Монголын чөлөөт бөхийн тамирчид ойрын хэдэн өдрүүдэд дэлхийн өнцөг булан бүрт болж буй тэмцээнүүдэд амжилттай оролцож, медалийн ургац арвинтай байна.
Хэдхэн хоногийн өмнө “Алтан гран при”-гээс манай чөлөөт бөхийн тамирчид хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн билээ. Мөн Б.Будаевийн нэрэмжит тэмцээнээс З.Занабазар алтан медаль хүртсэн.
Тэгвэл Д.Кунаевийн нэрэмжит Олон улсын тэмцээнээс Г.Мандахнаран, О.Үйтүмэн нар алт, Э.Бэхбаяр, П.Өнөрбат, Д.Гомбодорж нар хүрэл медаль хүртсэн сайхан амжилт үзүүллээ.
Казахстаны төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Социалист хөдөлмөрийн гурван удаагийн баатар, академич Динмухамед Кунаевийн дурсгалд зориулсан чөлөөт бөхийн III дахь олон улсын тэмцээн энэ сарын 26-27-ны өдрүүдэд тус улсын Жамбул мужийн Тараз хотын “Тараз-Арена” спортын цогцолборт болжээ. Нийт 100 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд Гүрж, Иран, Итали, Канад, Казахстан, Канад, Киргиз, Монгол, Тажик, Узбек, Украин зэрэг 11 орны 120 орчим бөх өрсөлдсөн байна. Жин тус бүрт түрүүлсэн бөхөд тав, мөнгөн медаль хүртсэн бөхөд 3000, хүрэл медаль хүртсэн бөхөд мянган ам.долларын урамшуулал олгосон аж.
Мөн жин тус бүрт түрүүлсэн бөхийн дасгалжуулагчийг 1000 ам.доллараар урамшуулсан байна. Манай бөхчүүд энэ тэмцээнд гурав дахь удаагаа оролцож 65 кг-ын жинд гавьяат тамирчин Г.Мандахнаран шувтаргын барилдаанд нутгийн бөх Д.Жумагазиевийг 4:3 онооны харьцаагаар ялж алтан медаль хүртлээ. Тэрбээр хоёр жилийн өмнө энэхүү тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан бол энэ жил түрүүллээ. Тэгвэл 86 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер О.Үйтүмэн шувтаргын барилдаанд мөн нутгийн бөх И.Азизовыг 11:7 онооны харьцаагаар ялж алтан медаль хүртэж, гайхалтай амжилт үзүүлсэн юм.
Харин 57 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Бэхбаяр, 74 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер П.Өнөрбат, олон улсын хэмжээний мастер Д.Гомбодорж нар хүрэл медаль хүртсэн юм. Э.Бэхбаярын хувьд өнгөрсөн жил энэхүү тэмцээнээс алтан медаль хүртэж байсан бол энэ жил амжилтаа хараахан давтаж чадсангүй. Гэсэн ч Монголын чөлөөт бөхийн тамирчдын ур чадвар хэрхэн өсч, дэлхийн хэмжээнд хүрч байгааг энэхүү тэмцээнд оролцсон тамирчид батлан харуулж чадлаа.
Монголын тамирчдын медаль хүртсэн барилдааны дүн
57 кг
1. Сана Артас /Казахстан/
2. Дильшод Мансуров /Узбек, дэлхийн хошой аварга/
3. Эрдэнэбатын Бэхбаяр /Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн III хэлтсийн дэд ахлагч, дэлхийн залуучуудын аварга/
3. Солтан Мохаммад /Иран/
65 кг
1. Ганзоригийн Мандахнаран /”Алдар” спорт хороо, ДАШТ-ний хүрэл медальт/
2. Даурен Жумагазиев
/Казахстан, азийн аварга/
3. Маркез Франк Чамизо
/Итали/
3. Ихтиор Наврузов /Узбек/
74 кг
1. Галымжан Усербаев /Казахстан/
2. Жигер Закиров /Казахстан/
3. Пүрэвжавын Өнөрбат /Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клуб/
3. Доржваанчигийн Гомбодорж /“Хангай” клуб/
86 кг
1. Оргодолын Үйтүмэн /“Аврагч” спорт хороо/
2. Ислам Азизов /Казахстан/
3. Дулат Аханов /Казахстан/
3. Дмитрий Рошнюк /Украин/
Н.Пунцагболд