Categories
мэдээ нийгэм

“Гаруда” бүтээн байгуулалтын дээд шагналын эзэд тодорлоо

Улаанбаатар хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан баялаг бүтээгчдийг алдаршуулах, урамшуулах зорилго бүхий “Гаруда” дээд шагналын эзэд тодорлоо.

Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгж, бүтээн байгуулалтыг тодруулах энэхүү шагнал нь барилга байгууламж, авто замын бүтээн байгуулалт, дэвшилтэт техник технологи бүхий үйлдвэр, брэндинг, франчайзинг гэсэн таван төрөлд 50 гаруй аж ахуйн нэгж нэр дэвшин өрсөлдсөн юм.

2017 онд Улаанбаатар хотод улс, нийслэлийн төсвийн 340 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт өрнөсөн гэдгийг НЗД С.Батболд шагнал гардуулах ёслолын үеэр онцлов. Тэрбээр, “Улаанбаатар хотын үзэмжид өнгө нэмсэн бүтээн байгуулалтыг төсвийн эсхүл хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт гэж ялгахгүйгээр өрсөлдүүлж, шилдгүүдийг тодруулдаг. Жил ирэх тусам баялаг бүтээгчдийн хурц оюун ухаан, цуцашгүй хөдөлмөр, мэргэжлийн өндөр ур чадвараар их хотод өвөрмөц шийдэлтэй барилга байгууламж, дэд бүтэц тохижилт, нийслэлийн нэрийг олон улсад таниулах брэнд бүтээгдэхүүн цэцэглэн хөгжсөөр байна. Шинэ Улаанбаатарыг цогцлоон байгуулж, аз жаргалтай ирээдүйг үр хойчдоо үлдээхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа туйлын чухал юм. Тиймээс НЗДТГ хувийн хэвшлийнхэнтэйгээ үргэлж хамтран ажиллах болно” хэмээв.

Ингээд Нийтийн хоол, нарийн боовны үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны салбарт 18 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй “Серж интернейшнл” компанийн “Милая” сүлжээ “Нийслэлийн шилдэг брэндинг” төрөлд тэргүүлсэн юм. Хагас болон бүрэн боловсруулсан бүтээгдэхүүн, нарийн боовны худалдаа эрхлэгч Милая сүлжээг 2008 онд Монгол Улсад нэвтрүүлсэн бөгөөд эдүгээ нийслэлийн өнцөг, булан бүрт 20 гаруй салбар нэгжтэйгээр үйл ажиллгаа явуулж байна. Харин тус төрлийн Тусгай байрт “МОНХИМО” үйлдвэрийн “Адуу” брэнд шалгарав.

“Нийслэлийн шилдэг франчайзинг” төрөлд “Улаанбаатар Смарт Карт” шалгарсан. 2014 онд нийслэлийн нийтийн тээврийн салбарт дэвшилтэт тоног төхөөрөмж, цахим төлбөрийн систем” нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлж байна. Тус компани нийтийн тээрийн үйлчилгээний зорчих хөлс төлөлтийг бэлэн мөнгөөр хийдэг байсныг одоогийн цахим тогтолцоонд нэвтрүүлж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулсан юм.

Харин “Нийслэлийн дэвшилтэт тоног төхөөрөмж бүхий үйлдвэр”-ээр барилгын салбарын анхдагчдын нэг болох “Хараа сүмбэр” компанийн Цийдмэг будгийн үйлдвэр шалгарлаа. Герман технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн тус үйлдвэр дэлхийн жишигт нийцсэн суурь цавуу, шингэн хар цаас, усан суурьтай будаг, төрөл бүрийн бетоны нэмэлт, модны лак, ус тусгаарлагч, радиотарын будаг зэргийг үйлдвэрлэж, дотоодын зах зээлд нийлүүлж буй юм. Түүнчлэн “Шилэн хийц” компанийн Хатаасан шилний үйлдвэр энэхүү төрлийн Тусгай байрыг эзлэв.
“Шилдэг автозамын бүтээн байгуулалт” төрөлд “Эко тогтол” компанийн бүтээн байгуулсан Налайх дүүргийн гол замууд болох Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны 1.3 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил тэргүүллээ. “Эко тогтол” компани 2.8 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр тус бүтээн байгуулалтыг өрнүүлж, хуучин хоёр эгнээ байсан авто замыг 14 метр өргөнтэй 4 эгнээ болгон шинэчилж, 3 метр өргөнтөй явган хүний зам, гадаргууны ус зайлуулах байгууламж, гэрэлтүүлгийг цогцоор нь шийдсэн юм.Тусгай байрт “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар”-ын гүйцэтгэсэн П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлгийн 149 автомашины зогсоолын бүтээн байгуулалт шалгарлаа.

Мөн өнгө үзэмж, өвөрмөц шийдлээрээ “Хурд” группын барьсан үйлчилгээ, ажлын байрны чиглэлийн “Хаан банк” шилэн цамхаг “Шилдэг барилга байгууламж” төрөлд шилдгээр шалгарсан.Уг барилга Энхтайваны гүүрний зүүн урд талд байрлаж буй юм. Харин тусгай байрт саяхан ашиглалтад орсон МУИС-ийн номын сангийн шинэ барилга шалгарав.

Шагнал гардуулах ёслолын үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан, “Нийгэм эдийн өөрчлөлт, шинэлчлэлийн эхлэл нь баялаг бүтээгчид байдаг. Баялаг бүтээгчид олон байхын хэрээр улс орон өргөжин хөгжинө. Бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүн, бүтээн байгуулалтууд Монгол Улсын нэр хүндийг дэлхийд өргөх боломж бүрэн бий. Тиймээс нийслэлийн удирдлагууд бизнес эрхлэгчдээ татварын орчин болон бусад бодлогын зөв шийдлээр дэмжих боломжийг эрэлхийлэх болно” гэлээ.

“Гаруда” нь нийслэлийн бэлгэ тэмдэг болох Хангарьд шувууг илтгэж буй аж. Хангарьд нь бат түвшин эрэмгий байдлыг илэрхийлж нийслэл хот өргөжин алдар нэр нь тив дэлхийд мандан бадрах утга санааг агуулжээ. Мөн Хангарьд нь магнайдаа төрт ёс, эрдэм мэдлэгийн бэлгэдэл соёмбо тэмдэгтэй, баруун гартаа түмэн олондоо үүд хаалгаа цэлгэр сайхнаар нээж өөдлөн дэвших санааг илэрхийлсэн очир бариулт түлхүүр, зүүн гартаа энэлэн үгүй ариун тэгш оршихуйн баталгаа бадамцэцэг нандигнан барьж, аливаа хорын үндсийг эгнэгт устган дарах санааг илэрхийлэн могойг гишгэн зогсож буйг дүрсэлжээ.
Энэхүү шагналын эздийг нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөгжилд өндөр хувь нэмэр оруулсан, техник технологи, бүтээгдэхүүн үйлчилгээ нь байгаль орчинд ээлтэй, ажлын байр олноор бий болгосон, эрүүл, аюулгүй байдал, хөдөлмөр хамгааллын стандартыг хангаж, Улаанбаатар хот, дүүргүүдийн хөгжлийн чиг хандлагад тулгуурласан зэрэг шалгуураар тодруулдаг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *