Categories
мэдээ соёл-урлаг

Г.Мөнхцэцэг: “Болор цом” нийслэлд болно

МЗЭ-ийн гүйцэтгэх захирал, “Болор цом” наадмын тэргүүн шагналт яруу найрагч Гомпилдоогийн Мөнхцэцэгтэй уулзаж эл тодруулгыг авлаа.

-Монголын утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” наадамд сойх бүтээлүүдийг авч эхэлсэн гэж сонссон. Энэ жил хэдэн номинациар шалгаруулах товтой байна?

-“Алтан-Өд-2015” наадамд нэр дэвших бүтээлүүдийг энэ сарын 4-ний өдрөөс авч эхэлсэн байгаа. Энэ жил хүүрнэл зохиолын богино болон томоохон хэмжээний бүтээл, баримтат уран зохиолын бүтээл, жүжиг-киноны зохиол, хүүхдийн зохиол, утга зохиолын судлал, шүүмж, утга зохиолын орчуулга, яруу найраг гэсэн найман төрлөөр оны шилдгүүдийг шалгаруулж, цом гардуулна. Жүжиг-киноны зохиолууд тайз, дэлгэцнээ тавигдсан байх шаардлагатай. Төрөл тус бүрийн зөвхөн энэ онд хэвлэгдэж, тавигдсан уншигч, үзэгчдэд толилуулсан бүтээлүүд байх учиртай.

-“Алтан-Өд” хэдийгээр болох бол гэсэн уран бүтээлч, уншигчдын хүлээлт байгаа?

-Улиран буй 2015 онд Монголын уран зохиолын сор болсон ардын суу билигт олон сайхан зохиолч, яруу найрагчийн тэгш ой таширлаж байгаа. Монгол Улсын төрийн шагналт зохиолч, билгүүн номч Бямбын Ринченгийн мэндэлсний зуун жилийн ойг Монголын зохиолчдын эвлэл, Шинжлэх ухааны академи, орон нутгийн удирдах байгууллагууд хамтран өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Ирэх онд Монголын уран зохиолыг үндэслэгчдийн нэг, Монгол ардын суут хүмүүн, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний түүхт их ой болно. Монгол Улсын төрийн шагналт зохиолч, яруу найрагч Сормууниршийн Дашдооровын наян насны тэгш ой болж өнгөрлөө. Энэ олон суу билэгт зохиолчдодоо хүндэтгэл үзүүлж Монголын зохиолчдын байгууллага үүсэн бий болсон нэгдүгээр сарын 9-ний билигт сайн өдөр “Алтан-Өд” наадмаа явуулъя гэж МЗЭ-ийн Удирдах зөвлөл шийдвэр гаргасан.

-Наадмын бүртгэл хэдний өдөр хүртэл, хаана явагдах вэ?

-Бүтээлүүдийг энэ сарын хорин тавны өдрийг дуустал МЗЭ-ийн 206 тоотод бүртгэж авна. Бүртгэлтэй холбоотой зүйлсийг манай байгууллагын 327964 дугаарын утаснаас лавлаж болно.

-Оны шилдэг найрагч тодруулах “Болор цом” наадмыг ард түмэн жил бүр тэсэн ядан хүлээдэг. Гэвч, сүүлийн жилүүдэд түмний үзэх дуртай наадам маань хөдөө орон нутгаар нүүдэллэх болсонд гундуухан хандах болсон нь нууц биш. Энэ жил хаана болох бол?

-МЗЭ-ээс зохион явуулдаг “Болор цом” наадам сүүлийн жилүүдэд орон нутагт зохиогдсон нь үнэн. Тухайн орон нутгийн ард түмнийг уран зохиол, яруу найргаар соён гэгээрүүлэх, түрүү нийгмийн үед төр засгийн дэмжлэгтэйгээр түлхүү болдог байсан “Утга зохиолын өдрүүд”-ийг хамтатгах зорилгоор Өвөрхангай аймгийн Арвайхээр хот, Төв аймгийн Зуунмод хотуудад “Болор цом” наадам зохиогдож байсан. Ардын уран зохиолч, төрийн шагналтнууд, “Болор цом”-ын эзэдтэй уншигчдыг уулзуулах гүүр болсон ажлуудыг зохион байгуулахад орон нутгийн уншигчид таатай хүлээж авсныг дурдах учиртай. Энэ жил “Болор цом” наадам улсын нийслэл Улаанбаатар хотдоо болно. Монголын уран зохиолыг үндэслэгчдийн их ойнууд болж байгаа гэдэг утгаараа ч, ард түмний хүлээлт гэдэг талаасаа нийслэлдээ явуулах нь тодорхой байгаа. “Болор цом” хугацааны хувьд өмнөх жилүүдийн адил сар шинийн өмнө болно. Шинэ он гаруут шүлгүүдээ хүлээн авч эхэлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *