Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Ням-Очир: Бууз, банш хазахын тоолонгоор олуулаа хүчирхэг болно гэсэн бэлгэдэлтэй

Төвөд судлаач Г.Ням-Очиртой Цагаан сарын талаар ярилцлаа.


-Бид баяр тэмдэглээд байдаг ч зарим заншлынхаа утга учрыг төдийлөн сайн мэдэхгүй байх нь ч бий. Та олон газраар явж, Цагаан сар үзсэн гэсэн. Хаагуур явж байв. Цагаан сарыг хэр олон оронд тэмдэглэдэг бол?

-Би Төвөд судлалын чиглэлээр судалгаа хийдэг учраас Өмнөд Монголд сүм хийд, буддын шашны уламжлалаар 10 гаруй жил судалгаа хийсэн. Өмнөд Монголд харчин, хорчингуудын Цагаан сарыг үзсэн. Ордост үзсэн. Дээд Монголд Лавран, Гүмбүм хийдэд Цагаан сар хэрхэн тэмдэглэхийг харсан. Цагаан сарын өмнө, хойно Бээжингийн Хаалттай хотын зүүн хойд талд байдаг Юнхэгүн хэмээх монгол сүмд Цагаан сарын шинийн 15-нд том цам гардаг. Тэр цамыг үзсэн. Өвлийн сүүл сарын 23-24-нд хийдэг Гал тахилга Ордост, Хөх хотод үзсэн. Энэ бол миний өөрийн хобби л доо. Монголын бурхны шашин соёл Төвөдийн Буддын шашинтай ямар холбоотойг судалдаг. Монгол Хималайн бүс нутгийн соёлын хүрээний улс. Өмнөд Монголд, Хималайн өвөрт Ладак, Непал, Бутанд ч Цагаан сар тэмдэглэдэг юм билээ. Өөрсдийн Цагаан сарыг өмнөд монголчууд, дээд монголчуудынхтай харьцуулж үзэхээр эрс өөр байдаг. Ялангуяа 1990 оны Ардчилсан хувьсгалаас хойш манай Цагаан сар их өөр болсон.

-Ингэхэд Цагаан сарын үүслийн талаар та юу хэлэх вэ?

-Цагаан сарын тухай Ордост маш сонин тоолол бий. Ер нь Цагаан сар болоод түүнтэй төстэй энэ баяр бол сарны тоолол буюу Калачакра дандар Зилуба бандида Шамбалын орноос авчирснаас эхтэй гэж үздэг эрдэмтэд бий. Зарим нь Ашок (Гаслангаас нөгчсөн хаан гэж монголчууд нэрлэдэг) хааны Буддын шашныг тэлэн дэлгэрүүлж, Грек Ромтой хил залгасан МЭӨ I зуунаас эхлэн тэмдэглэсэн ч гэх үзэл бий. Цагаан сарын баяр юугаараа онцлог гэхээр монголчуудын ид хүчирхэгжиж байх үеийн ул мөртэй их холбоотой. Ялангуяа Төвөдөд саяхныг болтол хаврын тэргүүн сарыг Хорда буюу Монгол сар гэж нэрлэдэг байсан ч тун саяхнаас Лосар гэж нэрлэх болжээ. Хубилай хаан Бээжинд төвлөөд, Шар зурхайн ёсоор тэмдэглэж эхэлжээ. Хятадууд маш их ажилладаг, хол явж ажил хийдэг хүмүүс. Цагаан сараар тэднийг гэрт нь хариулж амраадаг байжээ. Нийтээрээ Цагаан сараар нэг нас нэмлээ гэж үздэг, нийтээрээ сар амардаг тогтолцоог Хубилай хааны үед бий болсон гэж үздэг юм билээ. Хятадууд жилдээ нэг л удаа амардаг. Бидэн шиг байсхийгээд ийм, тийм баяр тэмдэглэж амардаггүй.

Чингис хаан ч Ази дорно дахинд урд төрсөн том хаадаас үлгэр жишээ авч байсан болов уу. Чингис хаан сарны тоолол баримталдаг Хималай, Төв Азийн ард түмэнд том нөлөө үзүүлсэн. Монголчууд Цагаан сарын баярыг Чингис хааны үеэс өөрийн гэсэн онцлогтой тэмдэглэдэг болжээ. 1207 онд монголчууд баруун хойд Хятад болон Төвөдийн зарим газар нутгийг эзлэн оршиж байсан Тангудыг дайлах аян дайныг эхэлсэн байдаг. Төвдийн сүм хийдийн алтадсан дээврийг алт гэж бодоод, хуулж авчирч, 100-гаас дээш настай хүмүүстээ аяга хийж өгсөн гэдэг. “Амьд явбал алтан аяганаас ус ууна” гэдэг үг энэ үйл явдлаас улбаатай. Цагаан сарын баярын гол утга учир ийм. Хамгийн өндөр настай хүндээ хүндэтгэл үзүүлдэг. Цагаан сараар хүн бүр нэг нас нэмлээ гэж үздэг. 100 Цагаан сар үзсэн хүн бусдадаа хамгийн их хүндлэгддэг. Анагаах ухаан төдийлөн сайн хөгжөөгүй, дайн тулаантай үед 100 насална гэдэг гайхамшиг. Өмнөд Монголын Зүүн тал руу харчин, хорчингуудын Цагаан сарыг үзсэн. Хамгийн өндөр настай хүндээ ойр хавийн бүх хүн очиж, хүндэтгэл үзүүлдэг. Зүгээр л хөлд нь мөргөөд, адис авдаг. Тан шиг урт наслах юм сан гэсэн хүслээ илэрхийлж байгаа хэрэг. Түүнээс биш өндөр настан нь бэлэг өгөх албагүй. Бэлэг өгдөг заншил хэдийнээс эхлэлтэй юм бол гэж сонирхож үзсэн. Намайг бага байхад Цагаан сар ховорхон тэмдэглэдэг, малчдын баяр гэж үздэг байлаа. Үүнээс өмнөх Цагаан сар гэхээр 1911 онд Богд хаант Монгол Улс байгуулагдсаны дараа тухайн үеийн хэвлэлд нэг хүн гэрээ барьцаалж, Цагаан сар хийчихээд, Цагаан сарын дараа орон гэргүй болсон тухай мэдээлж байсан гэхээр тухайн үед Цагаан сарыг хөлтэй тэмдэглэж байсан бололтой. 1990 оноос Цагаан сарын хэлбэр өөрчлөгдсөн ч үндэсний хувцсаа өмсдөг, үндсэн агуулгаа сэргээж чадсан байгаа юм. Түүнээс өмнө нь Цагаан сар хориотой байлаа шүү дээ.

-Цагаан сарын зарим заншил дахин төрөхтэй холбоотой байдаг гэж та бичсэн байна лээ. Цагаан сарын зан үйлийн онцлог, ялгаатай зүйлс юу байв?

-Өмнөд Монголын зүүн хэсэг рүү маш олон хийд оронтой, бурхны шашинтай хүмүүс байдаг. Энэ хүмүүс битүүний шөнө бүгд гадаа гараад, тэнгэрт мөргөдөг юм билээ. Нутгийн лам, хувилгаан хүмүүсээс лавлахад “Энэ бол битүү юм буюу хүн эхээс төрж байгаатай адилхан зан үйл. Манай энд хятад, монгол хүмүүс зэрэгцээд амьдарч байна. Монголчууд гал тахидаг. Битүү юм хагарлаа, шинээр төрлөө гэж үздэг. Гэртээ орж шинэ дээл хувцсаа өмсөөд, өглөөний нар мандахад бие биетэйгээ баярлан золгодог. Гал тахилгын 23 буюу Цагаан сар болохоос долоо хоногийн өмнө галаа тахиж байгаа нь тухайн жилд нас барагсдадаа утаа галаар дамжуулан хооллож, баярлуулж байгаа хэрэг. Гал тахиснаас хойш долоо хоног БАРДО буюу зуурдад сууна. Энэ үед худалдаа наймаа хийхгүй, гэр орондоо ихэвчлэн суух бөгөөд битүүний шөнө битүү хагалж, дахин төрж байгааг бэлгэдэн, банш, бууз, хуушуур иднэ. Улмаар Шинийн 1-ний өглөө бүгд дахин төрсөн мэт яаран шинэ хувцсаа өмсөж, бие биетэйгээ золгож, нэг нас нэмдэг. Тэгэхээр бүгд Цагаан сараар төрсөн өдрөө хийдэг гэсэн үг. Хятад, Төвөд нийтээрээ энэ баярын хамгийн гол утга учир нь энэ. Манайд бол гал тахилга нь хотод мартагдсан. Баянхонгор, зарим хөдөө орон нутагт бол гал тахилга хийдэг л юм билээ. Аливаа соёл цулаараа оршин тогтнодоггүй. Талхан дээр масло, элсэн чихэр, жимсний чанамал түрхээд, хиам тавиад идэж байгаатай адил олон соёлын давхаргууд нийлж байж, соёл бүрддэг. Хятад, Төвөдийн соёл ч тийм. Зарим шашны соёл, зан үйл устаж үгүй болсон хэрнээ ой санамжид үлдсэн байдаг. Ялангуяа монголчууд олон бууз хийдэг. Бууз, банш хазахын тоолонгоор олуулаа хүчирхэг болно гэсэн бэлгэдэлтэй. Хүрээнд лам нар хохимой банш гэж хийдэг байсан нь дайснаа дарах бэлгэдэлтэй байж.

-Тавгийн боовны талаар бас асуух гэсэн юм. Хавсай, ул боов, баруун тал руугаа болохоор гүрмэл хийдэг нь ямар учиртай вэ?

-Байгаа газрын эдийн засгийн чадамжтай холбоотой болов уу. Дээд монгол буюу Цагаан сарын эртний хэлбэр төрхөөрөө байгаа газрын баярын гол бэлгэдэл бол дэлхийн хаад байсан хүмүүсийн баяр байдаг. Тийм учраас дээд монголчуудын Цагаан сар Төвөдийнхөөс өөр. Дээд Монголын Лавран, Гүмбүм хийд байдаг. Дээд монголчуудын ярьж буйгаар монголчууд бол хаадын хаад гэж үздэг учраас арслан (махир) хөлт ширээн дээр идээгээ засдаг гэнэ. Хаадын хаан буюу Загварвадын хаан, хүрдэн орчуулагч хаан өөрийн зочныг хэрхэн дайлж, цайлж баярлуулах адил тэмдэглэх учиртай гэж үздэг. Нэгэн цагт америкчууд шиг дэлхийн эзэн байсан монголчууд тэр хүчирхэг үеийнхээ ой санамжаар л тэмдэглэдэг хэрэг. Тавгийн идээний хамгийн гол хоёр зүйл нь Сүмбэр уул, Сүүн далай юм. Бид энэ тухай нэг их мэддэггүй хэрнээ зөнгөөрөө тавгийн идээгээ долоо юмуу есөн давхар засдаг. Энэ нь Сүмбэр уулыг бэлгэддэг. Халх монголчууд буудайн гурил худалдаж авах боломжтой байсан учраас хэв гаргаад ул боов хийдэг. Дээд монголчуудын хувьд тэр өндөрлөг газар руу гурил тээвэрлэх боломжгүй. Арвайн гурил дээрээ цэцгийн урлаг буюу ямааны дотор өөхийг өнгөнд оруулаад, гоё чимэглэж хийдэг урлаг байна. Арвайн гурилаа овоолж тавина. Эсвэл шар тосоор багсарч тавина. Дээд монголчууд бол Сүмбэр уулнааса шууд гараараа авч, тостой холиод зуураад идчихдэг. Сүмбэр уул нь ул боов, хавсай, арвайн гурил, тосон баримлын урлагийн гайхамшиг. Сүүн далайгаа Дээд Монголд бол таргаар төлөөлүүлдэг юм билээ. Халхад бол өвөл үнээ тугаллаагүй байдаг учраас сүү тараг элбэг биш. Сүүн далайгаа хонины ууц, үхрийн өвчүүгээр орлуулдаг юм байна. Далай учраас хондлойны хоёр бондгорыг тэгшилдэг шүү дээ. Заавал нүсэр хийх албагүй. Дээд монголчууд, өмнөд монголчууд иддэг хоол нь онцлогтой. Нэг их бууз идээд байхгүй. Гараараа гурилыг сунгасаар байгаад урт урт гурилтай шөл хийж иддэг. Үүнийгээ урт наслахыг бэлгэдсэн гэдэг. Дээд монгол, Хөх нуурын монголчуудын Цагаан сар тэмдэглэж байгаагаас үзвэл мөн л хамгийн урт настай хүмүүстээ хүндэтгэл үзүүлдэг, урт наслахыг бэлгэдсэн урт гурилтай шөл юмуу, эсвэл дахин төрж байгаагаа бэлгэдсэн битүү хоол иддэг юм билээ. Цагаан сар тэмдэглэдэг улсууд бол нийтээрээ нэг нас нэмж байна гэж бэлгэддэг. Дээр нь цам гардаг. Бээжингийн Юнхэгүн монгол хийд, хамгийн олон гэлэн сахилтай монголчууд суудаг хийдийн лам нар шинийн 15-нд цам гаргадаг. Энэ цамыг үзэх гэж олон хүн зорьж очдог. Энэ цамыг Лавран, Гүмбүм хийдэд ч харайдаг. Тухайн амьдарч байгаа газрынхаа уул ус, үхлийн эзэн Ямандаг бурхан, Эрлэг номун хаан гол дүр байдаг. Үхлийн дараах амьдралын тухай театрчилсан үзүүлбэр байхгүй юу. Үндсэндээ Цагаан сарын өмнөх Гал тахилгаас хойших долоо хоног, шинийн 15 гээд 21-22 хоног баярлаад, хэвийн амьдралдаа ордог.

-Цагаан сарын соёл, зан үйлд олон улсын нөлөө туссан байх нь. Орчин үед юуг нь авч үлдэх вэ, юуг нь орхих вэ. Та Цагаан сараар ямар зан үйлийг гүйцэтгэдэг вэ?

-Мэдээж ээждээ золгодог. Цагаан сар бол бидний Хятад, Оросоос өөр байх соёлын дархлаа юм. Л.Тэрбиш багшийн зурхайгаар зүг мөрөө гаргадаг. Олон жилийн турш хүн өөрийн хэр чинээ, соёлын онцлогт тохируулж тэмдэглэж иржээ. Христийн шашныхан хүртэл Цагаан сарын боовны адислага гэж хийдэг болсон байна. Сүмийнхэндээ, сүсэгтнүүддээ Цагаан сарын боов тарааж өгдөг болсон. Цагаан сарын боовыг авсаархан, амттай хийвэл яадаг юм бол. Соёлын бүтээлч үйлдвэрлэл хөгжүүлэхэд болохгүй зүйл байхгүй болов уу. Аливаа зүйл уламжлал шинэчлэл дээр тогтдог. Цагаан сарын бэлэг гэсэн ойлголт бий. Өөрсдийнхөө мөнгөний урсгалыг гадагш алдахгүйн тулд бэлгэнд бэлэн мөнгө өгдөг байвал зүгээр юм уу гэж боддог. Нэг хэсэг Цагаан сарыг айхавтар цамаан, гял цал хийдэг байснаа бодвол сүүлийн хоёр жил ковидын үед бидний чамирхал, хийрхлийн хөөс хагарч байна. Мэдээж Цагаан сараа сайхан тэмдэглэлгүй яах вэ. Үндэсний хувцасны хөгжил давхар явж байгаа. Цагаан сар ураг, овгийн баяр байдаг. Цагаан сар монголчуудын төрөх, үхэх, гэрлэх хүчирхэг байх, бүх хэлхээ холбоог зузаатгадаг байсан. Жилийнхээ ажил амьдралыг дүгнээд, овог аймаг доторх асуудлаа цуглаж хэлэлцдэг байсан. Шинэ жилээр бол ураг овгийнхон ах дүүс тэгж бөөнөөрөө цугладаггүй. Сүүлийн үед яригдаад байгаа цус ойртолтын асуудлыг ч цэгцлэх, ураг саднаа таних мэдэлцэх боломжтой баяр. Соёл ёс заншил, уламжлалын контентууд энэ үеэр цацагдаж байх учиртай. Цагаан сарынхаа утга учрыг сайтар тайлбарлаж таниулж байх шаардлагатай. Цагаан сар Буддын шашинтайгаа бас холбогддог. Монгол төрийн шүтээн Жанрайсагт очиж мөргөдөг байсан уламжлал тасарч байгаад сэтгэл дундуур байдаг. Энэ бол уламжлалт Цагаан сарын үнэ цэнийг асар их бууруулсан гэж үздэг. Хамгийн түрүүнд шинийн нэгний өглөө төрийнхөө шүтээнд хүндэтгэл үзүүлдэг хаант төрийн уламжлалтай. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөс эхлээд энэ уламжлалаа сэргээгээсэй гэсэн бодолтой байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *