Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Г.Цоггэрэл: Монголчууд өөрийн өв соёл, урлагаар монгол хүн гэдгээ таниулж, дэлхийд гарна

Үндэсний урлагийн их театрын захирал, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэлтэй ярилцлаа.


-Танд Үндэсний урлагийн их театрын 70 жилийн ой болон баярын мэндийг хүргэе. Баярын өдрөөрөө юу хийж өнгөрөөж байна?

-Арванхоёрдугаар сарын 1-ний өдөр бол Үндэсний урлагийн их театр анх байгуулагдсан түүхэн өдөр юм. Түүх сөхвөл 1945 онд Эстрад дуу бүжгийн товчоо нэртэйгээр анх үүсгэн байгуулагдсан. Албан ёсоор ардын урлагийн уран бүтээлээр төрөлжиж эхэлсэн он цаг буюу 1950 оны 12 дугаар сарын 1-нд Ардын дуу, танцны улсын ансамбль нэртэйгээр үүсгэн байгуулагдаж байсан түүхтэй. Энэ жил театрын 70 жилийн ойн баяр тохиож үзэгчдэдээ тоглолтын хуваарь гаргаж толилуулж эхэлсэн боловч ковидийн үе гээд түр хугацаагаар хаагдсан байна.

Уран бүтээлчид маань өнгөрсөн 70 жилийн түүхэнд Монгол орныхоо нүүр царайг тив, дэлхийд сурталчлан таниулах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг нэр төртэйгээр биелүүлсээр ирсэн. Улс үндэстнийхээ дуу хуур, бүжиг наадмын шавхагдашгүй их өв, давтагдашгүй өвөрмөц бүхнийг ур чадвараараа харуулж, улс орныхоо урлаг соёлын нэр хүндийг өндрөөс өндөрт өргөж ирсэн байдаг. Монгол Улсын Үндэсний их театрын 70 жилийн түүхийг бүтээлцсэн бүх уран бүтээлчид, уран бүтээлчдийнхээ гэр бүлийнхэнд, хамт олондоо баярын мэндийг дэвшүүлж байна.


-Энэ жил Үндэсний урлагийн их театр шинэ байртай болох шийдвэр гарсан. Ажлын явц хэр байна вэ?

-Монголын Үндэсний урлагийн их театр нь 800 орчим хүний суудал бүхий найрал хөгжмийн тоглолтын танхим, 1500 хүний суудал бүхий дуулалт жүжиг, бүжгэн жүжгийн тоглолтын танхим, 2500 орчим хүний суудал бүхий бүх төрлийн тоглолт арга хэмжээ зохион байгуулах боломжтой танхимтай байхаар төлөвлөгдсөн бана. Зөвхөн нэг театрын байр биш шүү. Энэ бол Монгол Улсын гал голомт юм. Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгыннэршлийг өнгөрсөн 2016 онд Засгийн газрын тогтоолоор Монгол Улсын Үндэсний урлагийн их театр болгон өөрчилсөн.

Монгол Улсын Үндэсний урлагийн их театр нь эрдэм шинжилгээний бүхэл бүтэн судалгааг багтаасан агуулга өргөн хүрээтэй нэршилтэй болсон. Би 2012 онд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын даргаар ирснээсээ хойш төр уулзалт дээр төр засгийн тэргүүн хүмүүст санал хүсэлт тавьж, яриа хэлцэл болж байсан нь өдгөө ажил хэрэг болж нэршлээ солихоос эхлээд шинэ тусдаа байртай болох эхлэл хэдийнэ тавигджээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх санал хүсэлтийг маань хүлээн авч шийдэмгий зоримог алхам хийсэн нь Монголын ард түмэнд нэн тустай зүйл болж байна. Ингээд энэ оны дөрөвдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар Австрийн “Вагнер Биро” компанийнбуцалтгүй тусламжаар орчин үеийн тайзны технологийг манай улсад хийж өгч байгаа. Бид онлайнаар холбогдож хүлээн авахад бэлэн болж байна. Үндэсний их театрын шинэ барилгын эскиз эх зургийг Ариундэлгэр архитектор хийсэн. Энэ жил Соёлын бие даасан яам шинээр байгуулагдаж соёлын биет болон биет бус өвийг хамгаалах,байгалийн түүхийн музей, номын сан гэх мэтийг шинээр барихаар зоригтой шийдэл гарсанд баяртай байна. Монголын урлаг соёлын өмнөөс Ерөнхий сайдад талархмаар байна. Үндэсний урлагийн их театр бол Монголын ард түмэнд хамгийн хэрэгтэй гол вакцин. Монголчууд өөрийн өв соёл, урлагаар монгол хүн гэдэг дархлаагаа улам батжуулна.

Морин хуур, хөөмийгөөр “HU” хамтлагийнхэдэн залуус дэлхий нийтийн анхаарлыг татаж байлдаж дагуулж чадлаа шүү дээ. Үндэсний музейг харуулсан энэ том театр өв соёлоороо дэлхийд монголчууд танигдахаас бишнүүрс, алтаар хэн ч танигдахгүй. Шинээр баригдах гэж буй театр, музейн байр бол ард түмний өмч. Ирээдүйд үлдэх их театр юм. Монголын энэ театр баригдчихвал Европоос гадны зах зээлээс хөрөнгө мөнгө нааш орж ирнэ. Жуулчдыг татна. Үндэсний өв соёл бүгдийг багтаасан нь дотоод, гадаад зах зээлийг татна. Музей шиг маш сайхан театртай болно. Одоогоор Улсын драмын эрдмийн театр, Үндэсний урлагийн их театр гэсэн энэ хоёр том байгууллага тайзаа байнга булаацалдаж уран бүтээл хийж байгаа.

-Театрыг хэд хэдэн газар баригдахаар яригдаж байгаад Дэнжийн мянгын захын тэнд 10 га газар гаргав уу?

-Сүхбаатар дүүргийн 9, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийт 10 га газарт Үндэсний урлагийн их театр барихаар төлөвлөгдсөн. Энэ дагуу газар чөлөөлөлт явагдаж 6 га газрын гэрчилгээгээ авсан. Удахгүй газар чөлөөлөлт бүрэн хийгдэж дуусна. Манай улс өөрсдөө театр барьсан туршлага байхгүй учраас гаднаас зөвлөх авч ажиллуулахаар болсон байна лээ. Үндэсний Урлагийн их театрыг гурван заалтайгаар барилга байгууламж барихаар төлөвлөсөн байгаа.

-Театр улс оронд яг ямар хэрэгтэй юм гэж хэлэх хүмүүс байдаг л даа. Та энэ тал дээр хариулт өгөөч…

-Улс орон хил, хэл, мал гуравтайгаа байхад баян гэдэг. Монгол Улсад өнгөрсөн 100 жилд нэг ч театр баригдаагүй. Өөрийн гэсэн театргүй байна гэдэг нь эмгэнэл юм. Манай байгууллага бол Монгол үндэстний урлагийн гал голомт гэж хэлэгддэг. Үндэсний урлагийн их театр анх дан концертын бүтээл голлон тавьдаг байсан бол өнгөрөгч зууны наяад оноос Монгол ардын урлагийн өв сангаас төдийгүй өөрийн болон дэлхийн сонгодог нэрт уран бүтээлчдийн шилдэг туурвилыг тайзнаа хөрвүүлэн сэдэвчилсэн, түүхчилсэн бүтээл, ардын бүжгэн жүжиг, дуулалт бүжиг, орчин үеийн модерн бүжгэн жүжиг зэрэг томоохон бүтээл туурвидаг мэргэжлийн урлагийн байгууллага болсон л доо.Монгол Улс орчин үеийн шаардлага хангасан тенхик технологийн жишиг нийцсэн үзвэрийн байгууллага яг хэрэгтэй дутагдалтай байгааг олж харж төрөөс дэмжсэнд дахин талархлаа илэрхийлье. Ард түмнийг соён гэгээрүүлье гэвэл орчин үеийн шаардлагад нийцсэн театртай зайлшгүй байх ёстой.

-Танаар уран бүтээлийн сонин сайхан юутай байна. Энэ жил 70 жилийн ойн хүрээнд танай байгууллага үзэгчдэдээ олон бүтээлийг тавьж байгаа харагдсан?

-”Монголын их хатад” бүжгэн цомнолыг тайзнаа дахин тавилаа. Алтан ургийн хатдын алдар сууг гаргаж, монгол эмэгтэйн хүчирхэг суу дууллыг гаргаж тавьсан. Манай хамт олон дундаршгүй их эрч хүчээр уран бүтээлээ тавьж үзэгчдээсээ талархлыг үгс сонсч байгаа нь бахдалтай. Хамт олон гэдэг үнэхээр хүчтэй. Хамт олонгүйгээр ямар нэгэн ажлын биелэлт, төлөвлөгөө, Монгол Улсыг гадаадад сурталчилж буй үйл ажиллагаа бүхнийг төсөөлөх аргагүй. Манай театрын дэргэд “Монголын уртын дууны холбоо”, “Монгол хөөмийн холбоо”, “Монголын ястан үндэстний ардын богино дууны холбоо”, “Ардын бүжгийн нийгэмлэг” зэрэг уран бүтээлийн холбоод, төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байгаа. Төрийн гурван өндөрлөгийн албан ёсны үйл ажиллагаанд оролцохоос гадна гадаадын улс орнуудын ерөнхийлөгч, албан ёсны зочид гийчдэд тоглолтоо толилуулна. Монголын ардын урлагийг дэлхийн тавцанд шинэ төвшинд гаргаж тавихаар ажиллаж байна. Монголчууд театртай болсноороо Монголын үндэсний урлагийн ирээдүйд мөн ч том хөрөнгө оруулалт хийж байна даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *