Өнөөдөр буюу долдугаар сарын 31-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул /Лүн/, зүүн хажуугийн Балж,Онон /Дадал/, Их Хянганы нуруунаас эхтэй Халх, Хангай нурууны арын Хануй, Урдтамир, Хойттамир, Орхон /Хархорин/, өврийн Онги /Сайхан-Овоо/ зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдсэн байна.
Туул / нийт уртын дагуудаа/, Эг, Хэрлэн / дунд болон адаг хэсгээрээ/, Халх зэрэг голууд үерийн түвшинг 10-35 см, Туул /Лүн/, Хурх, Балж, Онон, Улз, Хэрлэн гол Мөнгөнморьт сум Багануур дүүрэг орчимд үерийн аюултай түвшинг 15-100 см даван тус тус хүчтэй үерлэж байна.
Мөн түүнчлэн Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Увс нуурын савын Хархираа гол үерийн түвшинг 5-20 см давсан байдалтай байна.
Маргааш буюу наймдугаар сарын 1-нд Халх гол Ялалт баг орчимд усны түвшин 15 см, Туул гол Лүн сум орчимд 5 см, Хэрлэн гол Өндөрхаан-Чойбалсан хот орчимд 5-10 см тус тус нэмэгдэх хандлагатай байна.
Иймд дээрх голуудын эрэг хөвөө дагуу суурьшиж буй малчид, аялаж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байж Ус, цаг уурын байгууллагаас өдөр бүр гаргаж буй мэдээлэл, сэрэмжлүүлэгийг байнга, онцгой анхаарч байхыг сануулж байна.