Categories
мэдээ цаг-үе

Гамшгийн зарлан мэдээллийн дуут дохиог иргэд ер тоосонгүй

Өчигдөр 16:00 цагт орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарлаа. 2011 онд Засгийн газар тогтоол гаргаснаас хойш дуут дохиог жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн пүрэв гаригт дуугаргадаг уламжлал тогтоод байгаа юм. Дуут дохионы үеэр иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд харьяа хороо болон аймаг, дүүргүүдийн Онцгой байдлын газар, хэлтсийн заавар, зөвлөмжийн дагуу гамшгаас хамгаалах дадлага, сургуулилтад хамрагдах ёстой байдаг. Нийслэлийн хоёрдугаар сургуулийн гадаа очиход сурагчид толгой дээрээ цүнх, номоо тавиад гүйлдэж гарч ирлээ. Багш нар нь хүүхдүүдээ хариуцаад хаана яаж зогсохыг заана. Зарим сурагч “Тийм ээ, хичээл цонхоллоо. Үдээс хойших хичээл орохгүй, гоё оо” хэмээн гүйж харайн хөөцөлдөхөд багш нар нь жагсаалдаа орж толгой дээрээ цүнхээ барихыг сануулна. Сурагчдаас чухам юу хийж байгааг нь, яагаад толгой дээрээ цүнх, номоо барьсныг нь асуувал “Газар хөдөлж байгаа болохоор цүнхээ толгой дээрээ тавьж байгаа юм”, “Газар хөдлөх үед биднийг ингэж толгойгоо хамгаалаарай гэсэн. Бид сургуулиас гарч ирэхээсээ өмнө дохио дуугарангуут ширээн доогуураа орсон”, “Газар хөдлөхөд ингэж хамгаалах ёстой гэсэн” хэмээцгээж байлаа. Энэ үеэр сургуулийг бүгд орхин гарсан ч дотор сурагч, багш нар үлдсэн тохиолдолд тэднийг хэрхэн аврах ёстойг үзүүллээ. Гамшгийн үед авран хамгаалах ажлыг хэрхэн хийх талаар сургалтад сууж мэдлэгтэй болсон багш, ажилтнууд баг болж ажиллаж сургууль дотор үлдсэн хүмүүсийг гаргаж ирлээ. Тэд дотогш орохдоо фэйсбүүкээр лайв бичлэг хийж хүмүүсийг хэрхэн эрж олж аваад үүрч гарч ирж байгааг том дэлгэцээр шууд харууллаа. Тус сургуулийн сургалт хариуцсан ажилтан Б.Туяатай уулзахад “Манай сургуулийн хоёрдугаар ээлжинд хичээллэдэг 22 бүлэг, 103 багш, захиргаа аж ахуйн 34 ажилчин, 775 сурагч аюулгүй байдлыг хангаж гадаа гарч жагслаа. Мөн аюултай бүсэд үлдсэн иргэдийг олж эмнэлгийн анхны тусламж үзүүллээ. Уг арга хэмжээнд 103 багш, захиргаа аж ахуйн 34 ажилчин 775 сурагч хамрагдлаа” гэсэн мэдээлэл өгсөн юм. Гадаа салхилж суусан ахмад настай хүмүүс “Энэ чинь түгшүүрийн дохио юу даа” хэмээн ойр зуураа ярилцана. Харин залуу хүмүүсийн хувьд гамшгийн дохио дуугарч байгааг ерөөсөө анзаарсан шинж алга. Зарим хүмүүс сургуулийн хашааны цаанаас “Эд юу хийгээд бужигнаад унав даа” гэсэн янзтай гайхан зогсох аж. Бага ангийн сурагчдыг сургуулиас нь авах гэж үүдэнд нь зогссон эцэг, эхчүүдийн хувьд гамшгийн дохиог тоож байгаа янз алга. Сургуулийн үүд нээгдэхийг хүлээж хаалган дээр багширч байв.

Сүхбаатарын талбайд очиход хөл хөдөлгөөнтэй байлаа. Онцгой байдлынхан, түргэн тусламж, ус суваг, цахилгаан түгээх сүлжээ, аврах анги, халдварт, хорио цээрийнхэн гээд олон байгууллагынхан хэдийнэ ирчихсэн байлаа. Газар хөдлөлтийн үед үзвэр үзэж байсан иргэдийг тухайн орчноос хэрхэн гаргаж, яаж аврах талаарх сургалт үзүүлж байлаа. Хүчтэй газар хөдлөлт Соёлын төв өргөөний орчимд их хүчтэй мэдрэгдсэнээс тус өргөөний урд хэсэг бүрэн нурж, цахилгаан тасарч, цэвэр бохир ус хальж үзвэр үзэж байсан 100 орчим иргэн танхимаас гарах боломжгүй хашигдаж, дарагдсан нөхцөл үүссэн хэмээн төсөөлж аврах үйл ажиллагааг явуулж байлаа. “Соёлын төв өргөө”-ний газар хөдлөлтийн гамшгийн үед аврах, хор уршгийг арилгах, түр байршуулах байрыг хэрхэн байгуулах схемийг томоор харуулж өлгөсөн байв. Мөн гал түймрийг унтраах, хүн, хүч, техник хэрэгслийг байрлуулсан схем зургийг ч өлгөжээ.

Дотор байсан иргэдийг аюулгүй газар буюу Сүхбаатарын талбайд гаргаж ирэв. Нэг иргэн газар хөдлөлтийн нуралтаас болж нуруундаа хүнд гэмтэл авсан учир түүнийг тусгай хэрэгсэл ашиглан хоёрдугаар давхрын цонхоор буулгаж ирлээ.

Түргэн тусламжийн эмч нар нэн даруй анхан шатны тусламж үзүүлж түргэний машин аваад явчихав. Газар хөдлөлтийн үеэр цэвэр, бохир усны шугам эвдэрч, тог цахилгаанд асуудал үүсдэг. Тиймээс гамшгийн үед зөвхөн Онцгой байдлынхан л ажилладаг гэж ойлгож болохгүй юм. Хүн гэмтлээ гэхэд эмч нар түргэн тусламж үзүүлнэ, тог цахилгаанд масс үүсвэл цахилгаан түгээхийн инженерүүд нэн даруй цахилгааныг нь салгаж хэрэгтэй арга хэмжээ авдаг бол ус сувгийнхан бохир, цэвэр усны шугам хоолойг засч, халдвартын ажилтнууд ариутгал халдваргүйжүүлэлт хийнэ. Ийм маягаар байгууллагууд маш нарийн уялдаа холбоотой ажиллах ёстойг энэ үеэр харуулж байлаа. Гамшиг ослыг далимдуулаад зарим этгээд хулгай дээрэм хийх тохиолдол гардаг юм байна. Ийм зүйл тохиолдож болзошгүйг иргэдэд сэрэмжлүүллээ. Нэгэн этгээд зурагт хулгайлахыг завдсаныг хэв журам сахиулах албаныхан илрүүллээ. Гамшгийн үеэр иргэдийг бүртгэхэд хоёр иргэн алга байлаа. СТӨ-нд үйлчлэгчээр ажилладаг, 47 настай Д, урлагийн тоглолт үзэж байсан оюутан, 20 настай Б нар алга болсон байлаа. Тэднийг эрэн сурвалжлахад Д нь гамшиг болохоос өмнө дэлгүүр орохоор ажлаас түр гарч явж байсныг харсан хүн байсан бол оюутан Д гамшгаас зугтаж арын хаалгаар гарч аюулгүй газарт очсон байсныг тус тус тогтоосноо зарлалаа. Энэ мэтээр гамшиг ослын үед аврах ажиллагаа, эрэн сурвалжлах ажиллагааг хэрхэн явуулдгийг бас ямар болзошгүй зүйл болдгийг сэрэмжлүүлэх үүднээс ийнхүү үзүүлэх сургалтаар харуулсан юм.

Гал унтрааж, цахилгаан, шугам сүлжээг аюулгүй болгосны дараа гамшигт өртсөн иргэдийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаа боллоо. Гамшиг ослын үед аюулгүй газарт хүргэх унаа тэрэг ирэхэд хоорондоо уралдаж, тэмцэлдэж бөөн шуугиан болдог. Иргэдийг аль болох тайван амгалан байж автобусандаа суухыг, суудал хангалттай байгаа учир яарч тэвдэхгүй байхыг сануулж байлаа. Бэлх зах дээр иргэдийг байршуулах байр, явуулын эмнэлэг барьж бэлдсэн бөгөөд гамшигт өртсөн иргэдийг автобусаар тийш авч явсан юм. Гамшгийн сургалтын үед иргэдийг нүүлгэн шилжүүлж байгаа нь анхны тохиолдол болж буйг Штабын дарга, Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга В.Гомбодорж хэлж байлаа.

Сургалтыг харж зогссон иргэд “Ёстой үнэмшилтэй юм. Яг гамшиг болчихсон юм шиг л харагдлаа. Хүмүүс шуугилдаад аврагчид хүмүүсийг зөөгөөд гал унтраад ёстой сүртэй юм боллоо”, “Гоё л юм үзчихлээ. Гэхдээ муу ёртой ч юм шиг санагдчихлаа”, “Үнэхээр гамшиг осол болбол мэдлэгтэй л байхгүй бол хэцүүхэн л юм болдог бололтой. Ямар азаар бид амгалан оронд төрчихсөн юм бэ” гэцгээж байлаа. Зарим иргэд ийм сургалтыг албан байгууллагуудад цувралаар зохион байгуулж байх хэрэгтэй юм, дуут дохионы аппаратыг нийслэлийн бүх дүүрэгт аль болох олон тоогоор байршуулахгүй бол захдуу газар, эсвэл том барилгуудад сонсогдохгүй байна гэхчилэнгээр санал бодлоо илэрхийлж байв. Улаанзагалмай нийгэмлэгийн гишүүд ч энэ үеэр гамшиг ослын үеэр иргэд яаж өөрийгөө аврах ёстойг, багаж хэрэгсэл, өмсгөлийг яаж өмсөхийг зөвлөж байлаа.

Гамшиг ослын үзүүлэх сургалт болж байгааг мэдээгүй иргэд “Соёлын төв өргөө шатаад байхад яагаад унтраахгүй байгаа юм. Манайхан ийм ш дээ. Зам талбай нь бөглөрчихсөн байхад гал командынхан яаж ирэх юм. Соёлын төв өргөө шатаад дууслаа ш дээ” гэж хий л бухимдаж гар утсаараа зураг авч байлаа. Энэ үзүүлэх сургалтын үеэр төв талбайн зүүн талын замын хөдөлгөөнийг хаагаад Соёлын төв өргөөний баруун хойд талд утаа тавьчихсан байсныг иргэд ингэж буруу ойлгосон байлаа.

Уг үзүүлэх сургалтыг харсан иргэд ямартай ч газар хөдөлсөн үед ямар арга хэмжээ авдгийг нүдээрээ үзсэн бол бусад иргэдийн хувьд харин юу ч мэдсэнгүй. Яагаад гэвэл дуут дохио дуугарч байхад түүнийг анзаарч сонсч байгаа хүн байсангүй. Ер нь л тоосон шинжгүй алхацгааж байсан нь харамсалтай. Зарим иргэн “Юу, тийм юм болсон юм уу. Би л лав дуут дохио сонсоогүй” эсвэл “Дуугарч л байсан. Дуугарлаа гээд яах вэ дээ” гэсэн байр суурьтай байлаа.

XI хорооллын оршин суугч, өндөр настан Т.Сэрээтэр “Дээр үед ийм гамшгийн дохио сонсоод бид чинь сүнсээ зайлтал айдаг байлаа. Ээжүүд нь үр хүүхдээ хөтлөөд хорт хийн баг зүүгээд хоргодох байр руу гүйдэг байлаа. Миний хувьд сая дуут дохиог эхлээд анзаараагүй юм. Сургуулийн хүүхдүүд гүйлдэж гарч ирэхээр нь сургуулилт болж байгаа юм байна гэж бодлоо. Ер нь хүнд сэрэмж хэрэгтэй. Аливаа улс орон юуны ч өмнө бэлэн л байх ёстой. Ийм сургалтыг үе үе явуулж байхгүй бол ийм дуут дохиог сонсоогүй хүүхдүүд их байх шиг байна” хэмээсэн юм. Гамшиг ослын үзүүлэх сургалтын үеэр Соёлын төв өргөөний дэд дарга, дуучин Б.Сарантуяатай уулзахад ийм төрлийн сургалтыг тогтмол явуулж байх нь зүйтэй. Манай мэргэжлийн албад ямар чадварлаг, хурдан шаламгай байгааг сургалтын үеэр харснаа хэлсэн юм. Тэрээр өнгөрсөн оны аравдугаар сараас энэ албыг аваад шинэ он гарангуут Онцгой байдлын албаныхантай хамтарч ажилчдадаа гамшиг ослын үед хэрхэн ажиллах сургалтыг хэд хэдэн удаа явуулсан юм байна. Ажилчид нь өмнө нь сургалтад сууж тодорхой хэмжээний мэдээлэлтэй болчихсон байсан учир өчигдрийн болсон үзүүлэх сургалтын үеэр үзэгчдээ аль болох сандраахгүй, өөрсдөө ч сандрахгүй бүгдийг нь гадагш аюулгүй гарахад нь тусалсан байна. “Соёлын төв өргөө бол Сүхбаатар дүүргийн томоохон обьектуудын нэг. Өнөөдөр ийм үзүүлэх сургалтыг манай дээр амжилттай зохион байгууллаа. Энэ үзүүлэх сургалтаас надад юу бодогдсон бэ гэхээр манай мэргэжлийн хүмүүс ажилдаа үнэхээр сайн юм байна. Хэрвээ гамшиг осол болвол тэдэнд итгэж болох юм байна гэсэн бодол төрлөө. Мөн байгууллагууд дээр ийм сургалтыг явуулах хэрэгтэй” гэж СТӨ-ний дэд дарга Б.Сарантуяа хэлж байлаа.

Өчигдөр дуугарсан гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио бол иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын газар хөдлөлт, байгалийн ямар нэг гамшигт бэлэн үү гэдгийг нь шалгасан шалгалт байсан. Гэтэл энд тэнд зохиосон үзүүлэх сургалтыг эс тооцвол үнэндээ Улаанбаатарын иргэд, монголчууд газар хөдлөлтөд бэлэн биш гэдэг нь харагдлаа. Гамшгийн дуут дохио дуугарахад ядаж зогтусаад эргэн тойрноо ажиглаж ойролцоо явж байгаа хүнээсээ юу болоод байгааг асуух ёстойсон. Хэрвээ жинхэнээсээ газар хөдөлбөл гудамжинд явж байсан хүн “Энэ чинь юу болж байна аа. Толгой эргээд газар дайвалзаад явчихлаа. Даралт ихэсч багасаад байна уу даа. Халуун цай ууя даа” гээд цайны газар бараадаж мэдэхээр тийм л хэнэггүй байгаа нь өчигдөр анзаарагдав. Ер нь гамшиг ослын үед ганц ч хүн нурангид даруулж, элдэв зүйлд өртөж нас бардаггүй юм гэдгийг Японы ард түмэн дэлхий нийтэд харуулдаг. Гамшгийн үед хүмүүс чухам юунаас болж амьсгал хураадаг вэ гэхээр гэнэтийн ослоос айж цочсоноос зүрх нь хаагддагтай холбоотой. Гэнэтийн осолд бэлэн биш байсан хүний л зүрх айснаасаа болж зогсдог гэсэн үг. Ингэхээр ерөөсөө л аливаа гамшигт бэлэн байх нь л учирч болох эрсдэлийг бууруулдаг гэдгийг ойлгох хэрэгтэй.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *