Categories
мэдээ цаг-үе

Г.Мөнхболор: Худалдан авах чадвар өндөр евро бүс Монгол ноосыг илүү сонирхдог

НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (НҮБАҮХБ) манай улсад Европын холбооны санхүүжилтээр “Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төсөл хэрэгжүүлж байна. Төслийн зорилго нь мал аж ахуйн гаралтай арьс шир, ноос ноолуур, мах, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг бий болгоно. Улмаар чанарын шаардлага хангасан түүхий эдийг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр хөдөлмөр эрхлэлт, малчдын орлогыг нэмэгдүүлэх юм байна. Мөн түүхий эдийн стандарт, боловсруулалтыг дэлхийн жишигт хүргэснээр экспортын хэмжээ өснө. Энэ талаар “Монгол Улсад хөдөлмөр эрхлэл-тийг дэмжих” төслийн зохицуулагч Г.Мөнхболортой ярилцлаа.


-НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагыг танилцуулна уу?

-Энэ байгууллага анх 1968 онд Монголд үнэт чулуу үйлдвэрлэлийн чиглэлээр төсөл хэрэгжүүлж байсан.Өнөөдөр Монгол Улсын харьцангуй давуу тал болох хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт анхаарал хандуулж эхэлсэн. НҮБАҮХБ Монгол Улс өөрийн арвин нөөц баялгийг ашиглан өндөр хөгжилд хүрэх боломжтой гэж үздэг.

-“Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслөө танилцуулахгүй юу?

-Төслийн зорилго Монголын мал аж ахуйн гаралтай арьс шир, ноос ноолуур, мах, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг бий болгоно. Ингэхдээ дэлхийн стандартад нийцсэн технологи, дүрэм, журам, менежмэнтийг энэ салбарт нутагшуулна. Ингэж байж өнөөдөр үнэгүйдээд байгаа хөдөө аж ахуй, мал аж ахуйн түүхий эд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болж дэлхийн зах зээлд гарах боломжтой болно. Төсөл энэ оны гуравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн. 2020 оны нэгдүгээр сард дуусна. Үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг Улаанбаатар, Дархан хотуудад, бэлтгэн нийлүүлэлтийн чиглэлээр Дорнод, Ховд, Хөвсгөл, Төв, Сэлэнгэ аймгуудад хэрэгжүүлнэ.

-Манай борлуулж чадахгүй байгаа мах, сүүг энэ төсөл хэрэгжсэнээр борлуулах чадвартай болно гэж ойлгож болох уу. Эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангачихвал манай мах, сүү хаана ч борлогдоно гэсэн үг үү?

-Тийм. Манай томоохон боловсруулах үйлдвэрүүд дээр үнэлгээ хийнэ. Олон улсын стандарт нэвтрүүлнэ. Нэвтрүүлсэн үйлдвэрүүдэд нь цаашид юу хийх талаар зөвлөгөө өгнө. Шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг нээнэ. Экспортод гаргахын тулд дулааны аргаар эсвэл вакумжсан боловсруулалт хийх зэрэг технологийн шийдлүүдийн талаар олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүд зөвлөнө.

-Монгол мах борлогдох гадаад зах зээл хэр их байгаа бол?

-Маш том зах зээл бий. Жишээлбэл, япончууд гэрийн тэжээвэр амьтны хоол ихээр авах санал ирүүлдэг. Сүүний хувьд тараг, бяслаг болгох замаар илүү их нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон экспортод гаргах гээд олон боломж бий. Гэхдээ энэ бүх бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд л гадаад зах зээлд гаргана гэвэл бүтэхгүй.Энэ бүхэнд сав баглаанаас эхлээд маш их зүйлийг олон улсын стандартад нийцүүлэх ёстой. Энэ бүхэн чамгүй өндөр түвшний менежмэнт шаардана. Төсөл хэрэгжсэнээр дээрх асуудал шийдэгдэнэ гэж найдаж байна.

-Арс ширний хувьд?

-Дархан хотод Дархан Минж компани хоёр үйлдвэрийг удахгүй ашиглалтад оруулах гэж байна. Гутлын үйлдвэр нь энэ есдүгээр сард ашиглалтад орно. Нөгөө нь арьс шир боловсруулах үйлдвэр.

-Арьс ширний үйлдвэрүүдийг “Цэвэрлэх байгууламжаа шийдэж байж үйл ажиллагаа явуул” гэсэн шаардлагыг” төрөөс тавьж байгаа. Энэ шалгуурыг хангасан уу?

-Арьс ширний үйлдвэрүүдийн гол асуудал цэвэрлэх байгууламж гэдэг. Харин энэ үйлдвэрүүд цэвэрлэх байгууламжаа өөрсдөө шийдэж чадсан гэсэн. Энэ нь Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа арьс ширний үйлдвэрүүдтэй харьцуулахад Дарханы үйлдвэрүүд экспорт хийх боломж өндөр байна гэсэн үг. Тиймээс Дархан минжийн үйлдвэрийг төслийн хүрээнд загвар болгож хөгжүүлнэ. Энэ үйлдвэр дээр байгаль орчны болон бусад стандартуудыг нэвтрүүлэхээр бид ажлаа эхэлсэн.

-Хүний нөөцийн боломж хэр байгаа бол?

-Хүний нөөцийн хувьд бид цахим болон анги, танхимын хосолсон сургалтыг явуулна. Хөтөлбөрөө монгол хэл дээр орчуулсан.

-Цахимаар суралцаад мэргэжил эзэмшиж болох уу?

-Бид арьс ширний үйлдвэр болон цэвэрлэх байгууламжтай холбоотой сургалт явуулсан. Гарын авлага гаргасан. Мэргэжлийн сертификат олгодог сургалт. Энэ сургалт хоёр цагийн хугацаатай. Гарын авлага монгол дээр байгаа болохоор компаниуд өөрсдөө сургалт явуулаад мэргэжилтэн бэлтгэж болно. Манай төслийн зүгээс есдүгээр сард энэ талаар албан ёсны сургалт зохион байгуулна. Онлайнаар ороод иргэд өөрсдөө хоёр цагийн сургалтад хамрагдаж болно.

-Онлайнаар суралцсан хүн сертификат авах боломжтой юу?

-Боломжтой. Онлайнаар сурчихаад тест бөглөөд, онооноос хамаарч сертификат авна.

-“Говь” компани “200 ажилчин сургаж авна. Гарааны цалин нэг сая төгрөг” гэсэн зар явуулаад хүн ирэхгүй байна гэсэн мэдээ байна. Энэ ямар учиртай юм бол?

-Мэргэжсэн ажилчны тухай асуудал байх. Орчин цагийн үйлдвэрүүд ихэнх нь автомат удирдлагатай. Тэгэхээр ажилчдаас өндөр чадвар шаардана. Бүтээмжийн хэрээр цалин авна.

-Дарханы үйлдвэрийн боловсруулсан арьс шир дэлхийн зах зээлд гарах баталгаатай юу?

-Гадаад зах зээлд гарна. Энэ үйлдвэрийн боловсруулалтын технологи нь хром, давсгүй. Энэ нь байгаль орчинд хоргүй, олон түвшинд хэрэглэдэг технологи учраас гадаад зах зээлд гарахад асуудалгүй.

-Төслийн хүрээнд хэр санхүүжилт хийх бол?

-Техникийн туслалцаа гэдэг утгаараа оюуны хөрөнгө оруулалт түлхүү хийнэ. Том тоног төхөөрөмжийн санхүүжилт байхгүй. Туршилтын бага оврын төхөөрөмж байж болно.

-Ноос ноолуурын салбарт ямар бодлого хэрэгжүүлэх вэ?

-Есдүгээр сард ноос, ноолуурын салбарт хэрхэн үнэлгээ хийх, ямар менежмэнт нэвтрүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэх, тулгамдсан асуудлыг хэрхэн шийдэх зэрэг асуудлаар зөвлөгөөн хийнэ.

-Хэн зөвлөгөө өгөх вэ?

-Олон улсад энэ салбарт хүлээн зөвшөөрөгдсөн, өмнө нь манайхтай төстэй орнуудад ажиллаад үр дүнд хүрсэн мэргэжилтнүүд ирж зөвлөгөө өгнө.

-Хөдөө аж ахуйн үнэгүйдсэн түүхий эдийг үнэд оруулахын тулд юу хийх ёстой вэ?

-Юуны өмнө үнэд бодит судалгаа хийх хэрэгтэй. Бид энэ судалгааг эхлүүлсэн. Ноос ноолууран бүтээгдэхүүнийг Монголд тодорхой хэмжээгээр үйлдвэрлэж байгаа. Гэхдээ бид хөрөнгө санхүүдээ тааруулаад одоогийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнд, цаг хөрөнгө зарахгүй. Шинээр юу хийж болох, технологи нэвтрүүлэх замаар нэмүү өртөг хэрхэн шингээж, гадаад зах зээлд гарах талаар судалгаа хийж байна. Дараа нь НҮБАҮХБ ямар түвшний тусламж, зөвлөмж өгөх талаар шийд гарна.

-Саяхан Хөдөө аж ахуйн бирж, Ноос ноолууран бүтээг-дэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо мэдээлсэн хийсэн. “Эрдэнэт хивс” компани малчид ноосоо үнэрхээд байвал шинэ Зеландаас хямд ноос авчих тухай мэдээл байсан.

-Миний мэдэхээр шинэ Зеландын ноос нарийн байдаг юм байна. Энэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хялбар, зардал бага байх.

-Монгол ноос үнэ хүрэхгүй гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болохгүй. Би Нидерландад магистыр хийж байхдаа Европын зах зээл тэр нарийвтар ноосыг биш, монгол ноосыг илүү сонирхдогийг олж мэдсэн.

-Дэлхийд худалдан авах чадвараараа тэргүүлдэг европчууд яагаад монгол ноосыг сонирхож байна?

-Далайн чийгтэй уур амьсгалтай бүсэд манай ноос илүү амьдрах чадвартай байдаг юм байна. Энэ чинь монгол ноосны зорилтот зах зээл байгаа гэсэн үг. Бидэнд бэлэн ноос нь байна. Европт бэлэн зах зээл нь байна.

-Боломжийг яаж ашиглах вэ?

-Ирэх долоо хоногт энэ чиглэлийн мэргэжилтэн Авст-ралиас ирж ноос, арьсны бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог яаж зөв болгох талаар зөвлөгөө өгнө. Яаж зах зээлд үнэ хүргэхийг зааж өгнө. Тэгээд ирэх жил баруун, зүүн бүсэд сургалт явуулна. Сонирхуулахад 26 мянган хоньтой Австралийн малчин ирнэ. Тэр хүн өөрийн ашигладаг орчин цагийн технологийг сонирхуулна.

-Жишээлбэл?

-Манайхны үсээ засдаг цахилгаан цэнэгтэй машинаар нэг хонины ноосыг хэдхэн минутад авчихдаг юм байна. Манай хонь дээр туршилт явуулна. Мал аж ахуйн түүхий эдийг орчин цагийн технологи ашиглан бэлтгэснээр хугацаа, хөрөнгө хэрхэн хэмнэх талаар загвар үзүүлэн хийнэ.

-Боловсруулсан арьс, ширний зах зээл хэр байдаг бол?

-“Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн холбоо”-той бид хамтран ажиллаж байгаа. Тэдний судалгаагаар дотоодод гутал үйлдвэрлэх томоохон зах зээл байна. Гутлын гадаад зах зээлийн гадаадад өрсөлдөх чадвар бидэнд одоохондоо байхгүй. Боловсруулсан арьсны хувьд Хятад, Турк, Итали, Энэтхэг авч байна. Удахгүй Энэтхэгээс бизнесмэнүүд ирнэ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *