Categories
мэдээ соёл-урлаг

Ганц модны сүнс/Өгүүллэг/

Тэргэл охин угийн ууланд зугаалах дуртай учир амралтынхаа өдөр ч гэсэн тэрээр найз залуутайгаа хамт цэцээ гүний оргилд гарахаар шийджээ. Ер нь бол хүмүүс их явдаг бас зам нь тэмдгэлгээтэй байдаг гэж тэр сонсжээ. Тэгээд төв аймгийн төв дээр буугаад тэндээсээ алххаар шийджээ. Болохгүй бол тэр хоёр ууланд хонох ч бэлтгэлтэй гарч иржээ. Зуны сайхан налгар цаг болохоор гадаа хоноход сайхан байх болно гэж тэд боджээ. Тэд үүргэвч пүүгээгээ үүрээд уулруу алхаад байлаа. Аймгийн төвөөсөө хойшоогоо 6 км орчимд байдаг Манзуширын хийдээр дайрч тэр хоёр зургаа авахуулж, уулын энгэрт хадан дотор байрлуулсан хадан дээрх бурхадын зургийг харан гайхан биширч явлаа. Үнэхээр үзэсгэлэнтэй газар юмаа гэж Тэргэл охин дуу алдан явж байлаа. Харин найз залуу Цэцээ нь анх удаагаа өөрийн нэртэй адил уулын оргилд гарах гэж байгаадаа сэтгэл нь догдолж хурдхан шиг оройд нь гаръя гэж түүний гараас хөтлөн гүйж байлаа. Тэд уул даван явсан боловч замаа алдчихлаа. Гэхдээ зүгээрээ хоёулаа хамгийн өндөр оргилыг бараадаад явахад л болно ш дээ гэж Цэцээ бууж өгөх дургүй зангаараа цааш явахыг санал болголоо.Тэргэлд ч түүнтэй хамт байгаа болохоор юунаас ч айхгүй байлаа. Модон дундуур алхсаар тэд ядран авчирсан ус, ундаа, идэх юмнуудаа гаргаж ирэн ойн цоорхойд тухлан суугаад идэж гарлаа. Тэд хөгжилтэй юм ярин шувуудын жиргэхийг сонсон ойд ийм гоё байдаг байхнээ гэж эргэн тойрноо хайрын нүдээр сониучирхан харж байв. Тэгээд тэд амарч байгаад цааш явлаа. Тэд нар жаргаж эхэлэхэд нэгэнт очиж чадахгүйгээ мэдэн ядарчихлаа хоёулаа эндээ хоночихоё, юуны тулд майхантай ирсэн билээ дээ, харин хаана хонохуу, аятайхан шиг газар хайж олъё гэж Тэргэлийг хэлэн Цэцээрүү харахад, тэр ч гэсэн дээшээ хараад санаа алдан өөр арга байхгүй бололтой маргааш бас л амралтын өдөр юм чинь гэж бодоод зөвшөөрлөө. Тэд майхнаа барих газар хайн нэлээд явж байтал тэртээ уулын энгэрт нэгэн ганц мод сүглийн харагдаж байлаа. Яг л тэднийг нааш ир, нааш ир гэх шиг мөчирөө салбалзуулан салхины аясаар бөхөлзөн нахилзаж байв.

-Яг тэр мод байна, тийшээ явья гэж Тэргэл тэртээх уулын энгэрийн ганц модыг заахад Цэцээ дурамжхан байсан ч түүнийг дагахаас өөр аргагүй даган сажиллаа. Яагаад гэвэл найз охин нь их дураараа өөрийнхөөр нь байхгүй бол улам ч зөрүүдлэн зүтгэдэгийг мэддэг байлаа. Тэд модны дор хүрч ирэн үүргэвчнүүдээ тавихад модноос нэгэн улаан даавуу уяатай байлаа.

-Хүүеэ энэ юун улаан даавуу вэ, их сонин газар байх чинь хоёулаа энд хонохоо больёо гэж Цэцээг буцаан үүргэвчээ авах гэхэд угийн зөрүүд найз охин нь түүний гараас барьж авч уруулуу унжуулан эрхлээд

-Би энд л хономоор байна, энэ даавуу ямар хамаатай юм бэ, аваад л хаячихъя гэж очин нөгөө даавууг угз татан авахад угийн өмхөрсөн даавуу амархан урагдхад тэрээр холоо гэгч нь авч шидээд эргэж ирэн

-За болчихлоо, одоо юу нь таалагдахгүй байна, чи хар л даа энэ модны гоо үзэсгэлэнг гэж дээш хоёр гараа өргөн инээмсгэлэн харахад нь

-Энэ мод яагаад ганцаархнаа энэ энгэрт үлдсэн юм бол, бас тэгээд яг л залуу мод шиг навч мөчирөөрөө гайхуулан байна шүү гэж Цэцээ хэлээд өнөө шөнө хэр хань болохыг харж л байя даа гэж дооглонгуй хэлээд үүргэвчээ буцаан тавьхад мод сонсох мэт навчисаа сэржигнүүлэн найгаж байв.

-Өнөө шөнө бороо орохгүй байгаа гэж түүнийг хэлэн майхнаа задалж эхлэхэд

-Ямар ч бороо орохгүй ээ, би гурван хоногийн цаг агаар харсан, ойрд бороо орохгүй гэж байна лээ гэж хэлэн тэрээр модны ёроолд байсан ганц цагаан цэцгийг тасдан авч ирээд

-Алив энийг үсэнд минь зүүгээд өгөөч хайрт минь гэж аальгүйтэхэд найз залуу нь үсэнд нь зүүж өгөөд

-Би чамд хайртай гэж хэлэхэд бүсгүй ч бас би чамд хайртай гэж хэлэхэд тэрээр түүнийг үнслээ. Тэднийг эрхлэн нялуурч байхад модны саглагар мөчир дотороос нэг нүд тэднийг хараад ч байгаа юм шиг эвгүй санагдахад Цэцээ босон дахин майхнаа барьж эхэллээ.

-Чи яагаавээ, юу болоов гэж найз охиноо гайхан дэргэд нь очиход

Энэ мод нэг л бишээ, биднийг хараад ч байгаа юм шиг бурхан минь галзуурахнээ, чи яагаад заавал энд хоноё гээд байгаа юм бэ, ер нь бол монголчууд ийм ганц нэг сондгой мод чулуун дээр суудаггүй ойртдоггүй байсныг чи ер нь мэддэггүй юмуу гэж уурлан гадсаа шидэн босоход

-Үгүй ээ яалаа гэждээ, хонгор минь энэ их сайн мод, чи харж байна уу, алив ингээд тэврээд үзээч, тэгвэл чи тэрний зүрх сэтгэлийг нь мэдрэх болно гэж гүйж очин бүдүүн модыг тэврэн аваад чихээ наан удаан зогслоо. Ганц удаа л чиний зөв байна уу буруу байна уу гэдгийг яахав батлаад өгье л дөө гэж Цэцээ бодон түүний энэ зөрүүд занг ганц удаа тэвчихээр шийдэн буцан суугаад юмаа хийж эхэллээ. Удалгүй шөнө болж тэр хоёр жижигхэн майхандаа орон унтахаар тэврэлдэн хэвтлээ. Тэгээд баахан юм ярьж байгаад охин гэнэтхэн л найз залууруугаа харан

-Хүүеэ хоёулаа гарч од харах уу, одоо ямар гоё харагдаж байгаа бол гэхэд

-Үгүй ээ үгүй би гармааргүй байнаа, ер нь хурдхан шиг л өглөө болоосой, би унтлаа гээд буруу харан хэвтэхэд

-Үгүй ээ хоёулаа гаръя л даа, би энэ майханд чинь бүгчимдэж үхэх нь байна гэж тэрээр тийчлэн босож ирээд майхны цахилгааныг доошлуулан ганцаар гаран зогслоо.

-Хөөх гадаа ямар гоё байнаа, чи гараад ирээч, тэр дээр долоон бурхан од ёстой сайхан харагдаж байна даа гэж ганцаараа ярьж байснаа гэнэт чимээгүй болчихов. Цэцээгийн санаа нь зовон, үгүй энэ чинь хаачихдаг байнаа, ганцаараа энэ эзгүй ууланд айхаа мэддэггүй юм байхдаа гэж бодон

-Хүүе Тэргэлээ ороочээ, юу хийгээд байгаа юм бэ гэж орилсон боловч чимээ алга, тэгээд хэсэг чимээ чагнаж байгаад дахиад л нэрээр нь дуудлаа. Ер хариу өгдөггүй, айх шиг ч болж гарах гэж байтал майхных нь араар хөлийн чимээ гарч тэгснээ майхан дээр нь нэг хүн гараараа дараад байгааг тэр харав.

-Тэргэлээ чи юу, битгий хүн айлгаад байл даа, алив ороод ирээч гэж дагжин чичирч хөдөлж чадахгүй байж байтал

-Хүүеэ, чи гараад ирэхгүй юмаа, ёстой муухай гэсээр Тэргэл майханд юу ч болоогүй юм шиг шурган орж ирэхэд

-Чи сая майхны араар явсан уу гэж айсан нүдээр түүнрүү харахад

-Юу яриад байгаа юм бэ, би тэр хэсэг хадны тэнд очиж сууж байгаад л ирлээ, чи одоо айгаад байгаа юм биш биздээ, эр юм байж гэж тас тас хөхрөхөд нь

-Цэцээ түүний амыг даран, … чи битгий инээгээд бай л даа, сая нэг хүн манай майхны араар яваад тэгээд гараараа дараад байсан, би харсан гэж аяархан хэлэхэд

-Чи одоо арай сүнс энэ тэр байна гэх гээд байгаа юм биш биздээ, хүн айлгаад байхын, за за унтаяа гэж хэлээд тэрээр мешокондоо шурган орлоо.

-Унтах ч арга алга гэж Цэцээ дотороо бодсон ч муу юм бодохгүй байхыг хичээн, зүрхээ даран найз охиноо тэврэн хэвтлээ. Тэгээд нэг мэдэхэд тэд унтаж орхисон байв. Гэтэл гэнэт л гадаа бөө бөөлөх мэт түн тан хийсэн чимээ гарав. Цэнгэл гайхан өндийгөөд

-Энэ харанхуй шөнөөр юун бөө энд ирдэг билээ гэж бодонгоо сайн чагнавал яах аргагүй л хэнгэрэг нүдээд байх шиг чимээ гарч байв. Тэрээр Тэргэлийг сэрээрэй, сэрээрэй гэж сэгсчин – энэ гадаа нэг бөө ирчихсэн бололтой, чамд сонсогдож байна уу гэхэд

-Найз охин нь босож ирэн нүдээ нухлаад

-Тэгээд гараад харчихаач дээ, алив би гарахуу гэхэд нь

-Хэрэггүй ээ, дандаа чи гарна гэж юу байхав, би чинь эр хүн юм байгаа биздээ, би хараадхая гэж Цэцээ хэлээд майхны цахилгааныг аяархан дээшлүүлэн гадагш харлаа.

Юу ч харагдахгүй байв. Сонин л юм даа, яах аргагүй сонсогдсон л юм даа гэж тэрээр буцан суув.

-Надад юу ч сонсогдохгүй л байна шдээ, чи одоо хүртэл сонсож байна гэжүү гэж Тэргэлийг асуухад

-Харин ээ, одоо юу ч сонсогдохгүй байна гэж хэлэхэд

-Тэгж л таарнаа, за хоёулаа унтая гэж хэлээд тэд буцан унтахаар хэвтлээ.

Цэцээ дахиад л сэрчихлээ. Тэгээд хар дарж зүүдэлсэндээ хөлс нь гарч хажуу тийшээгээ харвал найз охин нь байхгүй байлаа. Хаачихдаг байнаа гэж тэрээр майхнаас ухасхийн гарвал найз охин нь толгойгоороо бүсээ оосорлоод модны мөчирөөс өөрийгөө дүүжлэхээр зогсож байв.

-Хүүеэ Тэргэлээ чи яаж байнаа, алив сэрээчээ гэж гүйж очин тэвэрч авхад тэрээр сая л сэрэн ухаан орж өөрийгөө яагаад энд явж байгаа юм бэ гэж гайхан харахад нь

-Хоёулаа ерөөсөө яг одоо эндээс явьяа, алив явья гэж Цэцээ гараас нь зуурхад гэнэт охин шөнийн харанхуйг цочоон тас тас хөхрөөд суучихав.

-Бурхан минь, чи яаваа, эндээс явья гэж түүний гараас барьж авхад тэрээр аймшгийн улаан нүдтэй болчихсон түүнрүү яг л барьж идэх гэж байгаа юм шиг харав. Цэцээ гарыг нь тавиад тэндээс зугтан гүйлээ. Гэвч хаашаа ч явсан найз охиных нь биед орсон тэр шулам урд нь гарч ирж зогсчихоод явуулахгүй байв.

-Нэг харахад найз охин нь юм шиг, нөгөө харахад арай өөр эмэгтэй юм шиг харагдаад тэрээр модноос хаашаа ч холдож чадахгүй доор нь унахад модны хоёр мөчир бөхийн түүний хоолойг багалзуурдан авлаа. Тэгэхэд эмэгтэй хүний хахирган ёрын инээдээр тэр мод яг л өшөөгөө авч байгаа юм шиг инээж байгаа нь харанхуйг цочоож байлаа. Цэцээ модны мөчиртэй ноцолдон хоолойноосоо салгах гэж тэмцэлдэн байхад өнөө хувилсан сүнс хажууд нь ирж суугаад гэдэснээсээ нэгэн улаан нялзрай юм ухан гаргаж ирээд энгэртээ тэврэн бүүвэйлж гарав. Цэцээ арай гэж мултраад тэндээс холдон гүйлээ. Гэтэл ашгүй нэг морьтой хүн хар хурдаараа урдаас нь давхин ирж яваа харагдав.

-Туслаарай гэж тэрээр орилсоор тэр хүн дээр гүйж ирэн морьноос нь зүүгдэн нөгөө мод руу заахад

-Тэгнээ тэр, та хоёр яах гэж энд ганц модон дээр хоносон юм бэ, энд хонож болдоггүй юм шүү дээ гэж тэр хүн хэлээд модон дээр давхиж очин морьноосоо буугаад цааш харан суух охин дээр очин мөрнөөс нь татхад аймшигтай дүр зураг өмнө нь харагдав. Хөөрхий охины гэдсийг нь хүүлээд хаячихсан байлаа. Тэрээр цусандаа хутгалдан мод налан уналаа.

-Еэ чааваас дахиад л нэг хүний амийг авч одлоо. яасан нүгэлт мод вэ гэж тэр хүн хэлэн халаглаж байхад Цэцээ ойртон ирээд найз охиноо гэдсээ хүүлэн үхсэн байхыг хараад ухаан алдан уналаа. Тэгээд нэг сэргэхэд тэрээр нэг айлд хэвтэж байлаа.

-Юу боловоо, энэ зүүд байсан биздээ гэж тэрээр өөрөө өөртөө хэлэн босож ирэхэд шөнийн харсан нөгөө хүн юу ч болоогүй юм шиг цайгаа оочлон сууж байв. Учир явдалыг тодруулхад тэр хүн бөө хүн байсан бөгөөд тэр шөнө онгод нь унтуулахгүй тэр ганц модруу яв гээд байжээ. Тэгээд аргагүйн эрхэнд давхисаар ирэхэд ийм явдал болчихсон байлаа даа дүү минь гэж хэлэхэд нь Цэцээ уйлан

-Та яагаад арай эрт ирж болоогүй юм бэ, тэгвэл найз охин маань ч амьд байж болох байсан шүү дээ гэж хэлэхэд

-Тэр мод нэг домогтой юм. Эрт цагт их хэлмэгдэлтийн үед найз залууг нь барьж авч явахад найз бүсгүй нь хөл хүнд байсан юм гэдэг. Тэгээд энэ ууланд явж байгаад нөхөрөө цаазлуулсныг сонсоод өөрийгөө энэ ганц модноос дүүжлэн амиа хорлосон юм гэдэг. Тэгээд л тэр цагаас хойш энэ мод хүний амийг авах болсон юм. Тэр модонд тэр бүсгүйн сүнс хорогдсон гэж ярьдаг юм даа гэхэд

-Тэгээд яагаад энэ модыг ингээд байлгаад байдаг юм бэ, тайрч яагаад устгаагүй юм бэ гэж Цэцээг гомдоллон хэлэхэд

-Би уг нь энэ сүнсийг зайлуулъя гэж төлөвлөөд байсан юм. Гэтэл та хоёр хүрээд ирчихлээ дээ, энэ мод золиос болгох хүнээ дууддаг жамтай юм. Бид өнөөдөр энэ модны сүнсийг зайлуулах тахилга хийнэ, чи оролцвол оролцоорой гэж бөө хэлээд гараад явлаа.

Тэрхүү догширсон сүнсийг зайлуулах гэж нэлээд юм болж бөөг ид бөөлж байхад Цэцээгийн нүдэнд хайртай охин Тэргэл нь модон дээр суучихсан найгаж байгаа харагдлаа.

Тэргэлээ гэж түүнийг дуудан гүйж очиход хүмүүс түүнийг холдуулаад ойртуулсангүй. Бөө ч бөөлж дуусахын алдад түүнийг ширтэн нулимсаа арчин суух Тэргэл байсаар байлаа. Тэрээр түүнрүү харан – намайг зөрүүдэлж байсныг минь уучлаарай гэх шиг түүнрүү ирж чадахгүй ямар нэг юманд хоригдох мэт түүнрүү тэмүүлсээр байгааг нь харсан Цэцээ ч нулимсаа барьж дийлэхгүй түүнээсээ сална гэхэд төсөөлөгдөхгүй байхад

-Одоо салах ёс хий, битгий түүнийг бариад бай, тэр одоо нэгэнт энэ дэлхийн хүн биш болсон гэж бөөг гэнэт ууртай хэлэхэд Цэцээ сая л ухаан орон хайрт минь баяртай гэж хэлээд түүнрүү гараа далалхад тэрээр аажим аажмаар модонд уусан алга боллоо. Тэр цагаас хойш тэр модон дээр Цэцээ жил болгон ирдэг болсон бөгөөд түүнийгээ сангалзан замаасаа заавал нэг цагаан цэцэг таслан модонд зүүж өгдөг байлаа. Түүний сэтгэлд хорогдсон юмуу бүү мэд нутгийн хүмүүс тэрхүү энгэрийн ганц модон дээр заримдаа нэг бүсгүй хэн нэгнийг хүлээх мэт гуниглан суугаа нь холоос дурандахад харагддаг гэж ярилцах болжээ.

О.ӨНӨРЦЭЦЭГ 2014 ОН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *