ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамиртай ярилцлаа.
-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил түгээмэл байна уу. Үүнтэй холбоотой ослын мэдээлэл тасрахгүй юм.
-Их байна. Энэ оны эхний есөн сарын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 42760 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс сэргийлж, таслан зогсоосон. Ер нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсонтой холбоотой зам тээврийн ослын улмаас жилд 100-150 хүн нас бардаг тоон мэдээлэл бий. Ийм харамсалтай жишээ байхад л согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил гараад байна. Үүнийг таслан зогсоохын тулд Тээврийн цагдаагийн албанаас хяналт шалгалтыг эрчимжүүлж ажиллаж байгаа. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн шөнө л гэхэд 501 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг илрүүлсэн. Ердөө тавхан цагийн дотор шалгалтын ажиллагаа явуулахад 501 зөрчил илэрч байгаа юм. Согтуугаар жолооны ард суусан хэн нэгэн хутга барьсан алуурчинтай яг адилхан. 501 алуурчин хутга бариад гарсан гэсэн үг. Иргэдийн зүгээс архи уугаад жолооны ард суухгүй байх тал дээр хатуу анхаарах хэрэгтэй. Зам дээрх шалгалтын ажиллагааг эрчимжүүлснээр энэ төрлийн ослын дуудлага мэдээлэл буурсан үзүүлэлт харагдаж байна. Алба хаагчдын зүгээс гэрэл дохио зөрчсөн, нэгдүгээр эгнээгээр зорчсон, үзлэг оношилгоонд хамрагдаагүй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцох зэрэг зөрчлийг телекамерын хяналтаар илрүүлж ажилладаг. Тухайн тээврийн хэрэгсэлд яваа жолооч архи согтууруулах ундаа хэрэглэсэн үү, жолооч мөн үү гэх зэрэг зөрчлийг алба хаагч биетээр шалгаж илрүүлдэг.
-Тавхан цагийн дотор л 501 жолооч согуугаар замын хөдөлгөөнд оролцсон гэхээр өндөр үзүүлэл харагдаж байна. Сэрэмжлүүлээд байхад согтуугаар жолооны ард суугаад байгаа нь юутай холбоотой байна вэ. Та бүхний зүгээс шалтгааныг нь яаж харж байна вэ?
-Согтуугаар замын хөдөлгөөнд орсон жолооч баригдаад “Гэр ойрхон байсан”, “Дуудлагын жолооч дуудаад ирэхгүй болохоор барьж явсан” гэх тайлбар хэлдэг. Иргэдийн ухамсар муу байна л даа. Согтуу жолоочтой холбоотой эмгэнэлтэй ослууд ар араасаа гарч байхад үүнээс сэрэмжлэхгүй байгаа нь ухамсартай л холбоотой.
-Энэ төрлийн ослоос урьдчилан сэргийлэхэд иргэд аж ахуйн нэгжийн оролцоо хэрэгтэй байна уу?
-Тийм. Иргэд аж ахуйн нэгжийн оролцоо чухал. Хамт архи уусан нэг нь жолооны ард суухад ямар эрсдэлтэй учирч болох вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Мөн аж ахуйн нэгжүүд ч үйлчлүүлэгчдэдээ такси барьж явах, гэр бүлээсээ хүн дуудах, дуудлагын жолоочоос үйлчилгээ авах зэргийг анхааруулж байвал зүгээр. Өнөөгийн нөхцөл байдалд аваад үзэхэд үйлчилгээний газруудын олонх нь ариун цэврийн өрөөндөө дуудлагын жолоочийн зурагт хуудас л өлгөсөн харагддаг. Согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгжүүд үйлчлүүлэгчид нь хөдөлгөөнд оролцох явцдаа осол гаргаж болзошгүй байгаа учраас хамтарч ажиллаж сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг түлхүү өгөх хэрэгтэй.
Согтуугаар жолооны ард суух зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд аж ахуйн нэгж албан байгууллагуудын оролцоо үүнд чухал үр нөлөөтэй. Согтуу жолоочийн балгаар уй гашууд автаж байгаа олон зуун гэр бүл бий. Согтуугаар жолооны ард сууж өөрөө осолд өртөж бусдыг хохироож, өөрийгөө гэмтээсэн олон жишээ байгаа. Үйлчлүүлэгчдэдээ согтуугаар жолооны ард суухгүй байсныг анхааруулнаас учирч болох энэ бүх эрсдэлээс үйлчлүүлэгчээ сэргийлнэ. Энэ оны эхний есөн сарын байдлаар л согтуу жолоочийн ослын улмаас 45 хүн нас барсан үзүүлэлт бий. Үйлчилгээний байгууллагууд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх үндсэн хуулиар хүлээсэн үүргийн хүрээнд үүнд оролцох нь зөв. Оролцоо гэдэг нь ганц зурагт хуудас ханандаа өлгөөд өнгөрөх биш, үйлчлүүлээд гарах хүртэл нь осол аваарыг сэрэмжлүүлээд явах хэрэгтэй.
-Өөр нэг хөндүүр асуудал нь бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөж байгаа явдал. Үүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Энэ оны эхний есөн сард зам тээврийн ослын улмаас 604 хүүхэд бэртэж, 57 хүүхэд нас барсан харамсалтай мэдээлэл бий. Тэдгээрийн 51 нь орон нутагт, зургаа нь нийслэлд байгаа юм. Замын хөдөлгөөний дүрэмд 0-10 насны хүүхэд эцэг эх, асран хамгаалагчтай хөдөлгөөнд оролцохыг заасан байдаг. Шар дарцаг өргөж зам гарснаар жолооч нарт 150-200 метрийн зайнаас харагдаж, сургууль орчимд хүүхэд авто осолд өртөх тохиолдол багассан. 2019 оны хичээл эхэлсэн үеийг 2021 оны мөн үеийнхтэй харьцуулахад сургууль орчимд явган хүний гарц орчимд гарсан осол 32.5 хувиар багассан. Мөн эцэг эхийн эргүүл буюу “School Police” ажилласнаар осолд өртөх тохиолдол 45-50 хувиар буурсан үзүүлэлт бий.