Categories
мэдээ нийгэм

Г.Занданшатар: Бэлчээрийн доройтлоос сэргийлэх нь Монгол Улсын хөгжлийн суурь

УИХ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт-Малын эрүүл мэнд төсөлтэй хамтран “Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” сэдэвт үндэсний хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Монгол Улсын нийт газар нутгийн 73.8 хувь хөдөө аж ахуйн эдэлбэр бөгөөд үүний дийлэнхийг бэлчээр, хадлангийн зориулалтаар ашиглаж байгаа юм. Мөн мал аж ахуйн салбарт нийт ажиллах хүчний 30 хувь ажиллаж байгааг ч сүүлийн 20 гаруй жил уул уурхайн хайгуул, олборлолтоос үүдэн хөдөө аж ахуйн салбар эрсдэлд орж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ онцлов.

Тэрбээр, “УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо “Бэлчээрийн тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” чиглэлийг Засгийн газарт өгөөд ажиллаж байгаа. Манай орны нийт бэлчээрт хонин толгойд шилжүүлснээр жилд дунджаар 84.6 сая бэлчээрлэх боломжтой ч одоо 25.1 саяаар илүү байна. Бэлчээрийн даац хэтэрсэн, уул уурхайн хайгуул, олбололт өссөн зэргээс үүдэн бэлчээр доройтож, зарим нутагт нөхөн сэргэх боломжгүй байдалд хүрчээ. Монгол Улсын бэлчээрийн төлөв байдлын 2018 оны тайлангаар нийт бэлчээрийн 10.3 хувь нь дахин сэргэх боломжгүй болсон байна. Иймд бэлчээрийг ашиглах, доройтлоос сэргийлэх, сайжруулах, хамгаалах бодлого нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн суурь байх ёстой” гэлээ.

НҮБ-ийн Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа, “Малын тоо толгой өсч, бэлчээр доройтсны улмаас ямар сөрөг үр дагавар гарч байгааг та бүхэн мэдэж байгаа. Бэлчээрийн даац хэтэрсний улмаас хүнсний аюулгүй байдал алдагдан, бахархан дээдэлдэг өв соёл, уламжлал, амьдралын хэв маягт сөргөөр нөлөөлөх аюул ойрхон байна. Иймд эрүүл, үржил шимт хөрс, ус, биологийн олон төрөл зүйл зэрэг байгалийн үнэт нөөцөө зүй зохистой ашиглах талаар хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлага тулгараад байна” гэв.

Швейцарын хамтын ажиллагааны газраас Монгол Улсад хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн цөм нь бэлчээрийн зүй зохистой менежмент байсныг тус газрын захирал Габриелла Спирли онцлов.

Мөн монголын 200 мянга гаруй малчин өрхийн амьжиргаа бэлчээрийн мал аж ахуй дээр суурилж байгааг дурдлаа. Тэрбээр, “Анх гурван суманд хэрэгжиж эхэлсэн “Ногоон Алт” төсөл 126 сум болон хүрээгээ тэлж, 76 малчин өрхийг зохион байгуулалтад орууллаа. Мөн 140 суманд Сумын бэлчээр ашиглагчдын холбоо, 18 аймагт Аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо байгууллаа. УИХ-аас бэлчээрийн тусгайлсан хуулийг батлан мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийн суурийг тавих зайлшгүй шаардлагатай байна” гэлээ.

Хэлэлцүүлгийн үеэр Ногоон алт-Малын эрүүл мэнд төслийн мэргэжилтэн Д.Булгамаа “Монгол Улсын бэлчээр нутгийн өнөөгийн төлөв байдал” сэдвээр илтгэл тавьсан. Тэрбээр илтгэлдээ, Монгол орны бэлчээрийн талаас илүү хувь нь соргог төлөв байдлаа алдаж, доройтсныг дурдлаа. Гэхдээ бэлчээрийн зөв менежмент хэрэгжүүлж чадвал доройтсон газруудыг 10 жилийн хугацаанд сэргээх боломжтой гэдгийг онцолж байв.

Харин ХХААХҮЯ-ны Бодлого зохицуулалтын мэргэжилтэн М.Энх-Амар, “Монгол Улсын хөдөө аж ахуйн эдэлбэрт бэлчээр, хадлангийн талбай 112.1 сая га газар байгаа. Бэлчээрийн тухай тусгайлсан хуультай болсноор нутаг орны онцлог, бэлчээрийн даацад нь тааруулан зохистой ашиглах ач холбогдолтой” хэмээсэн юм.

Үндэсний хэлэлцүүлэгт 21 аймаг, 331 cумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Хүнс, хөдөө аж ахуйн удирдах газрын дарга болон малчин, тариаланчдын төлөөлөл нийт 850 гаруй хүн оролцож байна. Төлөөлөгч нар бэлчээрийн тухай хуулийн төслийг нэн даруй батлах шаардлагатайг онцлохын зэрэгцээ малын тоо толгойг цөөрүүлэх, улсын сайн, аварга малчин шалгаруулахдаа тоо бус чанарт анхаардаг байх зэрэг санал хэлж байлаа. Мөн малчдын өвөлжөө, хаваржаа болон сэлгээний газрыг эзэмшүүлэх, хадлангийн газрыг нийтийн эзэмшилд үлдээх, отрын бүсийн зохицуулалтыг тодорхой болгох, бэлчээрийн тухай хуульд говь, хангай, хээрийн бүсийг харгалзсан зохицуулалт хийхэд анхаарах шаардлагатай хэмээж байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *