Хөрөнгийн зах зээлийн судлаач Г.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.
-Эрдэнэс Таван толгойн 1072 ширхэг хувьцааг иргэддээ олгосон. Уг хувьцааны үр өгөөжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?
-Ашигт малтмалын тухай хуулийн 5.6 -д стратегийн орд газрыг эзэмшиж байгаа аж ахуйн нэгж нийт хувьцааныхаа хамгийн багадаа 10 хувийг дотоодын хөрөнгийн бирж дээр гаргах үүрэгтэй хэмээн заасан. Харамсалтай нь энэ заалтыг өнөөдрийг хүртэл хэрэгжүүлэлгүй явсаар ирлээ.Тиймээс нэн тэргүүнд дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлж, Эрдэнэс Таван толгой компани дотоодын бирж дээр 10 хувиа байршуулах, цаашлаад олон улсын бирж дээр гаргаж нээлттэй хувьцаат компани болгосны дараа хувьцааны үр өгөөж нэмэгдэх боломжтой.
-Эрдэнэс Таван толгой компанийн хувьцааг иргэдэд олгосноос хойш ямар үр өгөөж иргэд хүртэв?
-Иргэдэд 1072 хувьцаа олгосноос хойш оюутнуудын сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгалын төлбөрийг төлөхөөс гадна ахмадуудад бэлэн мөнгө тараасан. Ялангуяа сонгууль дөхөөд ирэхээр 1072 хувьцааны ногдол ашиг мэтээр иргэдэд бэлэн мөнгө тарааж, хувьцааг нь авдаг. Энэ бол иргэдийг төөрөгдөлд оруулж байгаа үйлдэл.Түүнээс өөрөөр яг хувьцааны ногдол ашгийг иргэдэд хүртсэн зүйл байхгүй. Бэлэн мөнгө тараах, зээл тэглэх, ямар нэгэн хөнгөлөлт үзүүлэх гэх мэт аргууд бол тухайн үедээ түр зуурын гал унтраах арга хэрэгсэл, улс төрийн тоглолт. Тиймээс урт хугацааны шийдэл бол олон улсын хөрөнгийн зах дээр нээлттэй компани болгох ёстой. Ингэж байж компанийн сайн засаглал бий болно.
Дотоодын хөрөнгийн зах зээл дээр хамгийн багадаа 10 хувиа гаргаснаар ямар үр дүн бий болох вэ?
-Үүний үр дүнд Таван толгойн ордыг илүү хурдтай, үр ашигтайгаар эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэнэ. Хамгийн гол нь гадны хөрөнгө оруулагчдыг тогтмол татах хэрэгтэй. Гадна хөрөнгө оруулагчдыг татахгүйгээр тус орд газрыг үр өгөөжтэй ажиллуулна гэдэг амаргүй. Хоёрдугаарт, ил тод байдлыг бий болгох хэрэгтэй. Мөн 1072 хувьцаа эзэмшиж байгаа иргэд хөрөнгөө эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бий болох юм. Тиймээс дотоод болон гадаадын хөрөнгийн зах зээлд хувьцаагаа гаргаснаар олон асуудлыг нэг үйлдлээр шийдэх боломж бүрдэнэ. Иргэддээ тараасан ЭТТ компанийн 1072 ширхэг хувьцааг үнэ цэнэтэй болгох нь Засгийн газрын үүрэг гэж хэлж болно.
Төрийн бодлого түмний сайн сайхны төлөө чиглэх ёстой гэсэн суурь зарчмаа харвал Таван толгой мега төслийг хөрөнгийн зах зээлээр дамжуулан үр өгөөжийг нь нийгмээрээ хүртдэг байхаар шийдвэрлэх нь зүй ёсны хэрэг болно. Ингэж хууль эрх зүйн орчны зохицуулалтыг хийснээр хөрөнгийн зах зээлийн хөгжлийг түргэсгэх, цаашлаад улс орны хөгжлийг хурдасгах боломж бүрдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.Хамгийн чухал нь Таван толгой төслийн үр өгөөжийг дотоодын хөрөнгийн зах зээлээр дамжуулан хүртээх боломжийг нээж өгснөөр дараа дараагийн стратегийн ордууд, мега төслүүдийг хөрөнгийн зах зээлтэй холбох жишиг тогтоно. Нийгэм өөрөө энэ замаар хөгжихийг хүсч шаардана. Дараагийн удаад илүү нарийн төлөвлөгөө, судалгаатай ажиллаж ашигт малтмалын ордуудаа хөрөнгийн зах зээлтэй илүү нягт холбож, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг түргэсгэх, иргэддээ баялгийнхаа эзэн суух боломжийг улам бүр өргөн нээж өгч чадна. Ингэснээр Азидаа тэргүүлэх “МЕГА хөрөнгийн зах зээл”-ийг хөгжүүлэх боломжтой болох юм. Эцсийн үр дүнд, Монголын эдийн засаг урт хугацаанд тогтвортой өсөн нэмэгдэнэ. Иргэд нь ч чинээлэг амьдарна.
-Ашигтай ажилласан бол хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг хүртээх нь зүйтэй байх. Гэтэл 1072 хувьцаа эзэмшиж байгаа иргэд жил бүр ногдол ашиг хүртэхгүй байгаа шүү дээ?
-Эрдэнэс Таван толгой компани ашигтай ажилласан жил нь 1-2 жил л байх. Миний санаж байгаагаар 2019 онд ашигтай ажиллаж бага боловч хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хүртээсэн санагдаж байна. Хамгийн гол нь тус компани нээлттэй засаглалтай биш учраас ашигтай ажилласан эсэхийг мэдэх боломжгүй байна. Магадгүй ашигтай ажиллах боломж байсаар байхад ашиггүй ажиллуулж байхыг ч үгүйсгэхгүй. Ногдол ашиг тараах эсэх тухай асуудал зөвхөн ашигтай ажиллаж байгаа тохиолдолд шийдэгдээд явна. Гэтэл ашигтай ажиллах нөхцөл нь бүрдээгүй байхад ногдол ашгийн талаар яриад нэмэргүй л дээ. 1072 ширхэг хувьцаа үнэ цэнэтэй болж, арилжаалах нөхцөл боломжийг бүрдүүлбэл Монголын нийгэм тэр чигтээ хувьцаа, хөрөнгийн зах зээлийг сонирхоно. Тэр үед нь мэргэжлийн компаниуд иргэдээ хувьцааны талаарх мэдээлэл, мэдлэгтэй болгох ажлыг нарийн төлөвлөгөөний дагуу чанартай хийж чадвал хөрөнгийн зах зээл, хувьцааны үр ашиг, өгөөжийг нийгэм даяараа харьцангуй богино хугацаанд ойлгож мэднэ. Ингэж иргэд байгалийн баялгийнхаа үр ашгийг жинхэнэ утгаар нь хүртэх боломжийг олж харснаар хөрөнгийн зах зээл дэх тэдний оролцоо улам бүр өсөн нэмэгдэнэ. Өнгөрсөн 20 гаруй жилийн турш ярьсан “олон нийтэд хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг, мэдээллийг түгээх” асуудлыг богино хугацаанд шийдвэрлэж чадна.
-Хувьцааг дотоодын болон гадаадын зах зээлд гаргах талаар олон жил яригдаж байгаа. Одоо болтол гаргахгүй байгаа шалтгааныг юу гэж харж байна?
-Олон ашиг сонирхол байж болзошгүй. Дээрээс нь иргэд хэтэрхий хүлцэнгүй байна л даа. Өөрсдийнх нь хувьцаа эзэмшдэг компаниас нь том хувьцаа эзэмшигчид нь үгсэн хуйвалдаж, бүлэглэл үүсгэж байгаад хулгай хийчихсэн байна. Жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ хүртэх байсан ашгийг тэд булааж хохироосон. Хэдэн сая иргэдийнхээ эрх ашгийг Засгийн газар гэх ганц хөрөнгө оруулагч уландаа гишгэж байна. Энэ бол ноцтой асуудал. Иргэд өөрсдийнхөө өмч хөрөнгийн төлөө дуу хоолойгоо хүргэх ёстой