Categories
мэдээ нийгэм

Гандангийн “Дашчоймпэл” дацан Эх нялхасын төрөхийн тасагт тоног төхөөрөмж хандивлалаа

Энэ онд Гандангийн “Дашчоймпэл” дацан үүсэн байгуулагдсаны 280 жилийн ой тохиож байна. Энэхүү ойдоо зориулж Эх нялхасын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Төрөхийн хүндрэлтэй эхчүүдийн тасагт тоног төхөөрөмж хандивлаж байна. Эх нялхасын тасгаар жилд 3500-4000 хүн үйлчлүүлдэг аж. Нийт гурван сая нэг зуун мянган төгрөгөөр тоног төхөөрөмжийг худалдан авчээ. Тоног төхөөрөмжийн зардлыг лам нар цалин зэднээс болон тодорхой хэдэн хүний хандиваар босгожээ.

Үйл ажиллагааны талаар “Дашчоймпэл” дацангийн гэвш М.Цэрэндорж:

“Дашчоймпэл” дацангийн 280 жилийн ойн хүрээнд буддын гүн ухааны лам нар номын мэтгэлцээн хийнэ. Мөн зургийн үзэсгэлэн гарна. Манайх бол гавжийн ганц дацан. Гандангийн гавж нар бүгд энэ дацангаас гарсан байдаг. Тиймээс 10 дугаар сарын 1, 2-д гавж нараасаа сүсэгтэн олондоо зориулж номын дуу сонсгох зорилготой байгаа.

Дашчоймпэл дацан нь нийт 150 хүний бүрэлдэхүүнтэй. Энэхүү дуслын шахуургыг худалдан авахад Гандангийн дацангуудын лам нар болон хөдөө орон нутгийн бүх хийдүүд оролцсон. Хийдийн 280 жилийн ойд зориулан буман дарь эх буюу 100 мянган дарь эхийн магтаалыг сүсэгтэн олондоо зориулан уншиж байгаа. Есдүгээр сарын 6-аас эхлээд уншиж эхэлсэн. 10 дугаар сарын 1, 2-д үргэлжлүүлэн монголын бүх лам нартай нийлэн уншина. Одоогийн байдлаар 36 мянга 700 хүртэл уншаад явж байна.

Дашчоймпэл дацан нь 1736 онд анх Долнуур гэж газар байгуулагдсан. Тэндээ 20 жил болоод одоогийн зүүн хүрээ Дашчойлин хийдэд нүүж ирээд тэндээсээ сургуулиудаа тусад нь байгуулах хэрэгтэй юм байна гэж үзээд баруун хүрээ Дашчоймпэл, Гунгаачалан, Дэчингалав хийдүүдийг Ганданд төвлөрүүлсэн. Тэгэхээр энэ дацан нь Гандантэгчинлэн хийдийг байгуулалцсан том дацан юм. 1937 онд хэлмэгдүүлэлт болж гандангийн хурал номыг бүгдийг нь хаасан. 1944 онд ахин сэргэж буян мөргөлийн газар байгуулъя гэхэд Дашчоймпэл дацан хамгийн анх 7 ламаа явуулж Гандангийн хамгийн анхны үйл ажиллагааг явуулж байсан. МУИС-ыг анх санаачилсан хоёр хүн ч гэсэн Дашчоймпэл дацангийнх байдаг.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *