Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гадаад “ах” буюу УРИЛГАТАЙ ТҮРЭМГИЙЛЭГЧИД

Б.Цэнддоогийн “Соёлын довтолгоо: Анхны хэт гүрнээс сүүлчийн нүүдэлчин” (2008) хэмээх бестселлер бүтээлийг манайхан сайн мэднэ. Нүүдэлчин ардуудыгиргэншин суурьшуулах процессын хүрээнд өрнөсөн албадан соёлжуулах операци-соёлын довтолгооны хөгтэй, хөгжилтэй түүхэн дээр үндэслэн бичсэн уг бүтээлд монголчуудын оюун сэтгэлгээ, ёс сурталд гарсан шинэчлэл, хувьслыг сэтгэл хоногшим дүрсэлсэн байдаг.

Зохиогч уг сэдвээ гүнзгийрүүлэн ХХ зуун болон шинэ мянганы эхэн үеийн Монголын нийгмийн оюун санаа, соёлын хувьслыг үзүүлэх “Сайн эрээс хулигаан, коммунистаас жентельмэн. Монголын соёлын түүхийн альманах” бүтээлээ дуусган хэвлэлд шилжүүлжээ. Манай сонин уг бүтээлийн “Нүүдэл ба хүн”бүлгээс хэсэгчлэн толилуулж байна.

Чингисийн байгуулсан эзэнт гүрний өмнөх ба хойшхи түүхийг харахад тал нутгийн улс төрийн бодлого дахь гадаад хамсаатны хүчин зүйл тодрон харагддаг. Нүүдэлчид дотоодын асуудлыг өөртөө ашигтайгаар шийдэх боломж хомсдохын хэрээр гадны этгээдэд хандана.

Тэмүүжин хөвүүн Чингис хаан болох замынхаа эхийг Хэрэйд аймгийн тэргүүн Тоорил хаанд хандан “булган дах” бүхий бэлэг сэлт барьж дотоодын дайсныг даралцах хүсэлт гарган нааштай хариу авснаас эхэлнэ. Хожим түүнтэйгээ муудалцахын цагт өөр нэг гадаад хүчинд хандана.

Их гүрний дараахьзадралын үед Халх ба Баруун монгол хүчтэй хагаралдах болов. Эхэндээ тэд Төвдийн ламын шашныг “гадаадын зээл тусламж” маягтай ашиглахаар шийдсэн байдаг. Ойрдууд ч Халхыг дайлах үйлстээ Бурханыг туслуулахаар шийдэж, Лхаст ном үзэж, шашны том мяндагтан болсон Галданг тэргүүндээ залан хөдлөв.

Халхууд ч зүгээр байсангүй, энэ ба хойт насыг аврахаас гадна “ойрадыг дарахад хэрэг болно” гэж дэлгэрүүлсэн ламын шашны анхдугаар Богд юугаан “магнай дээрээ мандуулан” сөрөв.

Бурхад шавь нараа үл алагчлах учир хэнийг нь ч тал тохой татсангүй тул улаан, шарыг алаглуулсан Чингис хааны үр хойчис дэмий л хоорондоо алалцаад өнгөрөв.Гэвч цэрэг зэвсгийн тал дээр давуу Галдан сүүл сүүлдээ Халх руу цөмрөн халдаж, аллага таллага үйлдсээр цөмрөн ирлээ.

Монголчууд бие биеийнхээ өсөрхүү зан, хонзогнох, муу санах тал дээр гарамгай болохыг сайн мэдэх халхчууд сандралд орлоо. Нэгийгээ амьдаар нь чанах, насанд хүрэгчдийг тэрэгний дугуйтай чацуулан хядах мөртлөө өнчирсөн хүүхдийг нь учиргүй асрамжилж өсгөх энэ тэр гээд нэг нэгнийхээ хийсэн юмыг мэдэхгүй биш.

Халхууд Бурхан багшийн суурин төлөөлөгч хэмээн хоёргүй сэтгэлээр итгэсэн анхдугаар Богд Занабазартаа хамаг хувь заяагаа даатган мөргөхөөс гарцгүй болов.Халхын ноёд Манжид дагаар орох эсэх талаар Өндөр гэгээнээс асуусан байна. Сонголтгүй байдалд орсон Г.Занабазар дорхи тайлбарыг хийжээ. Улсын (Манж) хааны төр төвшинамгалан сайны дээр, бас түүнд бурханы шашин дэлгэрсэн ялангуяа Манжийн хааны эд агуурс нь тэнгэр лусын эд эрдэнэсийн хив хадаг, торго тэргүүтэн бүрдсэн их буянтай хаан мөний тул тэр зүгт явбаас төр тогтож хамаг амьтан жаргамуй” хэмээжээ.

ХХ зууны Монголын улс төр бол дотоод бодлогоо гадны тусламжаар явуулах эрмэлзлийн хамгийн том тусгал байв. 1911 онд Манж Чин гүрэн унасныг далимдуулан тусгаар тогтнолоо бүрэн сэргээн тунхаглахдаа Хаант орос улсыг голлон түших шийдвэр гаргасан байна. Хэдийгээр нүүдэлчин хэвшлээ хадгалан хөгжлөөс хоцрогдсон боловч, нэгэн цагттивээс тив дэмжсан их гүрнийг байгуулж, дэлхийн бодлогыг тодорхойлж ирсэн үндэсний хувьддараахь дүгнэлтийг хийжээ.

Монгол шиг вассаль улс эзэрхийлэгч гүрнийхээ сулралыг далимдуулан илэрхий тусгаарлах амархан. Гэвч түүний орон сууринг залгамжлан авагчид урдын тогтоцын санаархлаас хэзээ буцаж байлаа! Иймээс гадаад их гүрнүүдийн дэмжлэгчухал. Ингээд тэртээ арвангуравдугаар зуунд Тэмүүжинд гараа сунгасан Ван хааны орлогчоор Хаант орос, улмаар Зөвлөлт засаг тодорсон юм. Монголчууд ганцхан Орост хандаад зогсоогүй, Япон, Америкт хандан дэмжлэг хүсч байсан нь тэдний их гүрний үеийн бодлого санаархлаас уламжилсан холын стратеги байсан юм. Учир нь гадаад хамсаатнаа хянах, эгзэгтэй цаг үед түүнээс салахад тус болох шинэ маягийн “Жамуха анд”хэрэгтэйг санаж байлаа. Гэвч түүх арай өөрөөр бичигдсэн бөлгөө.

1911 оны хувьсгалаас эхлээд тусгаар тогтнолоо автономи болгосон, улмаар түүнээ сайн дураар устгахад хүрч Сю Шүжаны дэглэм тогтсон, тэгтэл Барон Унгерн хүрээг чөлөөлсөн, байдал өөрчлөгдөн Улаан арми орж ирээд большевик засаглал тогтоосон бүхий л явдал монголчуудын “дотоод асуудлаа гадаад харилцаагаар шийдэх” уламжлалын хүрээнд өрнөсний үр дагавар, бас тэр онцлогийг нь өгөөшболгон ашигласан их гүрний алхам болсон. Өөрөөр хэлбэл, Монгол орныг хэн ч цэрэглэн түрэмгийлж байгаагүй, харин ч өөрсдийнх нь дотоод зөрчил дээр тоглолт хийж, дотоодын дайсныг дарж өгөхөөр уригдан ирж, улмаар өөрийн хууль цааз, дэглэмийг тогтоож байсан юм.

Монголчууд дотоодын зөрчилдөөнөө гадны оролцоогоор шийдэж, үр дүнд нь хараат (буюу Вассал)дагуул (буюу сателлит) болсоор ирсний учрыг дараахь хоёр шалтгаанаас хайж болно.

Юуны өмнө асуудлыг зэвсгийн хүчээр шийдэхийг эрхэмлэнэ. Буулт, зохицол нь нүүн одож, асуудлыг газар зүйн хувьд шийдэх байдлаар хийгдэнэ. Талуудын эрх ашгийг дундажлан шийдэх, хожмын үр өгөөжийн төлөө буулт хийх, ухрах туршлага хомс. Өөр өөрийн санаа бодлыг зөв гэж үзсэн талууд хүч тэнцэхийн цагт гадны дэм, тусламжийг урьтаж авсан тал нь ялалт байгуулна.

Нөгөө талаас нүүдэлчид асар уудам орон зайд аялан амьдардаг, нийслэл болсон хүрээгээ ч нүүлгэдэг, төр, засгийн ордон болох хааныхаа гэрт дугуй хийгээд чирэн оддог ард түмэн. Нэг газар удаан тогтдоггүй гэсэн үг. Тэд бусад улс орныг эзлэхдээ ч тэндээ суудаггүй, дагаар оруулаад цаашлан оддог. Заримдаа хэзээ ч эргэж ирэхгүй. Ийм болохоор суурин хөгжилтэй улс гүрэн бусдыг эзлэн суухаас өөр утгаар дайн, байлдан дагуулалтыг ойлгож тайлбарлана.

Түүнчлэн Монголын хээр талын цагуур, байршил нь нүүдэллэн амьдрахыг хүмүүстээ тулгадаг. Тариалан эрхлэхэд хөрс цаг уур таагүй, худалдааны боомт болон хөгжинө гэхээр зам харилцаанаас нэн алсдуу. Тийм учраас нүүдэлчид нүүдэлчдээ эзлэх боловч нүүгээд явчихна. Нүүдэлчин биш гүрэн довтлон ирэвч тэгсгээд буцна,мал маллан амь зуух газар хайж ирсэн биш.

Ийм учраас гадны тусламж авч дотоодын зөрчлөө шийдэхэд амар байв. Гадаадын туслагч ирж дайсныг нь дарж өгчихөөд нүүж одно. Мэдээж шан харамж, тал засах, үнэнчээ илэрхийлэх ёслол байлгүй яахав. Тэгээд явж л таараа. Санаачилгаараа явахгүй юм гэхэд ган зуд зохицуулаад, тугалын бэлчээр, морины аргамжаа хомсдоод ирэхийн цагт явахгүй хаачих билээ! Бүр хөдөлж өгөхгүй бол тэрний цаана өөр нэг дайсан “туслах” ээлжээ хүлээгээд нүүж яваа юм чинь, “булган дах”-аа бариад гарахад хэрэг бүтэхгүй хаачихсан билээ.

Харин ойр байгаа, нэг дорын этгээд, ялангуяа сөргөлдөгч этгээд оройд суувал шууд дарамт учруулна. Харин алс холд суух өөр улсын хааны хараат вассал байвал тэд шууд ирээд дарлаад байхгүй. Хэний эрхэнд байгаагаа заримдаа мартана. Дэргэдийн өрсөлдөгч хийгээд төлөөний этгээдийг ньдээш матах, мэдээлэх замаар тэмцэлдэж бас болно.

Монголын төр засгийн байдал, олон түмний сэтгэл санаа, хааны ордны амьдралыг тагнахаар тавигдсан олон арван туршуулын ард Зөвлөлтийн аюулаас хамгаалах байгууллага зогсож байв. Ордны туршуулуудыг их төлөв доод зиндааны лам нар бүрдүүлж байсныг Л.Шинкарев тэмдэглэжээ. Монгол мэдээлэгчээс оросуудад1923 оны зургадугаар сарын 20-ноос долдугаар сарын 2-ны хооронд ирүүлсэн мэдээлэлд “…Автономийн үед засгийн эрхийг тэр чигээр нь лам нар авсан байжээ. Ордон (богдын.Б.Ц) илүү хүчтэй Засгийн газар болж, Засгийн газраа үл тоон хэрэгсэхгүй явдал олонтаа гарч байсан байна. Автономийг халсны дараа “Лам нарт захируулж байснаас хаа хол суугаа Хятадад захируулж байсан нь дээр” гэсэн үг сонсдох болсон. Бодвол, феодалууд нь лам нартайгаа тэмцэлдээд бүтээгүй учраас энэ үг гарсан бололтой” хэмээн тэмдэглэсэн нь байна.

Чухам ийм бодол санаа, түүнийг соргог ажиглан ашигласан хятадуудын үйл ажиллагааны үр дүнд монголчууд автономио “сайн дураар” устган, 1919 онд генерал Сю Шүжаны цэргийн дэглэм хүрээнд тогтсон бөлгөө.

Хэрвээ байдал өөр өөр эргэж, хэрэг бишидвэл түүнийг гэрээ хэлэлцээр, бусад бодлогоор зохицуулах ба бурхны хишиг болох байгаль цаг уур, түүнээс уялдсан амьдралын хэвшил нь янзлаад өгнө. Манж чин гүрний Вассаль явах хоёр зуугаад жилд Монгол газарт хятад маягийн иргэншил, тариалан зориут хөгжүүлэхгүй хазаарлах, нангиад цагаачид суурьшихыг хатуу хязгаарласан гэрээ хэлэлцээртэй байв. Харин ХХ зуунд Зөвлөлтийн дагуул улс байх үед монгол нутгийн цаг уур,хөгжлийн хоцрогдол зэрэг нь цагаан арьстнууд сайн дураараа суурьшихад хаалт хориг болж өгчээ. Монголчууд буруу тооцоо хийгээгүй аж.

Эдгээр хүчин зүйлүүд нь тал нутгийнхны улс төрийн шийдвэрт хүрэх гуравхан хувилбар болох “байлдан ялах”, “нүүн зугтаах”, “гадны хүчийг даган орж цэрэг-улс төрийн тусламж авах” эдгээрийн үндэс болсон байна…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *