Categories
мэдээ цаг-үе

Гадаадын хөрөнгө оруулалтыг хөөн гаргаж, баруун биднээс нүүрээ буруулбал монгол төгрөг юаниар солигдоно

Хөрөнгөө бариад ирсэн гадныхныг элдвээр хэлж байгаад эх орноосоо хөөн зайлуулсныхаа горыг амсаж буй улс орны нэгэн тод жишээ бол Африк тивийн өмнөд хэсэгт орших Зимбабве улс болоод байна. Улсынх нь удирдагч долоо дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдож Геннисийн номонд бичгдсэн Роберт Мугабе гэж 91 настай хөгшин байгаад уржигдар төрийн эргэлтээр нэг юм сэнтийнээсээ буув бололтой.

Зимбабве улс байгалийн баялгаараа манайхаас хол давсан улс. Зэс, мөнгө, алт, цагаан тугалга, нүүрс, никель, кобальт, төмрийн хүдэр, асбест, хром, алмаз… үнэт эрдэс баялаг бүхэн бий. Энэ бүх орд руу нь гадны томоохон компаниуд тэртээх 70-аад оноос хөрөнгөө оруулж эхэлсэн нь үр дүнгээ өгч тухайн үедээ баян улс болсон. Дээр нь тус улсын хөдөө аж ахуйн салбар нь фермерийн зарчмаар онцгой сэргэж өндөр хөгжсөн. Гэтэл Мугабе гэдэг хүн 1980 онд төрийн эрхэнд гарснаар хэрэг бишидсэн юм. Иргэд нь гадны хөрөнгө оруулагчдыг хөөж, бүр алж талахдаа тулж, фермерүүдээс газрыг нь булаан авах төрийн бодлого хэрэгжсэн байдаг. Тэр үеийн Зимбабвегийн түүхийг харахад нийгмийн бүх эсэргүүцэл хөдөлгөөн нь яг л өнөөдрийн манайх шиг хэлбэр агуулга, зохион байгуулалт бүхий жагсаал эсэргүүцлээр эхэлж, тэр нь газар авсаар гадны гэсэн бүгдийг хөөн гаргаж, дотоодын баялагтаа төрийн оролцоо нь давамгайлсан байдаг.

Өнөөдөр Зимбабве улс бүрэн дампуураад байна. Үндэсний мөнгөн тэмдэгтгүй болтлоо шүү. Зимбабве дахь инфляцийн түвшин өнөөдөр 250 сая хувь буюу ухаан алдмаар их тоонд хүрлээ. Нэг ширхэг талх авахын тулд 300 тэрбум зимбабве доллар төлнө. Нэг талх авахын тулд дэлгүүр рүү шуудай дүүрэн мөнгө, эсвэл тэрэг дүүрэн мөнгө түрж явцгаадаг. Санаанд буумгүй байгаа биз. Гадны хөрөнгө оруулагчдыг хөөж гаргаад, бид өөрсдөө бүгдийг болгоно чадна гэж тэнэгтсэн ард түмэн ийм л болдгийг өнөөдрийн дэлхий ертөнцөд шившигтэйгээр тунхаглаж байна. Манайхны өнөөдрийн уул уурхай, гадны хөрөнгө оруулагчдын эсрэг үг, үйлдэл бүхэн цаашид газар авсаар байвал ийм л хувь заяа хүлээж байгаа. Өөр юу ч биш.

Ингэж аймшигтай дампууралд хүрсэн Зимбабвечууд өнгөрсөн мягмар гаригт үндэсний мөнгөн тэмдэгтээ нэг мөр устгаж Хятадын юанийг албан ёсоор өөрийн мөнгөн тэмдэгт хэмээн зарлалаа. Өвгөн Мугабегийн сүүлийн арга гэж хэлж болно. Өвгөн амьдрах эцсийн жилүүддээ амар жимэрхэн байгаад нүд анья гэсэндээ ард түмнээ Хятадын хавсарга ард түмэн болгов. Ер нь бол Мугабе ард түмэн нь өлбөрч үхдэгийн даваан дээр тулаад ирэхээрээ өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэдэг шиг хөрөнгө босгох зорилгоор олон ч удаа үнэт цаас гаргасан байдаг. Үүний улмаас улсынх нь мөнгөний ханш улам суларч, үндэсний хөрөнгөтнүүд болох баячууд нь ядуучуудын эгнээнд шилжиж, цөөнгүй баян иргэн гадны орнууд уруу дүрвэсэн билээ. Улс орон нь дампуурахаар үндэсний хөрөнгөтнүүд нь бүх хөрөнгөө аваад гадагшаа дүрвээд гарчихдагийн сонгодог жишээг бас Зимбабве харуулаад байгаа юм. Гадны хөрөнгө оруулагчид хөөгдөн гарсан, үндэсний хөрөнгөтнүүд нь ядуураад юм уу, гадагшаа зугтаасан ийм улсын Сангийн сайд ямар мэдээлэл хийсэн гэхээр “Манай улсын төрийн санд өнөөдөр ердөө 217 ам.доллар л үлдлээ” гэсэн мэдэгдэл юм. Дотроо самуунтай, гадныхныг үзэж чаддаггүй ард түмнийг ийм л шившигтэй хувь заяа хүлээж авдаг юм байна, ердөө 217-хон доллартай улс шүү.

Гадаадын хөрөнгө оруулагчдын эсрэг байр суурьтай улстөрчид, иргэд, иргэний хөдөлгөөн ихтэй Монгол Улс өнөөдрөөс эхлээд тийм хэсгийнхнээ газар авахуулахгүй, дэмжихгүй байх хэрэгтэй юм байна. Хэрэв тэднийг өөгшүүлбэл Зимбабвегийн хувь заяа л хүлээж байна. Уржигдар гэхэд хэсэг нөхөд Төрийн ордон руу дайрлаа. Тэдний дотор сая төрийн өршөөлөөр шоронгоос суллагдсан Ц.Мөнхбаяр явж байна. Төрдөө баярлаж явах ёстой хүн гэж бодож явтал тэгдэггүй, тийм бодолгүй бололтой. Төрийн энэрэл хайр гэдэг зүгээр ч нэг ирдэг юм биш дээ. Их утга учиртай, гүн хүндэтгэлтэй хандах үйл явц юм. Улс орноо Зимбабвегийн замаар оруулахын төлөө зүтгэж яваа бол төрийн төмөр нүүр тийм хүмүүсийг хайрч жиндүүлэх л болно. Яагаад гэвэл эх орны чинь хөгжил дэвшилд хувь нэмэр, хөрөнгө мөнгөө оруулъя гээд ирж байгаа гадаадын хөрөнгө оруулагчдыг гутаан доромжилж, хөөж тууж буй үйлдэл бол эх орноосоо урвасантай тэнцэнэ. Дэлхийн хамгийн ядуу орон Зимбабвегийн НҮБ дахь төлөөлөгч хэдэн жилийн өмнө Давосын чуулганы индэр дээр (энэ чуулганд дэлхийн 180 орны төр засгийн тэргүүн, өндөр албаныхан ирсэн)-ээс “Өнөөдөр манай улсад секундэд гурван хүн өлсгөлөнгөөр үхэж байна, би энэ индэр дээр хэдэн минут үг хэлэв, тэр тоогоор хэдэн хүн өлсч үхэж байгааг хэлэхэд зүрх шимширч байна” гэсэн нь дэлхийг цочроосон юм. Иймдээ хүрсэн ард түмний эхний өдрүүдийн үйлдэл яг л өнөөдрийн манайхан жагсч цуглаж, Төрийн ордон руугаа дайрч, иргэний хөдөлгөөнүүд нь энд тэнд борооны дараахь мөөг шиг үржиж төр засгаа зүхэж эхэлснээр эхэлсэн байдаг юм шүү. Өнөөдрийн ардчилсан Монголд хүн үг хэлэх, жагсаж цуглах эрхтэй. Гэвч өнөөдөр Төрийн ордон руу дайрч буй иргэд шиг хүмүүсийг, иргэний хөдөлгөөнүүдийг өөгшүүлэн дэмжээд байвал, хэн нэгэн улстөрч тэдний ард зогсоод байвал нөхдүүд нэг л өдөр Баянхошууны эцэст шуудайтай элсэн далан бүхий хориглолт босгоод буу зэвсэг агсаад ард нь хэвтчихнэ. Тэгээд л иргэний дайн шүү дээ. Энэ бол сүржигнэл ердөө биш. Ийм үйлдлийг санхүүжүүлж, зорилгодоо ашиглахыг хүсэгсэд бүх газар байж байдаг. Буу зэвсэг, бөмбөг зэхээд Төрийн ордон руугаа халдсан ойрхны жишээ байна шүү дээ. Энэ чинь л эхлэл нь. Сүржигнэж байгаа юм ерөөсөө биш, амьдрал дээр ийм оролдлого хийгдээд эхэлснийг монголчууд сана.

Тэгэхээр монголчууд бүгдээрээ энэ бүгдээс урьдчилан сэргийлж, эх орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө санаа тавьцгаая. Бид гадаадын хөрөнгө оруулалтыг хөөн зайлуулж монгол төгрөгөө үнэгүйдүүлмээргүй байна. Өнгөрсөн хугацаан дахь уул уурхай, гадаадын хөрөнгө оруулагчдын эсрэг популизмын үнэ төлөөс юу байв гэвэл өнөөдөр монгол төгрөгийг 2000 төгрөг хүртэл унагасан явдал. Дэндүү их хор уршигтай төлөөс гэж үүнийг хэлнэ. Оюутолгой ид ажиллаж байх үед монгол төгрөгийн үнэ цэн 1300 төгрөг байсан юм. Дотоодын үймээн самуунтай үед барууныхан ямагт болгоомжилно. Ялангуяа хэн нэгэн УИХ-ын гишүүн эсэргүүцэн жагсч, тэмцэгчдийг удирдаад эхэлбэл тэгээд л хуурай өвсөнд шүдэнз зурсантай адил болно. Эцсийн дүндээ барууныхан бүгд дайжиж ойроороо Хятадын улаан төгрөг л манай гүйлгээнд орж ирнэ. Шулуухан хэлэхэд Монгол Улс үндэсний мөнгөн тэмдэгтээ юаниар солихоос өөр гарцгүй болно гэсэн үг.

Үе, үеийн Монголын эх орончдын бодож хүсч, тэмцэж босч, амь насаа өргөж байсан үйл хэрэг юу байсан гэвэл хоёр талд хашин орших Орос-Хятад гэсэн энэ их тэнгисийг хэрхэн гаталж дэлхийтэй харьцах вэ гэсэн тэмцэл байлаа. Энэ нь шинэ зуунд биеллээ олсон. Ерэн оны ардчилсан хувьсгалаас хойш биеллээ олж эхэлж байгаа гэж ойлгодог. Өнөөдөр энэ хоёр гүн тэнгисдээ живчихгүй гал голомтоо сахиж үлдэхэд барууны хөрөнгө оруулалт ус агаар шиг хэрэгтэй. Үүнийг л хаа хаанаа сайн ойлгоцгооё. Хөрөнгө нь байгаа газраа хүн цаг үргэлж хайрлан хамгаалж, харж хандаж байдаг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

“Гадаадын хөрөнгө оруулалтыг хөөн гаргаж баруун биднээс нүүрээ буруулах бол монгол төгрөг юаниар солигдоно” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы баасан
гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ дугаарт гарсан нийтлэл,
сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна. “Ми 8”
нисдэг тэрэгний ослоор нэг алба хаагч амиа алдаж, арван хүн гэмтсэн талаарх
мэдээлэл хэвлэгджээ. Энэ талаарх дэлгэнгүйг VII нүүрнээс уншаарай. А.Бакэй
“Сонгуулийн хэсгийн хорооны 50 хүртэлх хувь дээр гар тооллого давхар явуулна”
ярилцлага нийтлэгдсэн байна. Та энэ талаар “Өдрийн сонин”-ы II нүүрнээс
уншаарай. “Гарьд магнай”-гийн Удвал буюу О.Уранчимэгийн “Далайцэрэн та хоёрын
харилцаа хөндий, үнэмшилгүй байна гээд Ж.Бунтар найруулагч мөн ч их бухимддаг
сан” хэмээх сонирхолтой ярилцлага гарчээ. Энэ талаарх дэлгэрэнгүйг XIII
нүүрнээс унших боломжтой. “Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж
байдаг, нийгмийн нэгэн залуур чиг болж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар
нүүрт нийтлэлч П.Хашчулууны “Гадаадын хөрөнгө оруулалтыг хөөн гаргаж баруун
биднээс нүүрээ буруулах бол монгол төгрөг юанаар солигдоно” нийтлэл хэвлэгдлээ.
Улс төр нүүрнээс “Долоо хоногийн дараа ийм хуулиуд хэрэгжиж эхэлнэ” гэх хуулийн
төслүүдийг ойлглмтой байдлаар тайлбарлажээ. Энэ талаарх дэлгэрэнгүйг IV
нүүрнээс уншаарай. Уламжлал болон гаргадаг Улаанбаатарын амьдрал нүүрт “Дүрэм
зөрчсөн мотоцикль, машиныг цагдаагийн санаачилгаар ачна”, “Жишиг хороо
байгуулах” талаар сонирхолтой мэдээлэл багтжээ. “Спорт” буландаа С.Батцэцэгийн
“Тив, дэлхийн аварга болчихлоо. Одоо олимпийн аварга болох л миний туйлын
зорилго болоод байна” гэсэн чөлөөт бөхийн эргэн тойрондох сонирхолтой
ярилцлагыг уншаарай. Та энэ ярилцлагыг “Өдрийн сонин”-ы XII нүүрнээс уншаарай.
Эдийн засагт нүүрт Хүнс, хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга
Н.Ариунболд “Махны экспортоос тэрбум ам.доллар олох боломжтой” гэх ярилцлага
хэвлэгджээ. Мөн нийгэм буланд “Дэлхийн шилдэг улстөрчдийн жагсаалтыг АНУ-ын
Ерөнхийлөгч Барак Обама 59 хувийн саналаар тэргүүлсэн” талаарх сонирхолтой
судалгаа хэвлэгджээ. Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол
шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан,
“Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах
бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн
завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах
цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин
борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол
цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж
худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг
Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл
9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг
хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН
СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *