Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Уянга: Улс үндэстэн талцах нь үндэсний дархлаанд шууд нөлөөлнө

Нийгэм судлаач, нийгмийн сэтгэл зүйч Г.Уянгатай ярилцлаа.


-Нийгэмд нэг улсыг хэт шүтэх эсвэл үзэн ядах гэх мэт хандлагууд ажиглагддаг. Жишээ нь, манай улсад Хятадыг муулах, Оросыг шүтэх хандлага байдаг. Энэ нь улс үндэстэн оршин тогтноход сөрөг үр дагавартай гэдэг. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Үүн дээр нийгмийн сэтгэл зүйн хэд хэдэн үзэгдэл явж байна. Жишээ нь, бүлгийн талцал явагдаж байна. Хятадыг үзэн ядах, Оросыг манай тал гэх төсөөлөл байгаа бол тухайн талцаж байгаа хүн өөрийгөө аль бүлгийн хүн гэж харж байгаа нь харагддаг. Үүнээс Монгол гэдэг эх угшлаа яриад байна уу, эсхүл өөр улсын эрх ашиг дээр талцаж байна уу. Талцлаас гадна коммунизмын үеийн бидэнд итгүүлсэн байсан мэдээллийн төөрөгдлийг давтан ярьж амилуулж байна уу гэдэг сэтгэл зүйн ялгаа ч харагддаг. Жишээ нь, бидэнд суулгаж өгсөн “Оросууд байгаагүй бол Хятад биднийг залгих байсан” гээд итгүүлсэн хуурамч мэдээллийн ажилбар хэдэн арваны турш хийж байсан. Энэ бол цэвэр нийгмийн сэтгэл зүйн ажилбар. Коммунизмын үед нийгмийн сэтгэл зүйгээр яаж тоглож байсан бэ гэхээр нэг дайсан үүсгээд, тэр айдас дээр нь бид танай тал гэж итгүүлж байсан. Дайсан бүтээх замаар өөрсдийгөө сайн гэсэн тодрол үүсгэж байгаа. Тэгэхээр бидний эрх ашиг энэ дунд байхгүй болж байгаа биз. Хоёр туйлын дунд бид байхгүй болох нь тэр.

Орчин үед хүмүүс утгыг нь ойлгохгүйгээр өмнөх үеийнхэнд итгүүлсэн зүйлсийг давтан яриад байдаг. Талцалыг нь дүн шинжлээд харахад Монгол гэх ижилсэлтэй учир бусадтай талцаад байгаа юм уу гэхээр бас үгүй. Бусдын эрх ашгийн төлөө туйлшраад байдаг. Ер нь судалгаа хийгээд харахад ингэж хоёр туйлаар талцаад байгаа бүлэг том юмуу гэхээр маш бага хувьтай байдаг.

Үндсэн цөм болох 90 гаруй хувь нь Монгол гэх ижилсэл дээрээ хэвээр байдаг. Харин талцуулж, хоч өгч, турхирдаг хүмүүс нь маш цөөхөн, гэхдээ сэтгэл хөдлөл нь сөрөг тул маш тод харагддаг. Тэд мөн цөөхүүлээ мөртлөө олуулаа мэт харагдуулах “нацист арга”-ыг ч хэрэглэдэг.

Иймэрхүү гадны мэдээллийн халдлага нь шинж тэмдгээрээ судалгааны эргэлтэд аль хэдийнэ орсон байдаг. Орчин үед “fact checking” гэж хэлэгддэг мэдээллээ нягтлах нь ямар хэрэгтэй байдаг гэхээр мэдээлэлд төөрөгдөхгүй байх нөхцөлийг бүрдүүлдэг. Энэ чадварыг барууны орнуудад арван жилд нь заадаг болсон.

-Сүүлийн үед “троллууд” гэж ярих болсон. Үүний улмаас тухайн хүнийг аялдан дагах, нөлөөнд автах нь их байна. Ер нь аливаа зүйлийг хүлээж авах, итгэн үнэмших байдал юутай холбоотой байдаг юм бол?

-Шинжлэх ухааны хэллэгээр “тролл” гэдэг нь арай өөр ойлголттой байдаг. Сэтгэл зүй нь хямарсан, нэг төрлийн сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг хэлдэг. Монголчуудын хэрэглээнд харин утга нь бусдыг төөрөгдүүлэх зорилготой хуурамч хаяг гэдгээр ойлгогдоод байдаг. Тролл хаягууд манайд маш ихээр байгаа. Манай хойд хөрш түүгээрээ хамгийн алдартай. Иргэдийг төөрөгдүүлэхийн тулд олуулаа эсэргүүцэж байгаа юм шиг эсвэл олуулаа дэмжиж байгаа юм шиг комментууд үлдээдэг. Хүмүүс мэдээллийг уншчихаад доор нь байгаа комментыг хараад дийлэнх сэтгэгдлийг иймэрхүү байдалтай байна гэсэн төсөөлөлтэй болчихдог. Хэдхэн коммент уншсан итгэл дээр нь дөрөөлөөд төөрөгдүүлээд байдаг. Мөн хувь хүн хуурамч мэдээлэлд итгэх шалтгаан нь хэд хэд байдаг. Нэг хувилбар нь итгэмтгий хүн байж болно. Уг нь сайн чанар боловч түүнийг далимдуулаад төөрөгдүүлдэг. Хуурамч мэдээнд хурдтай итгэдэг өөр бүлэг нь нийгмийн хямралд өртсөн байж болно. Ядууралд өртөх, ажлаасаа халагдах, бие нь өвчтэй байгаа, гутралтай байгаа гэх мэт эмзэг нөхцөлд байх үедээ хүн мэдээг нягтлахгүй, хуурамч мэдээнд автах нь өндөр болдог. Ийм нийгмийн нөхцөлийг ашиглаад биднийг талцуулдаг. Талцал нь монголчуудад ашиггүй. Тэгэхээр бид мэдээллийн боловсролоо нэмэгдүүлэх шаардлагатай байна.

-Ингэж талцах нь хүн амын сэтгэл зүй болоод үндэстний дархлаанд хэрхэн нөлөөлөх бол?

-Үндэстний дархлаанд шууд нөлөөлнө. Жишээлбэл, Монголын нутгаас гадна байгаа олон монголчууд байгаа. Өмнөд Монгол, Дээд Монгол, Буриад, Халимаг гэх мэт. Эдгээр монголчууд маань Монголд юу болж байна гэдгийг маш их сонирхож, сонсдог. Бид анхаарлын төвд нь байдаг гэсэн үг. Харин тэдний нүдээр харвал бид хоорондоо яг ямар утга учиртай, яах гэж зодолдоод байгаа нь ч ойлгомжгүй байдаг. Бид Монгол угсаатнуудынхаа манлайлагч байх үүрэгтэй байтал, сонин хэрүүл хийж хүчээ тарамдаад байдаг. Бид хүчээ алдаад байгаа гэсэн үг. Эв нэгдэлтэй байхыг яахав хуульчилсан байдаг ч, бид бас соёлруугаа өнгийж эв зүйгээ олж болно, жишээ нь хоёр хүн маргалдаж байлаа гэж бодоход ах захаа хүндлэх, Монголоо алдсан юм бэ гэх мэт хэм хэмжээний хэлцүүдээ ашиглаад эв зүйгээ олох боломжтой.

Манайх руу халдахдаа цочроодог мэдээ ихээр ашигладаг. Цочроодог мэдээнээс жишээлбэл хүүхэдтэй холбоотой юм уу, эсвэл ээжтэй холбоотой мэдээлэл байдаг. Бидний хувьд үнэ цэнэтэй болоод эмзэг сэдэв. Бидний үнэт зүйлийг бидний эсрэг ашигладаг гэсэн үг, мөн цочроох мэдээний түгээлтээ маш хурдтай сэвж хийдэг.

Жишээ нь, сүүлд өсвөр насныханд умайн хүзүүний хавдраас хамгаалдаг вакцин хийхийг эсэргүүцсэн нэг эмэгтэй шууд бичлэг хийгээд, бараг хоёр сая үзэлттэй болчихож байгаа юм. Тэр нь бол органик үзэлт биш. Манай улсад эрүүл мэндийн холбогдолтой мэдээллийг тэгж түгдэггүй, гэтэл тэр мэдээллийг жүжигчилсэн аргаар “хүүхдэд аюул” гэсэн өнцгөөр айдас дээр дөрөөлж итгүүлж байгаа юм. Хүн айхаараа маш хурдтай үйлдэл хийдэг дээ.

-Таны хувьд Монголын нийгмийн сэтгэл зүй ер нь хэр байна вэ?

-Нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлийн нэг бол төр засаг нь ойлгомжгүй байдаг явдал. Нийтээрээ дагана гэж хууль гаргадаг хэрнээ дарга нар нь дагахгүй, шийдвэр нь энгийн иргэнээ чөдөрлөх зорилготой болчихоод байдаг. Уг нь ардчилсан нийгэм гэж үндсэн гэрээгээрээ тохирчихсон байдаг. Тэгэхээр нийгэм ойлгомжгүй байдалд ордог. Нийгмийн сэтгэл зүй эерэг, даван туулах чадвартай байх, эв нэгдэлтэй байхад нийгмийн хэм хэмжээнүүд ойлгомжтой байх ёстой. Ойлгомжгүй байдал бол нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж, нийгмийн бухимдал өдөөдөг хамгийн том хүчин зүйлсийн нэг болдог.

Г.БАЛГАРМАА

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *