаанд юу эсийг анзаарахав. Хүүхдүүдэд, аав, ээжүүдэд үүнийг л сануулаад хэлэхсэн гэсэн үг бий байх?
-Амьдралын туршлагаас харахад “Чи муу, чи сул байна, ингэх хэрэгтэй” гэж үглэж, чиглүүлжявсан хүүхдүүд амьдралд сайн яваад байх шиг санагддаг. Тийм хүүхдүүд сурч байх хугацаандаа өөрийгөө жинхэнэ утгаар нь олдог байх. Энэ ийм сайн сурчболоод байхад би чадаж л таарна гэж өөрийгөө ирлэж, тэмүүлж сурсан учраас илүү амьдралын ухаан суудаг юм шиг. Тийм хүүхдүүд одоо ч гэсэн мэндгүй зөрнө гэж байхгүй. Гэтэл сайн гэж дандаа магтуулдаг хүүхдүүд хамгийн наад зах нь үг дааж сураагүй байдаг. Муу хэлүүлж сураагүй. Сэтгэлийн хатгүй болчихдог юм шиг. Хамгийн эхний бэрхшээл тулаад ирэхэд л шантардаг. Дандаа магтуулаад арван жил болчихоор амьдрал тэр чигтээ тийм дардан байх шиг сэтгэдэг. Тэр хэрээр гундаж, амьдралд уруудах нь элбэг санагдах юм. Гэхдээ энэ миний хувьдаа хийсэн ажиглалт. Бусад багш нар юу гэхийг мэдэхгүй
–Таныг багшилж байх үед захидал их бичдэг байсан цаг. Захиа, занаа шавь нараас ирнэ биз?
-Өчнөөн бий. Хоёр алимны хайрцаг дүүрэн захидал байгаа. Шуудангаар ирдэг, цаасан дээр буулгасан, сэтгэлийн үгтэй захидал гэдэг бол хамгийн үнэтэй зүйл юм байна. Танаар хичээл заалгаж байсандаа баярладаг, таны хэлсэн үг үнэхээр үнэн байсан гэсэнүгтэй захиа их ирдэг байлаа. Би яг өөрийнхөө мэргэжлээр хувьчилж конкурсэнд бэлддэг байсан юм. 256 хүүхдийг их дээд сургуульд элсэх конкурсэнд бэлдсэн. Бүгдээрээ их, дээд сургуульд орсон шүү. Тэднээс минь 178 нь яг миний мэргэжлээр буюу нийгмийн ухаанаар их дээд сургуульд элсэн суралцаж байлаа. Үүгээрээ их бахархдаг. Энэ тооноос улбаалаад хүүхдүүдийн даган дуурайхыг эрмэлздэг багш байсанюм болов уу гэсэн “горьдлого” төрдөг. Тан шиг багш болохсон гэсэн үг сонсох ямар сайхан санагддагийг зүйрлэх юм биш.
–Сэтгэлд үлдсэн, өнөө хэр дурсагдаад байдаг захидал гэвэл алийг нь онцлох вэ?
-Миний нэг шавь алдаж эндээд шоронгийн хаалга татаж байсан юм. Хамгийн сахилгагүй гэж яригддаг байсан хүүхэд л дээ. Шоронд ороод надад таван удаа захидал бичлээ. Хамгийн эхний захидал нь харамслаар дүүрэн. Хоёр дахь захианаасаа өөрийгөө буруутгасан, ухаарсан, өөрт нь хэрэгтэй юм хэлдэг байсан дотнын хүмүүсээ санагалзсан хандлагатай боллоо. Сүүлийн захидал нь огт өөр өнгө аястай. Сайхан амьдарна гэсэн итгэлээр дүүрэн захидал. Удаагүй тэр газраасаа гарсан. Одоо маш сайн явж байна. Сайхан гэр бүлтэй. Нүүр бардамамьдарч яваа. Баяр ёслолын өдрөөр над руу утсаар ярихаар өөрийн эрхгүй уйлдаг (нүдэнд нь нулимс цийлэгнэв). Миний шавь алдаж эндчихээд өөрийнхөө хүчээр өндийж босч чадсан. Одоо ангийнхны маань хэн нэгэнд ямар нэгэн зовлон бэрхшээл тулгарахад л тэр маань хамгийн түрүүнд зохион байгуулна. Ерөнхий координатор. Над руу багш нарын баяр, төрсөн өдрөөр ярьдаг, цагаан сараар ирж золгодог шавь нарын маань нэг. Төрсөн өдрөөр ярихаар нь баярлалаа гэж хэлчихээд нулимсаа дуслуулна. Багшийгаа баярлуулсан сайхан хүү дээ.
–Багш ямар байхаас хүүхдийн хувь заяа шалтгаалдаг гэдгийг ухааруулсан сайхан жишээ байна. Багш хүнд байх ёсгүй чанарын талаар яриагаа үргэлжлүүлье?
-Хүүхдийг ялгаж үзэхгүй байх. Хөрөнгө мөнгө, сурлага, өмссөн зүүснээр нь ялгах эрх багшид байх ёсгүй.Зүрх сэтгэлээсээ хүүхэдтэй харилцдаггүй багш байна шүү. Харамсалтай санагддаг. Хүүхдийг ялгаж үздэг, хүүхдэд чин сэтгэлээсээ ханддаггүй багш хүүхдийн хувь заяаг хүртэл өөрчилдөг. Тийм жишээ миний амьдралд ч байна. Дүү минь сурлага сайтай, сайн хүү байлаа. Ганц, хоёрхон удаа даалгавраа хийлгүй ирж, багшаасаа айснаас болж худлаа хэлснийх ньтөлөө мөнхөд “Чи муу” гэж чичлүүлснээсээ болоод сургуульдаа дургүй болчихсон. Тэрэндээ өнөөдрийг хүртэл харамсдаг. Би өөр багшийн ангид байсан огт өөр амьдрах байсан даа гэж хааяа ярьдаг юм. Үнэхээр үнэн. Багш гэдэг хүн хүүхдийн хувь заяанд нөлөөлдөг. Дахиад хэлэхэд хүүхдийг ялгаж, чичилж харьцах эрх багш хүнд байх ёсгүй. Хар хорын сэтгэлгүй, гэнэн цайлган хүүхдүүдийн хэнийг нь яаж ялгах вэ дээ. Манай сургуулийн дал гаруй хувь нь дандаа залуу багш нар. Би залуу багш нартаа “Хамгийн гол нь сэтгэлтэй ажилла” гэж захидаг юм. Сэтгэл гаргах л юм бол аяндаа зүтгээд эхэлдэг. Зүтгэж байгаа юм чинь амжилт гарч л таарна. Наад зах нь “Багшаа сайн байна уу” гэж хэлсэн хүүхдийн өмнөөс инээгээд мэндлэх хэрэгтэй. Анзаараад байхад зарим багш хүүхэд мэндлээд байхад сонсоогүй юм шиг яваад өгдөг. Мэндэлж байгаа хүүхэд яаж үлдэх вэ гэдгийг огт тоодоггүй. Инээгээд сайн байна уу гэчихэд багшаас юу ч унахгүй. Гэтэл багштайгаа мэндэлсэн хүүхэд “Багш миний өөдөөс инээгээд мэндэллээ” гээд тэр өдөртөө баяр хөөртэй явна. Инээд бол өгч байгаадаа ямар ч гарзгүй өгсөн хүндээ хамгийн том бэлэг.
–Хэцүү хүүхдийг зөв, сайн хүн болгоход багшийн нөлөө хэр их гэж та боддог вэ?
-Маш их. Би тийм хүүхдүүдтэй ажиллах дуртай.Багш гэдэг өнцгөөс дээрээс нь харж биш. Яг зэрэгцэж сууж байгаад илэн далангүй ярилцдаг. Өчнөөн жишээ авч ярина. Гэр бүлтэйгээ ч холбож ярина. Тэгээд итгэл өгдөг. Тийм хүүхдүүдэд итгэл өгөхөөр хүний итгэлийг алдахгүйн төлөө ямар их сэтгэл гаргаж хичээдэг гэж санана. Гэтэл тийм хүүхдүүдэд ихэнх хүн итгэдэггүй шүү дээ. Итгэл дааж амьдарна гэдэг эрхэм дадлыг би хүүхдүүдээсээ авсан.Дээд сургууль төгсөн төгстлөө хүний итгэлийг дааж амьдрахын утга учрыг бараг мэддэггүй байсан гэхэд хилсдэхгүй. Багш болоод л итгэл ямар чухал гэдгийг ойлгосон. Хүний итгэлийг дааж амьдрахсан гэсэн хүслээ амьдралынхаа зарчим болгосон.
–Би ямар азаар багш болсон юм бэ гэж бодох тохиолдол зөндөө л дөө. Гэхдээ онцлоод ярих тохиолдол бий байх?
-Ханиа алдаад хэцүү байхад шавь нар маань ирж байлаа. Өнгөрсөн зун Монгол Улсын гавьяат багш болоход бүгд утасдаж баяр хүргэсэн. Сураг тасарсан хүүхдүүд хүртэл энд тэндээс залгасан. Амьдралын жаргал, зовлонтой үед шавь нар минь дэргэд байлаа. Энд тэнд явж байхад сайн уу багшаа гээд хүрээд ирэх бас их гоё агшин. Сүүлийн жилүүдэд захирлаар ажиллахаар анги даахаа больчихож байна л даа. Есдүгээр сарын нэгэнд захирал гэдэг утгаараа цэцэг бэлгэнд авдаг ч ангийн багш нар өөр шүү. Тэвэрт багтахгүй шахам цэцэгтэй болдог. Багш хүнд хамгийн том бэлэг бол шавиасаа цэцэг авах. Есдүгээр сарын 1-нд жаахан “гуниглана” аа (инээв). Гэхдээ хэдэн жилийн өмнө нэг баяртай үйл явдал тохиосон шүү. Сурагчид маань “Та зааланд ороод ирээч” гэдэг юм. Яваад ортол заал дүүрэн хүүхдүүд. “Мөрөөдөл биелдэг юм” нэвтрүүлгийнхнийг урьчихаж. Гайхаад учрыг нь асуутал”Сурах орчныг минь таатай болгож, мөрөөдлийг минь биелүүлсэн учраас ийм нэвтрүүлэгт оруулсан юм аа” гэцгээгээд их гоё бэлэг өгсөн. Царан дээр сэтгэлийн үгээ бичээд өгсөн. Миний авсан хамгийн том бэлэг энэ дээ.
Ц.БААСАНСҮРЭН