Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гадаад иргэнээс дээрэмдсэн 1.1 тэрбум төгрөгөөс 840 сая төгрөгийг нь хураан авчээ


Гадаадын иргэн бүлэг этгээдүүдэд 1.2 тэрбум төгрөгөө дээрэмдүүлсэн гэх мэдээллийг бид өчигдөр хүргэсэн. Улмаар цагдаагийн алба хаагчид шөнө ажиллаж, тухайн этгээдүүдийг илрүүлсэн талаар өнөөдөр өглөө мэдээлсэн билээ.

Тухайн хэргийн тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү “БНХАУ-ын иргэнийг дээрэмдсэн бүлэг этгээдийг шуурхай эрэн сурвалжилж баривчилсан. Тухайн этгээдүүдийг тухайн шөнөдөө баривчилж, саатуулсан. Өдгөө хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэж, мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байна. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Зохион байгуулалттай бүлэг дээрэм хийсэн этгээдийг 12 жил хүртэл хугацаагаар хорих заалттай” гэв.

Хар баг зүүсэн тэд 45 настай хятад иргэний гэрт дайран орж, түүний гар хөлийг хүлээд мөнгийг нь авч явсан байна. Гэмт этгээдүүд 1980-1990 онд төрсөн, 32-42 насныхан байжээ.

Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Н.Золбоо “Нэгдүгээр сарын 3-ны өдөр гадаад улсын иргэн их хэмжээний мөнгө дээрэмдүүлсэн гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид шуурхай ажиллаж, гэмт хэрэг үйлдсэн дөрвөн этгээдийг илрүүлэн саатуулсан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад, хэргийн газраас алдагдсан 1.1 тэрбум төгрөгөөс 840 сая төгрөг болон гар бууг эд мөрийн баримтаар хураан авч, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Иргэдэд бэлэн мөнгийг их хэмжээгээр авч явахгүй байхыг анхааруулж байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *